Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар
тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс
бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон. 2014-2015 оны ажлаараа Баянхонгор
аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд
аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, сум тус бүрийг
гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн байна. Баруун бүсээс
шалгарсан Ховд аймгийн Зэрэг сумын “Улсын тэргүүний сум”-ын шагналыг Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд гардууллаа. Зэрэг суманд болсон
шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн
ЗДТГ-ын дарга Б.Батмөнх болон албаны бусад хүмүүс, нутгийн иргэд оролцлоо.
Бүс нутаг дахь аймгийн удирдлагууд буюу бүсийн зөвлөл
тухайн бүсээсээ шилдэг сумаа шалгаруулж, Засгийн газарт санал болгодог. Дөрвөн
бүсээс шалгарч ирсэн сумдын үйл ажиллагаатай Засгийн газар танилцаж ажлыг нь 20
орчим үзүүлэлтээр шалгаруулдаг. Ховд аймгийн Зэрэг сум гол үзүүлэлтүүдээ иж
бүрэн хангасан, эдийн засгийн өсөлт сайн, малын тоо толгой тогтвортой өссөн,
жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж ажилласнаар иргэдийн хөдөлмөр эрхлэх
боломж нэмэгдсэн байна.
Ховд аймгийн Зэрэг сум эмэгтэй удирдлагатай цөөхөн сумын
нэг. Нийгмийн чиглэлийн ажлууд илүү сайн хийгддэг, эрүүл мэнд, боловсрол болон
ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад түлхүү анхаарч
ажилладаг гэж аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлж байлаа.
http://www.khovd.gov.mn/