ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МААНЬ ЦАЛИНГҮЙ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭМЖЛЭГГҮЙ, МОНГОЛ ХҮНИЙ ЖУДГАА БАРЬЖ АЖИЛЛАЖ ИРСЭН.

2016-03-09

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа, та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.

2012 оны орон нутгийн сонгуулиар бүрэлдсэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ ихэнх хугацааг өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд ИТХ юу хийж амжуулав? Таны хувьд бас энэ хугацаанд хурлыг удирдлаа шүү дээ?

2012 сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ гурван жилийнхээ ард гараад дөрөв дэх жилрүүгээ ороод ажиллаж байна. 41 төлөөлөгчтэй хурал анх бүрдэж байсныг та бүхэн мэдэж байгаа. 29-н төлөөлөгч тойргоос сонгогдон, 12 төлөөлөгч намын нэрийн жагсаалтаар орж ирсэн. Энэ төлөөлөгчид маань анхныхаа хурлаар аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлах үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталсан. Одоо эргээд харахад, бид сая аймгийн ИТХ-ын 10-дахь удаагийн хуралдаанаа хийлээ, 10 дахь удаагийн хурлаар дүгнээд үзэхэд аймгийнхаа ИТХ-ын үндсэн чиглэлийн хүрээнд батлагдсан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 гаруй хувийн биелэлттэй байсан. Энэ бол ерөнхийдөө тавьсан зорилтоо ямарч гэсэн биелүүлээд явж байна гэж үзэж байгаа. Энэ удаагийн аймгийн ИТХурлын бусад өмнөх хурлуудаас онцлог ялгаа нь юу байсан юм бэ гэвэл төлөөлөгчдийн тоо нилээн нэмэгдсэн энэ нь бол ард иргэдээ төлөөлөх чадвар сайжирсан тэрний хажуугаар хурлыг аль болох л ард иргэдийн дуу хоолойд тулгуурласан, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн байдлаар удирдаж, хуралдуулахад чиглэсэн явдал юм. Энэ чиглэлээр байнгын таван хороо ажиллаж, энэ хороондоо иргэдээс ирж буй саналыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчид маань тэр ажлыг судлаж өөрсдийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний идэвхи зүтгэл гаргаж ажилласны үр дүн болох аймгийн хурлаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр өнөөгийн хөгжил явагдаж аймаг орны маань өнгө төрх сайжирч тэрний хажуугаар эдийн засгийн болон дэд бүтцийн том том чухал бүтээн байгуулалтууд хийгдээд байна.

Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа заримыг нь онцолж тодруулахгүй юу? Жишээ нь иргэдээ ажил орлоготой болгох чиглэлээр ямар бодлого баримталж ажиллав?

