УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасан энэ сарын 15-ны
өдөр Мөнххайрхан суманд ажиллалаа. УИХ-ын гишүүний томилолтын баг бүрэлдэхүүнд
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус сумаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
Х.Болдбаатар, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс багтан ажиллав. Ажлын хэсгийн
бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын дарга Я.Очир, Засаг дарга Б.Батболд, ЗД-ын орлогч
дарга Ц.Ганболд нарын сумын удирдлагууд хүлээн авч уулзан сум орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцоод сумын иргэд
хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын үеэр УИХ-ын Гишүүн О.Батнасан өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн УИХ-ын
намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоол, гаргасан шийдвэр,
тэдгээрийн зорилго, ач холбогдол, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар
танилцууллаа. Тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа улсын эдийн засгийг сэргээх, хөрөнгө
оруулалт татах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, банк санхүү, татвар, нийгмийн
хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулсан хэмээн хэлсэн
үгэндээ онцлон тэмдэглэв.
Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчид,
төрийн албан хаагчдад хандан: Аймгийн ИТХ-ын байгууллагын бүтэц бүрэлдэхүүн,
ИТХ-ын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, шинэ санал санаачлага болоод 2016-2020 оны
үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, зорилго чиглэлийн талаар болон аймгийн ЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны
төлөвлөгөөнд тусгагдсан Мөнххайрхан суманд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын
ажлын талаар мэдээлэл хүргэлээ.
Энэхүү уулзалтын
төгсгөлд УИХ-ын гишүүн маань сумын 70-аас
дээш настай ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг
гардууллаа. Тэрбээр энэ сарын 21-ний
өдрийг хүртэл Ховд аймагт тусгай
хөтөлбөрийн дагуу ажиллана.