Манай аймаг БНМАУ-ын Ардын
Их хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр
зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
шагнагдаж байсан бол өдгөө 43 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдаж, шагналыг гардуулах ёслол,
хүндэтгэлийн арга хэмжээ аймгийн төв талбайд боллоо.
Ёслолын арга хэмжээнд Монгол
улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
П.Цагаан, Зам тээврийн сайд М.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд
дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт,
Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн
дарга Д.Цэвээнравдан болон албаны бусад хүмүүс Ховд аймгаас төрөн гарсан алдар
гавьяатнууд, ард иргэд, албан байгууллага, сум бүрээс төлөөлөл ирж хүндэтгэл
үзүүлж энэхүү түүхэн баярт үйл явдлын гэрч болж оролцлоо.
Ховд аймагт төрийн дээд одон
“Сүхбаатарын одон” гардуулах Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг
Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Д.Чадраабал уншиж, Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга П.Цагаан Ховд аймгийн туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө.
Ховд аймаг Сүхбаатарын одонгоор шагнагдсан туг батламжийг Аймгийн удирдлагууд
хүндэтгэн хүлээн авч, хуран цугласан олны дундуур хуурайлан тойрлоо.