Анх хурлын төлөөлөгчид бүрдээд юу хийснийг та бүхэн мэдэж байгаа. Төлөөлөгч бүхэн  өөрсдийг нь сонгосон ард иргэдтэйгээ уулзаж бид нар ирэх дөрвөн жилд юу хийх вэ, та бүхэн юу хийлгэмээр байна, та бүхний өмнө тулгамдаж буй ямар асуудал байна гэдгийг асууж эхэлсэн. Асуухын тулд энэ асуултыг зөвхөн нэг удаа асуугаад өнгөрчих биш байнгын ард иргэд саналаа хэлж байдаг нээлттэй утас 70452222, сум бүхэн иргэний танхим, аймагт иргэний танхим гэсэн байнга иргэдийг дуу хоолойг сонcдог байнгын объектуудыг байгуулж, иргэдэд тулгамдсан асуудлуудыг байнга сонсдог чихтэй болсон. Үүнийхээ хүрээнд иргэдээс гарсан саналуудыг багцлаад тодорхой хэмжээний асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй юмаа гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Эхний хамгийн том тулгамдсан асуудал нь юу вэ гэхээр ерөөсөө л газрын асуудал байсан. Иргэн бүхэн газрын тухай янз бүрийн асуудал ярьж байсан. Газрын зөрчлийн асуудлууд ч гэсэн тодорхой хэмжээнд хуримтлагдсан байсан. Газар бол амьдарлын үндэс гэдэг нь ойлгомжтой. Ингэхийн тулд бид хамгийн түрүүнд газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэг хүн их хэмжээний газрыг авчихсан хоёр, гурван жил юу ч хийгээгүй байж л байдаг, эзэнтэй л гэдэг юу ч хийдэггүй хоосон газрууд байсан. Бид бүтээн байгуулалтаа урагшаа явуулахын тулд тэдгээр газрын эзэдтэй уулзсан та бүхэн энэ газартаа юу хийх гэж авсан тэр зориулалтаараа ашиглаа, үгүй бол газрын тухай хуулиараа эргүүлээд хураалга гэсэн шаардлага тавьсан. Бид газрын шинэчлэлийн бодлогоо эхлүүлж байна гэдгээ хэлсэний үр дүнд иргэд өөрсдийнхөө хүчээр маш олон үйлдвэр үйлчилгээний газруудыг босгосон. Энэ гурван жилийн хугацаанд газар эргээд үнэ цэнэтэй болж иргэд өөрийнхөө авсан газрыг зориулалтаар ашигладаг болсон. Юу хийх гэж байгаа нь мэдэгдэхгүй хоосон газрууд байдаг байсан бол тэнд үнэхээр үндсэн зорилгоо хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлсэн. Энэ бүхний хажуугаар тодорхой хэмжээний ашиглагдахгүй байгаа газруудыг газрын тухай хуулиар нь шийдвэрлэж шаардлагатай хүмүүст нь олгож эхэлсэн. Ингэж бид газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй болгох том бодлогыг хэрэгжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгөтэй болгох бодлогын гол суурь засгийн газраас гаргасан 8%-ийн хүүтэй ипотекийн зээлтэй уялдуулсан орон нутаг иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр байсан. Аймгийн хурлын анхны шийдвэр бол газартай холбоотой “Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх тухай” гэсэн шийдвэр байсан. Зургаан байршилд, зургаан компанид орон сууцны хорооллыг барих зөвшөөрлийг энэ шийдвэрээр өгч байсан. Зургаан компани тэр зургаан байршилд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар иргэдэд зориулсан тохилог орон сууцнуудыг бариад тэр жилээ ашиглалтад оруулсан. Иргэд маань хувийн хөрөнгө оруулалтаар тохилог орон сууц барьж болдог юм байна, иргэд тэр орон сууцнаас хөнгөлөлттэй зээлээр орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгөтэй болж болдог юм байна, газар бас өөрөө үнэ цэнэтэй болдог юм байна гэсэн их бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм. Энэ бол бид бүхний шинэчлэлийн хүрээнд хийсэн томоохон нэг ажил байсан. Энэ орон сууцнууд бол зөвхөн Улаангом сумын иргэдэд зориулсан эд биш юмаа. Монгол улсын иргэн хэн ч болов ипотекийн зээлд хамрагдах эрхтэй, хөдөөгийн иргэд ч гэсэн хуримтлуулсан хөрөнгөөрөө энхүү зээлд хамарагдаж орон сууц худалдан авах боломжтой. Мөн бид цааш нь яаж хэрхэн хөгжих вэ гэдгээ бодсон. Зөвхөн улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үү гэсэн асуудал байсан. Үнэхээр эдийн засгийн хямралтай байгаа энэ мөчүүдэд бид орон нутгийг удирдаж байгаа үедээ улсын болон орон нутгийн төсвийн орлогод түшиглээд ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэх боломжгүй юмаа гэдгээ олж хараад аймгийнхаа ИТХ-ын 7-р хуралдаанаар түншлэлийн асуудлыг авч хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг авч хэлэлцээд бид хувийн хэвшилтэй ямар замаар түншлэх вэ? Хувийн хэвшилд байгаа хөрөнгө оруулалтыг яаж иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талруу нь хандуулах уу гэсэн бодлогоо томъёолсны үр дүнд төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогоо аймгийнхаа ИТХ-аар баталсан. Энэ бодлогын үр дүнд хувийн хэвшлүүд маань маш их бүтээн байгуулалтыг бий болгосон энэ бол бидний хийсэн бас нэгэн томоохон шинэчлэлийн бодлого байсан.

Энэ хугацаанд гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, үр дүн нь ямархуу байсан бэ? 80 гаруй хувийн биелэлттэй байсан гэж байна хийгдэж амжаагүй ямар ажлууд байна вэ?

Одоо бидэнд дахиад хагас жил гаруй хугацаа байна. Ихэнхи төлөвлөгдсөн ажлууд амжилттай явагдаж байгаа. Ялангуяа бид нар дэд бүтцийн салбарт ихээхэн анхаарал хандуулж ажилласан. Дэд бүтцийн салбар гэхээр цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, авто зам гэсэн асуудлууд орж ирж байгаа агаарын тээврийн асуудал ч энэ дотор явж байгаа. Ерөнхийдөө энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид шинэчлэлийн засгийн газартай хамтраад Улаанбаатар хоттой аймгаа холбох ажлыг эрчимжүүлсэн. Биднийг ирэхэд дөнгөж эхлээд барьж байсан Наранбулаг, үзүүрийн булгийн чиглэлийн 200 км зам ямар ч санхүүжилтгүй зогссон байсан. Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 80 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр энэ зам баригдаж дууссан. Үүнээс цаашаа Завхан аймгийн Сонгино чиглэлийн замын ажлыг эхлүүлээд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 2016 он гэхэд энэ зам ашиглалтад орох төлөвлөгөөтэй явж байгаа. Ямар ч байсан төв рүүгээ ард иргэдийгээ аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдох ажил шуурхай хийгдсэн энэ бол бидний хийсэн бас нэг том ажил. Дараачийн асуудал бол дулаан хангамжийн асуудал бас л тодорхой хэмжээнд гүйцэтгэлтэй явж байсан ашиглалтад ороогүй, ашиглалтанд орлоо гэхэд цаашид менежмент нь тодорхой бус дулааны эх үүсвэрийн асуудал явж байсан. Ганцхан зуухтай хүн бүхэн өөрийгөө биш паараа хөлдөөхгүйн тулд амьдардаг байсан энэ нийгмээс салахын төлөө бид гарч ирээд хамгийн түрүүн энэ дулааны станцыг ашиглалтад оруулахын төлөө бодлого, зорилтоо чиглүүлж гүйцэтгэгч компанид нилээн өндөр, хатуу шаардлагыг тавьж ажилласан. Ашиглалтад орохтой зэрэгцээд хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн. Хэрвээ дулааны станц ашиглалтанд ороод хэрэглэгч байхгүй бол ямарч ашиггүй хэрэггүй зүйл болж хоцорнодоо. Энэ зуухны хэрэглэгч нь бол нэгдүгээр дулааны станцын голоод хэрэглэдэггүй орон сууцны хороолол, 2-р арван жилийн чиглэлийн хэрэглэгчид бас 17-н алдартай хүйтэн орон сууцнууд л байсан. Энэ хэрэглэгчид дээрээ өргөтгөж шугамыг нь өргөтгөх замаар дулааны 2-р станцыг ашиглалтад ороод цаашид алдагдалгүй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж байна. Цаашдаа бид Цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэе гэсэн томоохон зорилго дэвшүүлсэн. Энэ бодлогын цаана хямд эрчим хүч хэрэглэж хэрэглээ, үйлдвэрлэлийн суурь өртөг багасахаас гадна шууд болон шууд бус байдлаар 200-300 шинэ ажлын байр бий болно. Үүний тулд бид ямарч гэсэн бүрэн эрхийнхээ хугацаанд гүйцэтгэгч компанийг нь олж чадлаа, хөрөнгө оруулагчаа тэд олж байна. Одоо зөвхөн хөрөнгө оруулагч маань ажлаа эхлэх л үлдээд байна. Хөрөнгө оруулагч маань урин дулаан орохоор ажлаа эхэлнэ гэсэн мэдээ өгсөн байгаа.

Шинэ он гарлаа, удахгүй монгол түмний сар шинийн баяр болох гэж байна. Өнгөрсөн оны хувьд ямар ололт, амжилттай жил болж өнгөрөв?

2015 он бол Увсчууд бидний хувьд бахархалт сайхан түүхт он жил болж өнгөрсөн. Энэ бол Увсын гаралтай ард түмний хэзээ ч мартагдашгүй 90 жилийн түүхт ой болсон. 2015 оныхоо ажлыг аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар бол 90 жилийн тэгш ойн дор бүхий л иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ хөрөнгө оруулалтуудыг Увс аймгийнхаа иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг бүх нийтээрээ шийдвэрлэх хөдөлгөөнийг өрнүүлж ажилласан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 90 жилийн ойг  угтан “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье”, “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ”, “Авто зогсоол, соёлтой үйлчилгээ”, “Ногоон байгууламж, ногоон хөгжил”, “Сэтгэдэг сургууль, бүтээдэг аймаг” гэх мэт урилга гарган 6 сарын турш аян өрнүүлсэн. Энэ уриануудын цаана ерөөсөө л өөрчлөе, шинэчлэе, хүн бүхэн чаддаг зүйлээ  хийж 90 жилийн ойд хувь нэмэр оруулъя гэсэн иргэдийн идэвхи санаачлагыг өдөөж өгсөн . Энэ ажилд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тэр дундаа тэргүүлэгчид ихээхэн идэвхи зүтгэл гаргаж ажилласан. Энэ урианы дор аймгийн 90 жилийн ойг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулан тэргүүлэгчдээрээ батлан ойг зохион байгуулах комиссын даргаар Засаг даргыг томилон ажиллуулсан. Мөн  цаашлаад Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ зэрэг бусад аймгуудад салбар комиссоо ажиллуулсан Улаанбаатар хот дахь комиссыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав удирдан ажилласан. Үүний үр дүнд зургаан настай балчираас эхлээд зуун настай буурлууд маань хүртэл идэвхи чармайлт гарган ажиллаж та бидний нүдэн дээр Улаангом хот, сумын төвүүд маань хэрхэн өөрчлөгдсөнийг бүгд мэдэж байгаа. Айл өрхүүд хашаа хороо гудамжаа тохижуулж, албан газрууд гадна талбай, орчноо тохижуулсан. Аж ахуй нэгжүүд өөрсдийн үйлдвэр, үйлчилгээнийхээ орчин, байрыг засаж сэлбэн, тохижуулсаныг та бүхэн бүгд харсан.  Бүгд нэгэн зорилгын төлөө нэгдэж чадвал ямар их зүйл бүтээж чаддагыг манай ард түмэн харууллаа шүү дээ.

“Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ” гэсэн аяны хүрээнд тодорхой хэмжээгээр хашаа хороогоо тохижуулсан иргэдийг шалгаруулж мөнгөн шагналаар шагнасан байдаг. Гэтэл манай телевизийн “Түмний дуу хоолой” нэвтрүүлэгээр зарим иргэдээс санал, гомдол ирж байсан. Шагналын мөнгөө авч чадахгүй байна, өргөмжлөл өгөөд хаячихлаа гэх мэтээр ярьж байсан энэ асуудал юу болсон бэ?

Энэ бол Улаангом сумын ЗДТГ-аас энэ аяны хүрээнд зориулж зарласан болзолт уралдаан байсан. Удирдамжийн дагуу тодорхой шалгуур үзүүлэлтээр дүгнэж шалгарсан зарим иргэд, аж ахуй нэгжийг урамшуулсан. Чухам юунаас болоод яагаад шагналын мөнгийг нь өгөхгүй байгааг Улаангом сумын удирдлагууд надтай адилхан энд ирээд тайлбараа хэлэх хэрэгтэй. Үнэхээр мөнгөгүй болчоод өгөхгүй байгаамуу эсвэл өгөх ёстой байгаад хүлээгдэж байгаа юмуу яагаад өгөөгүй байгаа учир шалтгаана хэлэх хэрэгтэй. Бас 10 сараас хойш төсвийн бүх байгууллагуудын санхүүжилт хийгдээгүйг та бүхэн мэдэж байгаа. Ер нь иргэдийнхээ өмнө амласан, өгнө гэсэн зүйлээ өгөх л хэрэгтэй өгөх ч байх гэж бодож байна.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс хогны тухай, хог хаягдал гаргасны төлбөр хураамжийг шинэчлэн баталсан. Иргэдийн дунд хогны мөнгө авсан хэрнээ хог ирж авахгүй байна гэсэн гомдол тасрахгүй байгаа. Үүнд та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

