Ховдын мэдээ сонины “Ховдын бүсгүйчүүд” буланд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч ”Аж мандалт Ховд” ХХК–ийн захирал Баяраагийн Болорцэцэг уригдан оролцож сонирхолтой яриа өрнүүллээ.
Юуны өмнө манай сонины урилгыг хүндэтгэн хүлээн авсан таньд баярлалаа.
Таныг баруун хязгаарын хилчний гэр бүлд хилийн заставт төрсөн гэж сонссон юм байна. Төрсөн нутгаас тань эхлэн яриагаа өрнүүлэх үү?
Би Ховд аймгийн Булган сумын нутаг Гурван хүүхдийн застав хэмээх газар айлын ууган охин болж мэндэлсэн. Гурван хүүхдийн застав шигээ 3 хүүхэдтэй болохоор эцэг эх маань их л билэгшээдэг. Төрсөн нутаг маань Монгол улсын баруун хязгаарт БНХАУ-тай хиллэдэг бөгөөд говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Энэ сайхан нутагт Монгол улсынхаа ариун дагшин хил дээр төрсөндөө би үргэлж баярлаж, бахархадаг.
Гэр бүлийн орчин хүний ирээдүйн үзэл бодол төлөвшихөд нөлөөлдөг. Тэгэхээр улс орны дархан хилийн заставт төрж өссөн нь таны хувьд үнэхээр их аз завшаан биз ээ?
Тийм ээ. Би хүний амьдралын цаашдын зам мөр багаасаа амьдарсан орчин, бага байхад төлөвшсөн хүмүүжил, үзэл бодлоос эхлэлтэй гэж боддог. Миний аав М.Баяраа эх орныхоо дархан хилийн манаанд залуу идэр насаа зориулсан хилчин хүн. Би багаасаа л хил хязгаараа хамгаалсан олон сайхан хилчдийн дунд амьдарч, Хилчдийн эх орны тусгаар тогтнолын төлөө гэсэн зүрх сэтгэл, ажил хөдөлмөрийг харж “Би чинь хамгаалах эх оронтой хүн шүү” гэдэг бодол өвөрлөж өссөн юм. Энэ нь хожим миний амьдралын чиглүүлэгч болсон. “Эх орныхоо торгон хилийн манаанд алхаад марш” гэсэн энгийн бөгөөд аугаа энэ үг одоо ч миний зүрх сэтгэлд хадаатай байдаг.
Та хаана ямар улс оронд боловсрол эзэмшсэн бэ ?
Би анх хоёрдугаар сургуульд О.Балжинням багшийн ангид суралцсан. 1992 онд миний аав Баянөлгий аймгийн Цагааннуурын шалган нэвтрүүлэх боомтод томилогдон ажиллах болсноор би тэнд 10 жилийн сургуулийг дүүргэсэн. 1998 онд МУИС-ийн газрын тосны инженерийн ангийг аваад эцэг эхдээ хэлэлгүй ОХУ-ын Новосибирк хотын удирдлага, эдийн засгийн ангиар сольж билээ. Одоо бодоход энэ нь миний амьдралдаа гаргасан том шийдвэрүүдийн нэг байсан.
Гадаад оюутнуудтай хамт суралцаж байх үед тэдний ямар давуу талыг олж харсан вэ ?
Би 17 насандаа харь оронд бие даан амьдарч, Орос орны хэл соёлд суралцаж эдийн засагч мэргэжил эзэмшсэн нь оюутан насны минь хамгийн сайхан цаг үе. Орос хүмүүсийн давуу тал нь ном их уншдаг. Дэлхийн түүх, соёл, уран зураг, хөгжим гээд бүх зүйлээр биднээс илүү мэдлэгтэй гэдэг нь шууд анзаарагдаж байсан. Монголдоо 10 жилийн сургуулийг төгсөөд оюутан болоод Орос улсад суралцахаар очиход бидэнд тийм өндөр түвшний мэдлэг дутмаг байсан. Тийм ч учраас би ном маш их уншдаг болсон. Ном бол ертөнцийг харах цонх яах аргагүй мөн. Би одоо ч ном сэтгүүлээс хэрэгтэй мэдээллээ авдаг. Долоо хоногт заавал нэг шинэ ном уншдаг.
