УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт өнөөдөр эхэллээ.
Уг сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар оролцож, сургагч багш, сургалтанд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүссэн юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: "Төлөөлөгч хүн гэдэг бол төр ард түмэн хоёрын гүүр болж ажилладаг хүн. Иргэд сонгогчдын өмнө юу тулгамдаж байна, амьдрал ахуй нь ямар байна, төрийн үйлчилгээ хэр хурдан шуурхай хүрч байгааг хамгийн хурдан мэдэрч, ажил хэрэг болгох үүрэг, хариуцлага Та бүхэнд байгаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, төлөөлөгчдийг сургах, чадавхжуулахад чиглэгдсэн энэ удаагийн сургалтууд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна" хэмээн онцоллоо.
Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын хичээлүүдийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Серикболат, Үндэсний сургагч багш Ө.Цогбадрах нар заан чиглүүлэх бөгөөд энэ ээлжийн сургалтанд аймгийн ИТХ-ын болон Жаргалант, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд сумын нийт 100 орчим Төлөөлөгчид оролцож байна.