1992 онд ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан. Энэ хуулийн гол үндэс нь хүн төвтэй, хүнийг дээдэлдэг, ардчилал , хүний эрх , эрх чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүнзгий тусгасан хууль болсон юм. Хүний төлөө л ажилладаг нийгэм юм бол хүний төлөө л ажиллаж байх ёстой. Хүний төлөө ажилладаг нийгмийг бүтээхийн тулд хүнийг сайн сайхан амьдрахад чиглэсэн хуулиудыг гаргах ёстой. Одоогоор Монгол улсад 400 гаруй хуулиуд байна. Эдгээр бүх хуулиуд бол хүний төлөө нийгмийг, орчныг бүрдүүлэхийн төлөө гарсан байдаг. Энэ хууль дүрмүүд бүгд хэрэгждэг байх ёстой. Ингээд аймгийн хурлаас миний бие санаачлаад энэ хог хаягдлын тухай хуулийг хэрэгждэг болгох талаар ажиллаж эхэлсэн. Хог хаягдлын тухай хууль бол 2012 онд гарсан. Энэ хууль гарсан цагаасаа хойш хэрэгжээгүй байсан. Ингээд бид 2015 оноос энэ хуулийг хэрэгждэг болгох талаар санаачлага гаргаад тодорхой ажлуудыг хийж эхэлсэн.  Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн хүрээнд өмнөх аймгийн хурал 2010 онд хог хаягдал үүсгэсний төлбөр хураамжийг баталсан байсан /А/30-р тогтоол/. Энэ тогтоол нь бас хэрэгжээгүй. Харсаар байтал хашаа, хороолол тэр чигээрээ хог, нохой, муур, урд талын далангийн хэсэг, хойшоо улиасны хэв, VI багийн доошоогоо ямар их задгай хог байсан билээ та бүхэн бүгдээрээ харж байсан, мэдэж байгаа. Биднийг ажил авч байхад ерөөсөө л хур хогон дундаа ажилласан, амьдарсан, амьсгалсан байдалтай л байсан. Хүн бүхэн биднийг хогноос салгаад өгөөч, бид эрүүл орчинд аж төрж, амьдармаар байна гэж өөрсдөө шаардаж байсан. Хогноос салгадаг арга нь юу юм бэ гэхээр ерөөсөө л хог хаягдлын тухай хуулиа л хэрэгжүүлдэг байх ёстой. Хог хаягдлын тухай хуулинд бол эцсийн эцэст тэр хог хаягдлыг аюулгүй болгох баталгаа нь хаана байна вэ? Гээд үзэхээр хог хаягдлын тухай хуулийн 20-р зүйл дээр хог хаягдлыг гаргасныхаа төлөө иргэн, аж ахуй нэгж, байгууллага хураамж төлнө гэсэн байгаа. Энэ хураамжийг сум дүүргийн төсөвт төвлөрүүлнэ. Төвлөрүүлсэн хөрөнгөөр зөвхөн хог хаягдлыг аюулгүй болгох үйл ажиллагаанд зарцуулна, өөр ямар нэгэн зүйлд зарцуулахгүй ээ гэж заасан байгаа. Эргээд энэ хуулинд иргэн, аж ахуй нэгж, байгууллага яагаад энэ мөнгийг гаргах ёстой юм бэ? Гэдэг асуудал гарч ирж байгаа. Яагаад улс, орон нутгийн төсвөөс гаргаж болдоггүй юм. Би энэ асуултанд олон удаа хариулсан. Монгол улсын үндсэн хуулинд  иргэний журамт үүрэг гээд 3-хан үүрэг байдаг. Эх орноо батлан хамгаалах, байгаль орчноо хайрлан хамгаалах гээд байж байгаа. Иргэн хүн байгаль орчноо хайрлан хамгаалах журамт үүргээ биелүүлэх хүрээнд хог хаягдал гаргасныхаа төлөө хураамж төлөх ёстой. Энэ бол иргэний журамт үүргээс урган гарсан төлбөр. Энэ төлбөрөө төлөхгүй гээд эсэргүүцээд байгаа хүн бол цаад утгаараа ерөөсөө л эх орондоо хайртай хүмүүс биш. Журамт үүргээ биелүүлэх дургүй хүмүүс. Монгол хүн зайлшгүй байгаль орчноо хайрлан хамгаалах, цэвэр цэмцгэр байлгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд гаргасан хог хаягдлаа аюулгүй болгоход шаардагдах төлбөр, хураамжийг төлөх ёстой. Үүнийгээ л ухамсарлах хэрэгтэй. Иргэн та эх орондоо хайртай л юм бол сар бүр 1000 төгрөгний хураамжаа төлөх хэрэгтэй. Сар бүхэн өгч чадахгүй байна гэдэг бол иргэн та эх орон, байгаль орчныхоо эсрэг хийж байгаа гэмт хэрэг л гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг уриалан дуудсан, энэ журамт үүргээ биелүүлэхгүй  байхыг уриалсан ажил хийж байгаа хүмүүсийн ажлыг харлуулах зорилготой хэсэг бүлэг хүмүүс байна. Улаангомыг, Увс аймгийг хогон далай дотор нь байлгах сонирхолтой цөөхөн хэдэн хүн байна. Энэ хүмүүс бол иргэдийг хог гаргасныхаа төлөө мөнгө төлөх шаардлагагүй гэж уриалж байгаа. Ядуу, хямралтай байгаа үед хүнээс мөнгө авч болохгүй гэж байгаа. Ямар ч ядуу байлаа гэсэн эх орондоо хайртай л байх хэрэгтэй. Сардаа ганц удаа мянган төгрөгөө хог хаягдлынхаа санд хийчихдэг л байх хэрэгтэй. Энэ бол иргэний журамт үүргээ биелүүлж байгаа байдал юмаа. Хэн ч бусдыг эх орныхоо эсрэг гэмт хэрэг хийхэд уриалан дуудаж болохгүй.

