Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт Ховд нисэх онгоцны буудалд газардсан байна. Түүнийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн тэргүүтэй аймгийн удирдлагууд, бусад албаны хүмүүс Ховд нисэх онгоцны буудал дээр хүлээн авлаа. Мөн Баруун бүсийн тулгуур төв, олон ястны өлгий нутаг Ховд аймгийн төв талбайд цэргийн хүрээний ёслолын жагсаал жагсан хүндэтгэл үзүүлсэн байна. Үүний дараагаар Ховд аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнөө зочиллоо. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймаг орон нутгийнхаа цаг үеийн мэдээллийг хүргэн, Ховд аймгийн нийгэм эдийн засгийн байдал, Орон нутагт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, цаашдын зорилт, тулгамдсан асуудал, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 2016-2020 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулав.