УИХ-ын гишүүн О.Батнасан 2017 оны 02-р сарын 16-д Булган суманд ажиллаж Булган сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, уулзалтанд Булган сумын 400 гаруй иргэд, төрийн албан хаагчид оролцжээ.
Уг уулзалтанд УИХ-ын гишүүн О.Батнасан УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомж, түүний хэрэгжилт, ач холбогдлын талаар мэдээлэл хийн, Байтагийн боомтыг байнгын ажиллагаатай болгох, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 120 км замыг тавих, Хилийн боомтын татварыг багасгах тал дээр анхаарах талаар онцлоод 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийг 9 сараас өмнө ашиглалтанд оруулахаар ажиллаж байна хэмээлээ.
УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ, Ховд аймаг дахь Булган сумын нутгийн зөвлөлийн дарга, "Жаргалант Луу" ХХК-ны захирал Б.Ганзориг нар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал солилцсон байна. Тус уулзалтын үеэр Булган сумын Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Алтантуяа “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, н.Отгонбулаг “ЭМЯ-ны жуух”, Нэгдүгээр сургуулийн тогооч С.Оюунгэрэл, н.Зандан нар “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Ховд аймгийн баруун 3 суманд өвөлжилт хүндхэн байгаа. Тэр дундаа Булган суманд өвөлжилт хамгийн хүнд байна. Тус сум нь аймгийн төвөөсөө 380 км-ийн зайд алслагдсан, 2290 өрх, 9704 хүн амтай, 917 малчин өрх, 230526 толгой малтай юм. Өнөөдрийн байдлаар сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй цасны зузаан 35-80 см байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, "Торгон нутаг" клубын тэргүүн, "Минжит Булган" нутгийн зөвлөлийн дарга О.Батнасан санаачлан нутгийн малчид, ард иргэддээ туслах үүднээс хандивын аян зохион байгуулж аяны хүрээнд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Булганчууд нийтдээ 22,0 сая төгрөгийн мөнгөн хандив өргөснийг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан тайлагнаж, сумын удирдлагуудад гардуулан өглөө. Үүнийг 200 малчин өрхөд тусламж болгон олгох ба үүнээс гадна НҮБ-ын тусламжинд 436, МУЗН-ийн тусламжинд 220 өрх хамруулахаар болсон байна.
Энэхүү уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн маань сумын 70-аас дээш настай ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.