За энэ хог хаягдлын санд төвлөрсөн мөнгө маань хэдий хугацааны дараа эргээд үр дүнгээ өгөх вэ?

Мөнгөө хэрвээ өгчих юм бол энэ мөнгийг зарцуулах эрх бүхий газар нь тухайн сум, дүүргүүд байж байгаа. Сумын Засаг дарга өөрийн дураар биш, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу дээрх мөнгийг зарцуулна. Хэн нэгэн хүн тус санд төвлөрсөн мөнгийг дураараа зарцуулах эрхзүй нь үндэс боломж байхгүй. Эхний ээлжинд сангаа бүрдүүлчих. Түүний дараа хамгийн түрүүнд та бүхний мэдэж байгаа тэр том хур хогнуудыг цэвэрлэнэ. Төр засгаас худаг, ус, тог цахилгаан, зам сүлжээнд зарцуул гээд өгсөн мөнгийг хогонд зарцуулаад байгаа байхгүй юу одоо хүртэл. Бид 50 сая төгрөгөөр Улаангом сумын эргэн тойронд байсан хур хогийг яаж цэвэрлэв та бүхэн харсан байх. Хог гэдэг зүйл бол нэг хэсэг газрыг эзлээд хал палгүй байж байдаг зүйл бишээ. Тэндээс хорт хий, муухай үнэр байнга ялгарч, олон тооны нян бактери үржиж агаарт тарж байдаг эрүүл мэндэд маш хортой зүйл. Гэр хорооллын айлууд ярьж байдаг манайхаас хог гардгүй ээ бид нар өөрсдөө хашаандаа хогоо шатаачихдаг гэж. Тэр шатаасан хогноос гарсан утаа бол хүний нүдэнд харагдахгүй, усанд уусдаггүй, агаараар дамжин орчин тойрноо хордуулж байдаг. Хорт хавдрын томоохон шалтгаан бол энэ юмаа. Хамгийн их хорт хавдартай аймаг бал манай аймаг шүү дээ. Хогоо шатаагаал өөрийгөө хордуулаад эцэстээ эрүүл мэндээрээ хохироод сууж байна.  

Өнгөрсөн сонгуулиар маш сайхан амлалт өгөөд гарч ирсэн төлөөлөгч, тэргүүлэгчид маань зарим нь багийнхаа хуралд суудаггүй гэсэн гомдол иргэдээс гарч байдаг. Таны хувьд сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгчид маань үүргээ хэрхэн биелүүлсэн гэж дүгнэж байна вэ?