Та Орос хүний ямар зан чанарыг хүндэтгэдэг бэ?
Оросууд суралцах зүйл ихтэй, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг, нөхөрсөг, нийтэч, дуутай шуутай, нээлттэй хүмүүс. Орос хүний бусдад зөвлөж туслахыг эрхэм зорилгоо болгосон нээлттэй эрэлхэг зан чанар, тэндхийн орчин нөхцөл намайг бие хүн болж, үзэл бодол минь төлөвшихөд нөлөөлсөн гэж боддог.
Та мэргэжлийнхээ дагуу хэдэн жил ажиллаж байна вэ?
Би ОХУ-ын 1922 онд байгуулагдсан “Миль камбинат” үйлдвэрийн менежер, Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2003-2007 оны хооронд ажилласан. Түүнээс хойш бизнес эрхлэх нь миний мэргэжил болж өөрийн хувийн ”Аж мандалт Ховд” ХХК-г үүсгэн байгуулсан. Манай компани тавилга, хүнс гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Ургац муу жилүүдэд Монгол улс гурил будаагаа гаднаас авч иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангадаг. Ингээд л ОХУ-аас сайн чанартай гурил импортоор оруулж ирдэг болсон. Ажил хөдөлмөрөөрөө өөрийгөө дуудуулж явдаг хүмүүсийг гайхдаг байлаа. Гэтэл нэг л мэдэхэд би өөрөө баруун аймгууддаа “Гурилын Болороо” гэдэг нэрээр танигдах болсон доо.
Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Аливаа ялалт өөрийгөө ялахаас эхэлдэг. Өөрийгөө болон өрөөл бусдыг хохироохгүй алтан дунджийг баримталж ямар ч тохиолдолд тэнцвэртэй, тэгш байдлыг эрхэмлэн эвийг сахиж ирсэн. “Чи юу тарина, түүнийгээ л хурааж авна” гэдэг шиг бусдыг хүндэтгэж сэтгэлээсээ хандвал хүмүүс бас л тэгж хариу барина. Тиймээс би үргэлж бусдад туслахыг хичээдэг.
Өнөөдрийн нийгэм маш хурдтай хөгжиж байна, Та энэ хурдтай зэрэгцэж ажлаа хэрхэн амжуулдаг вэ?
Энэ зуун бүх хүнээс хурд шаардаж байна. Магадгүй өнөөдөр хэрэгтэй байсан зүйл маргааш хэрэггүй болж болно. Тиймээс цагийн юмыг цагт нь хийж дуусгахыг зорьдог. Үүний тулд би орой унтахын өмнө маргааш заавал хийх ёстой ажлаа бодож, төлөвлөдөг. Маргааш нь яг л төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ингэснээр ажил бүтээмж өндөртэй, хурдан явагддаг.
Та хэцүү үедээ өөрийгөө яаж ялан дийлдэг вэ?
Надад хэцүү үе ирвэл би надаас хэцүү, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй олон хүн энэ амьдралд бууж өгөхгүй болгож бүтээх гээд зөндөө л зүтгэж байна. Тэд чадаж байхад би бас чадна. Үүнээс доор мянга мянган хэцүү зүйл байдаг. Энэ юу ч биш. Надад илүү их боломж байгаа гээд бодохоор сэргээд л ирдэг. Хүмүүс энэ ч, тэр ч ажил бүтэхгүй байна гээд сэтгэлээр унаад явдаг. Гэвч түүнээс доор мянга мянган муу үр дүн гарч болох байсныг ухаарах хэрэгтэй.
Америкийн “Секрет” гэдэг номонд юуны тухай байдаг вэ? гэвэл “ Ижил ижлээ дуудна” гэдэг онолоор хүн юу бодно, юу сэтгэнэ, юу хүснэ түүнийгээ дуудаж байдаг гэсэн ойлголт байдаг.
Монгол хүн амны билэгээс ашдын билэг гэдэг. Энэ үнэхээр сургамжтай үг. Хүн үргэлж сайхан үг хэлж, сайн сайхан руу тэмүүлж явахад болохгүй, бүтэхгүй зүйл гэж огт байхгүй. Би өөдрөг үзэл хүнийг бэрхшээл, стрессээс салгаж, сэргэлт, ухаарлыг хайрладаг гэж боддог.
Таныг өнөөдрийн амжилтанд хүргэсэн түлхүүр юу вэ?
Аяга угааж байгаа хүн аяганыхаа тухай л бод гэдэгчилэн ажилдаа сэтгэл гаргаж бай. Би яаж ажилаа ахиулах вэ? гэж үргэлж бодож чин сэтгэлээсээ ажилдаа дурлаж, сонирхож, хичээхэд нэг л мэдэхэд тэр хүнд ажлын ард гарчихсан байдаг. Тиймээс хүмүүс аливаа бэрхшээлд шантрахгүй боломжийг харж мэдэрч сэтгэх, хөдөлмөрлөх хэрэгтэй.
Таны шинэ өглөө юунаас эхэлдэг вэ?
Би өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг нарандаа өргөдөг. Монголчуудын уламжлал, ёс заншил хэзээ ч мартагдаж, үгүй болох ёсгүй. Үр хойч бид чинь дагаж мөрдөх ёстой гэж боддог. Монголчууд их зөнтэй хүмүүс. Бидний өвөг дээдсийн уламжлал, үзэл бодол, мэргэн үгс, байгаль дэлхий цаг агаарыг шинжиж байсан нь одоо шинжлэх ухаанаар зөв гээд батлагдаад байгаа. Өглөө эрт босоод сайн зүйл бодож, нарандаа залбираад гарахад тэр өдрийн ажил бүтэмжтэй сайхан байдаг.
Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Эмэгтэй хүн дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтэх учиртай. Бүхний эхлэл нь эмэгтэй хүн, эх хүн учраас ухаантай, алсын хараатай байж үр хүүхдээ зөв төлөвшилтэй, ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг боловсролтой сайн хүн болгож өсгөх ёстой. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэгчилэн өөрийн амьдралын туршлага, мэддэг, чаддаг бүхнээ бусадтай хуваалцаж, бусдад туслаж, үлгэрлэж явах нь эмэгтэй хүнд, эх хүнд байх шаардлагатай эрхэм чанар. Мөн эмэгтэй хүн аливаа аюул эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадамжтай байгаасай гэж хүсдэг.
Та ямар хэв маягаар хувцаслах дуртай вэ?
Би заавал хээнцэр ганган байх албагүй гэж боддог. Энгийн хирнээ цэвэрхэн, өнгөлөг чөлөөт хувцасанд дуртай. Гэхдээ эмэгтэй хүн орчин нөхцөл, цаг агаар, хаана, юунд очих гэж байна вэ? Түүндээ тааруулж зохимжтой хувцасласан үедээ үнэхээр сайхан өөртөө итгэлтэй харагддаг.
Монгол дээлээрээ гоёдог уу ?
Үндэсний хувцасаа өмсөх их дуртай. Дээл, малгай, бүс гээд бүгдээрээ өөр өөрийн онцлог, өргөн утга агуулгатай. Монголчууд үндэсний хувцасаа өмсөхийн зэрэгцээ утга агуулгыг нь мэддэг байх хэрэгтэй.
Эмэгтэйчүүд үнэт эдлэл цуглуулах хоббитой байдаг шүү дээ. Таны хувьд?
Би оюутан байхдаа л үнэртэй ус, ээмэг хоёрыг цуглуулах сонирхолтой болсон. Dior-ийн үнэртэй усанд дуртай. Намайг оюутан болоход аав, ээж маань очир ээмэг бөгж авч өгсөн нь миний хувьд хамгийн үнэтэй, эрхэм зүйлсийн нэг юм. Би Очир, Хаш чулуунд маш их дуртай.
Та спортоор хичээллэдэг үү ?, спортын ямар төрөлд дуртай вэ?
Оюутан байхдаа Аеробекийг сонирхон хичээллэдэг болсон. Би мэргэжлийн багш биш сонирхогч. Гэхдээ 62-р байрны “Усан болор” төвд Аеробек зааж байгаа. Спорт нь хүнийг тууштай, тэсвэр тэвчээртэй, дайчин байхад сургадаг. Тиймээс би залуу хүүхдүүдийн хүсэл сонирхолыг нь дэмжиж, энэ спортоор эрүүлжихийг зорьж яваа хүмүүст туслах үүднээс үнэгүй биеийн хөдөлмөр эрхлэж байгаа юм.
Таны хувьд гэр бүлийн аз жаргал гэж юу вэ?
Гэр бүлийн халуун уур амьсгал, амьдралын аз жаргал хоёр биенээ ойлгохоос эхлэдэг. Аливаа зүйлийг ижил өнцгөөс харж, сэтгэхээс зөв харилцаа үүсдэг гэж боддог. Манай гэр бүлийн хувьд зав чөлөө багатай ч амралтын өдрөөр гэр бүлээрээ хооллож, хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэднийг сонсох дуртай. Сургууль, цэцэрлэг амрахаар хөдөө салхинд гардаг. Би хааяа гэр бүлийнхэндээ Орос хоол хийж өгөх дуртай.
Та өөрийн эрхэм гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
Миний хань Говьалтай аймгийн Хөх морьт сумын харъяат С.Ширбазар Барилгын салбарт “Элсэн морьт” ХХК –ийг удирддаг. Нефтийн бизнес хийж байсан. Том хүү Ш.Аз-очир маань прогресс сургуулийн 5 дугаар ангид, Бага хүү Ш.Няммэнд маань 3 дугаар ангид суралцдаг. Охин Ш.Биндэръяа маань цэцэрлэгт явдаг.
Том хүү Ш.Аз-очир маань 2015 онд гавъяат багш Д.Дашдондогийн нэрэмжит, ХоИС-ийн нэрэмжит математикийн олимпадад түрүүлсэн. Бяцхан хүүхдүүдийн минь амжилт, үйлс бүхэн нь миний бахархал.
Та хүүхдийнхээ хүмүүжилд хир анхаарал тавьдаг ээж вэ?
Хүүхдүүдэд Загасыг барьж өгөх бус, барьж авах аргыг нь зааж өгөх ёстой. Би хүүхдүүдээ өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилготой, хүсэл мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс ямар ч зүйлд хүүхдийн өмнө орж шийдвэр гаргаж, юмыг нь нэг бүрчлэн хийх гэж оролддоггүй. Харин хажуунаас нь зааж зөвлөн бүхнийг өөрөөр нь хийлгэхийг хичээдэг. Эцэг эх хүүхдүүдийн сайн зөвлөгч, чиглүүлэгч байж хүүхэд өөрөө бүтээгч байх ёстой гэж боддог.
Танай гэр бүл ямар хоолонд дуртай вэ?
Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх дуртай. Чацаргана, аарц, суль сульхирын гурил, мөөг гэх мэт эрүүл мэндэд сайн бүхнийг л авч хэрэглэхийг зорьдог. Хүүхдүүдийнхээ шүдийг эрүүл байлгахын тулд чихэр биш ааруул идхийг зөвлөдөг. Хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд чухал нөлөөтэй учраас химийн бордоотой олон төрлийн ногоо, хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж хугацаа, чанарын тэмдгийг нь хардаг.
Таны өвөөг Ховдын үе үеийн төгсөгчид андахгүй сайн мэднэ. Ямар зан чанартай хүн байв?
Миний өвөө Ч.Мудга нь багш захирал гэдгээрээ олонд танигдаж, хүндлэгдсэн хал нь гаднаа хайр нь дотроо, зарчимч нэгэн байсан. Олон хүний ажил амьдралын гарааг зөв эхлүүлсэн, шударга зан чанартай хүн гэж нутгийнхан нь дурсан ярьдаг. Миний бие сайн хүний үр сад гэсэн хүндлэлийг сонсох тусам өвөөгөөрөө бахархаж, тэр хүний ариун үйл хэргийг үргэлжлүүлэн зөв сайхан амьдрахсан гэж бодож явдаг.
Таны анх бизнес эхэлсэн үе , энэ цаг үеийн хооронд ялгаатай тал байна уу?
Намайг бизнесээ эхлэж байхад интернэт , цахим орчин хөгжөөгүй , дөнгөж орж ирж байсан. Харин одоо бол хурдтай, мэдээллийн өргөн цар хүрээтэй, хөгжил дэвшилд биднийг хөтөлсөн цаг үе болоод байна. Хэвлэл мэдээлэл, интернет, facebook-ийг ашиглаж бизнесээ өргөжүүлэх, олонд хүргэх, янз бүрийн санаа сэдэл авах өргөн боломж нээлттэй байна.
Шинээр бизнес эхлэхэд юуг анхаарвал зүйтэй вэ?
Бизнесийг эхлэхэд төлөвлөлт маш чухал. Хэзээ хаана хэнд хэрэгтэй вэ?, юунд зориулж юу хийх вэ? гэдгээ төлөвлөж, зах зээлийг судлах ёстой. Надад ямар бололцоо хүч байна, Хэнтэй ямар байгууллагатай хамтарч ажиллах боломж байна гэдгийг нарийн тооцоолж давуу талаа олж, өрсөлдөгчөөсөө ялгарах зөв тактик, зөв боломжийг гаргаж ирэх учиртай. Хүнд хүсэл эрмэлзэл, сэтгэл, чадвар байхад бүх зүйл болно. Ажил бүтнэ...
Таны хувьд бизнесээ өргөжүүлэхэд юу нөлөөлдөг вэ?
Бусдын төлөө сэтгэл гаргаж, бусадтай эвсэж нөхөрлөх нь маш чухал. Аливаа бизнесийг тэлж өргөжүүлэхэд түншийн харилцаа, найз нөхөд, танил талын холбоо чухал нөлөө үзүүлдэг. Хүний итгэлийг олох хийгээд алдахгүй дааж явах нь ажилд амжилт авч ирдэг. Миний гаргасан амжилт бүхэн түмэн олны минь буян. Бусдыгаа бодож чаддагт миний давуу тал оршдог. Зөвхөн өөрийн ажлыг бүтээхийн тулд бусдыг хохироож болохгүй. Харин бусдаас ялгарах давуу талыг бий болгоорой. Ингэж хичээвэл хаа сайгүй боломж байж л байдаг.
Та олон найз нөхөдтэй байх л даа тэднийхээ талаар ... ?
Ган болоход худгийн сайн танигдана. Гай болоход найзын сайн танигдана гэдэгчилэн цаг хугацаа урсах тусам нөхөрлөлийн үнэ цэнэ тодордог. Надад олон найз нөхөд байдаг. Тэдний дунд 20 жил нөхөрлөсөн нэгэн онцгой, эрхэм найз байдаг. Түүнийг Т.Болормаа гэдэг. Тэр надад хамгийн сайн зөвлөгч, шүүмжлэгч байж чаддаг. Түүнтэй хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд, дурсамж бүхэн минь надад нандин.
Ингэхэд та яагаад улс төрд орох болов?
Би Сургуулиа төгсөөд 13-14 жил хувиараа ажилласан. Одоо нас залуу байна. Эрч хүчтэй энэ залуу насандаа бусдын төлөө хийх, сэтгэлээрээ бусдад туслах боломж надад байна. Тиймээс би иргэдийн санал, үзэл бодлыг дээшээ уламжлах гүүр нь болохыг зорьж аймгийн ИТХ-д Бичигт багаас сонгогдон гарсан юм.
Улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд төрийн бодлого, зохицуулалт чухал нөлөөтэй. Миний улс төрд орсон шалтгаан бол эгэл жирийн иргэдийн дуу хоолой, хүсэл зорилгын биелэл байж, тэдний амьдралд бодит өөрчлөлт, дэвшлийг авч ирхийг хүссэн. Ялангуяа хүүхдийн боловсролд хүн бүр ач холбогдол өгөөсэй. Иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэглэх бодит мэдлэг мэдээлэлтэй болоосой. Би үүний төлөө ажиллах болно. Миний бие Бичигт багийн төлөөлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш чимээгүй алга болоогүй. Иргэдтэйгээ уулзаж итгэл сэтгэл нэгдэн хамтран ажиллаж байгаа.
Төлөөлөгчийн хувьд ард иргэдээс олон санал хүлээн авдаг байх. Сонгогдоод удаагүй ч иргэдтэйгээ хир ойр ажиллаж байна вэ?
Би сөрөг зүйлийг эерэг болгохыг хүсдэг. Иргэдээсээ авсан санал хүсэлтийн дагуу Бичигт баг дээр тулгамдаж буй асуудлуудыг ирэх 12 сард болох 2017 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгах санал боловсруулан ажиллаж байгаа. Үүнээс гадна Бичигт баг дээр гэр мэдээний төвийг сэргээж, худаг, трансматер зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж явна. Энэ бол төрийн зүгээс иргэдэд хийж буй ажил юм.
Харин Хувийн зүгээс 11 сарын 26 –ны өдөр ахмадуудын баярыг тэмдэглэх, залуучуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Ахмад болон залуучуудын санал, сэтгэгдлийг сонсож, хоёр үеийг холбож хамтран ажиллая гэж бодож байна.
Аливаа ажилд хандах залуусын хандлага, оролцоо ямар байдаг вэ?
Залуучууд ямар нэгэн ажлыг хийхдээ амар хялбар аргаар бүтээх эрмэлзэлтэй байдаг. Энэ нь маш буруу. Ямар ч ажлыг аргацааж болохгүй. Бүхнийг сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгвэл эх орноо зарж, худалдахгүйгээр хүн бүр сайхан амьдрах, хөгжих боломж байгаа. Ажлын байр байхгүй гээд тэнгэрээс юм унаж ирэхийг хүлээж хэвтэх бус өөрөө ажлын байрыг, орлогын эх үүсвэрийг бий болгож, хаа сайгүй байгаа боломжийг ашиглаж өөрийнхөө ирээдүйг өөрөө л бүтээх хэрэгтэй. Хүн мэдэхгүйгээс болж их зүйлээ алддаг. Тиймээс мэдлэгийн хүрээгээ тэлэх хэрэгтэй.
Таны бодлоор залуучууд цагаа үр дүнтэй ашиглахад юу туслах вэ?
Ном унших. Монголынхоо түүх, соёл, уламжлалд суралцах хэрэгтэй. Мөн маш олон амжилтанд хүрсэн хүмүүсийн туршлагыг судлах хэрэгтэй. Залуу хүмүүс оюунаа мэдлэгээр цэнэглэж байж хөгжиж дэвшинэ.
Тиймээс би энэ үеийн манлайлал, үлгэр дууриалал болсон залуучуудыг урьж Ховдынхоо, Бичигт багийнхаа залуучуудад лекцийг нь шат дараалалтай уншуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр залуучууд эхнээсээ л зөв чиглэл, зөв хүсэл эрмэлзэл, зөв зорилготой болно.
Энэ сонирхолтой лекцээ хэзээнээс эхлүүлэх вэ?
Монголын манлай залуучуудын GCI гээд төв байдаг. Тэр төвийн залуучуудтай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Хугацаа нь хараахан товлогдоогүй байна. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэй залуучуудын оюун ухаанд үнэтэй хөрөнгө оруулалт болохуйц лекц уншина. Би тэгж л залуучуудыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах бодолтой явна даа.
Чин сэтгэлийн гэгээн яриа өрнүүлсэн таньд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.