41-н төлөөлөгч маань аймгийнхаа ИТХ-д төлөөлөх чадвараа тодорхой хэмжээнд сайн биелүүлсэн гэж үзэж байгаа. 41-ээс Завхан сумаас сонгогдсон Чулуунбат төлөөлөгч маань бурхны оронд очсон. Үлдсэн 40-н төлөөлөгчид маань сонгогдсон тойргынхоо төлөө сонгогдоогүй ч гэсэн Увс аймгийнхаа төлөө, иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажилласан. Аймгийн ИТХ болохоор бүх телевизүүд шууд дамжуулдаг та бүхэн мэдэж байгаа. Тэнд нэг ч төлөөлөгч эх орон ч бус зүйл ярьж байсныг би сонсоогүй. Ерөөсөө л аймаг, орон нутаг, сумаа сайхан болгоё, иргэдээ эрүүл байлгая, боловсрол мэдлэгтэй болгоё л гэж ярьж байгаа. Энэ бүх шийдэлд төлөөлөгчид маань бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож иргэдийн дуу хоолой болж байсан. Гагцхүү ИТХ-д төлөөлөгчийн зардал тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байдаг. УИХ-аас аймаг орон нутагт батлагдаж ирж байгаа хурлын зардал дотор төлөөлөгч хүн өөрийнхөө сонгогдсон тойрогт ажиллах ч юмуу өөрийнхөө санаачлагаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааны зардал бол байдаггүй. Тодорхой хэмжээний зардлуудыг бид хурлынхаа ажлын албаны зардлаас гаргаад төлөөлөгчдөдөө тодорхой зохион байгуулалттайгаар зарим зарим асуудал дээр ажиллуулдаг. Хэрвээ зардал нь байдаг бол манай төлөөлөгчид үүнээс илүү чармайж ажиллах боломжтой. Би бас 11-н тэргүүлэгчдээ магтмаар байна. Үнэхээр аймаг орныхоо төлөө гэсэн сэтгэлээр өмнөө тавьсан асуудалд зарчимч байр сууринаас ханддаг. Ямар нэгэн намчирхсан зүйл ерөөсөө байдаггүй. Яавал энэ зүйлийг хамгийн хямдхан зардлаар оновчтой шийдэх вэ? Гэдгийг тал талаасаа шүүн тунгааж ярьдаг. Манай тэргүүлэгчдийн хурал нилээн халуун, шүүмжлэлтэй болдог. Асуудал оруулж ирсэн хүмүүс санаа дохио болохоор олон бүтээлч санал, санаачлагууд гарч байдаг. Энэ дашрамд сэтгэл гарган ажиллаж ирсэн 11-н тэргүүлэгчиддээ баярласан, талархсанаа илэрхийлж байна.

Төлөөлөгчид маань маш их цалин авдаг гэж хүмүүс ярьдаг, яг хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

Төлөөлөгчид маань цалин авдаггүй. Цалин гэдэг зүйлийг чинь мэдээж төсөвт суулгаж байж өгнө шүү дээ. Өнгөрсөн жил төлөөлөгчдөд үйл ажиллагааны зардал гэж 1500000 төгрөгийг суулгаж өгсөн.  Гүйцэтгэх засаглалыг хянах үүрэгтэй хүмүүс шүү дээ. Хаана ямар асуудал байна?, иргэдийн өмнө тулгамдсан асуудал юу байна вэ? Тэр бүхэнд газар дээр нь очиж ажиллах хэрэгтэй байдаг. Ажлын хэсэг ажиллахын тулд тодорхой хэмжээний бензин шатахуун, томилолтын зардал гардаг энэнд нь зарцуулахаар төлөөлөгч бүрт жилийн хугацаанд 1500000 төгрөгийг төсөвт суулгуулсан. Энэ мөнгийг тэр хүмүүс хувьдаа авчдаг юм шиг хүмүүс ойлгодог. Үгүй юмаа энэ мөнгөөр хэд хэдэн удаа зохион байгуулалттайгаар мониторинг хяналт шалгалтын ажил хийсэн яагаад гэвэл 2012 оноос хойш гаргасан бүх тогтоол шийдвэрүүдийнхээ биелэлт, үр дүнг шалгахаар ажлын хэсэг томилж ажиллуулсан. Мөн энэ мөнгөнөөс тодорхой зарим зүйлсүүдэд зориулж, хэрэглэсэн байгаа. Үүнд: аймгийн ИТХ-ын дарга байсан Д.Батсайханыг гадаадад эмчилгээнд явуулахад хурлын төлөөлөгчдийн зүгээс тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн, мөн 90 жилийн ойн хандив, Х.Баянмөнх аваргын хөшөө цогцолборыг барих босгох зэрэг бүтээн байгуулалтын ажилд төлөөлөгч бүрээс сая гаруй төгрөг нь гарчиж байгаа. Үлдсэн мөнгөөрөө хяналт, шалгалтын ажил, төлөөлөгчийн өдөр зэрэг үйл ажиллагаанд хэрэглэдэг хувьдаа нэг төгрөг авсан зүйл огт байдаггүй. Төлөөлөгчид маань нэг төгрөгийн цалин авдаггүй, нэг ч удаа томилолт гэж зүйл авсангүй ерөөсөө л бензин, шатахууны зардалд л дээрх мөнгө нь яваад дуусдаг. Харин энэ 40 төлөөлөгчиддөө ажил үүргээ сайн биелүүлээд явж байгаад нь Увсын ард түмэн баярлах хэрэгтэй.

Цаашид хийхээр төлөвлөсөн ажлаасаа дурдахгүй юу? Оны өмнөх хурлаараа хийх ажлаа төлөвлөсөн байх?

Ер нь бид цаашдаа нэг зүйлийг  л олж харсан. Тодорхой зорилготой л баймаар байна. Миний хувьд аймгийн хуралд дөрөв дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Аймгийн хэмжээнд баталсан төсөл хөтөлбөрүүд гэж зөндөө байдаг. Өөрөөр хэлбэл аймгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд маш их байж байгаа. Энэ хөтөлбөрүүдээ эргээд аваад үзэх гэхээр ямар нэгэн тодорхой зүйл байхгүй, хаана хүрэх нь тодорхой бус бий болгоноо, дэмжинээ, хөгжүүлнээ гэсэн л ерөнхий заалтууд байсан. Өнгөрсөн жил бид мэргэжлийн судлаачдыг аваад тэр хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн, тэрнийхээ хажуугаар аймаг орныхоо нөөцийг судалсан. Аймаг маань ямар нөөцтэй юм бэ? Ард иргэдэд ноогдох аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд ямар зүйл хийх ёстой юм бэ? Ард иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд ямар салбараа дэмжих ёстой юм зэрэг тооцоо судалгаа хийгээд үзсэн байгаа. Энэ судалгааны үр дүнд “Их наядын Увс-2024” гэсэн дунд хугацааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-аас батлан гаргасан. Энэ хөтөлбөрт бол ерөөсөө л таван үндсэн чиглэлийг аваад ирэх найман жилийн дараа ийм үр дүнд хүрнэ гэсэн зорилт тавьсан. Одоогийн байдлаар манай аймгийн ДНБ 200 гаруй тэрбум төгрөг байгаа үүнийг 2024 он гэхэд 1 их наяд төгрөгт хүргэнээ гэсэн зорилт тавин ажиллаж байна. 5 дахин өсгөнөө гээд хэлчихвэл өсчихгүй ээ. Өсөх нөөц нь хаана байна вэ? Гэхээр мал аж ахуй, хөдөө аж ахуй. Өнөөдөр бид нэг хониноос 25 кг-тай гулууз авдаг энэ зарчимаараа л байгаад байх юм бол бид нар хөгжил гэж үзэхгүй. Энэ 25-ыг ядаад 28 кг болгох хэрэгтэй. 28 кг болгохын тулд малчин урьд яаж малаа маллаж тэжээдэг байсан тэрнээсээ илүүтэйгээр малаа тэжээх, маллах, менежментээ өөрчлөх асуудал тулгарч байгаа. Жилээс жилд ган болж өвс, ургамал ховордож байгаа үеэд эсэргээрээ малд хэрэгтэй өвс, ургамлыг тарих замаар малын тэжээлийг бэлдэж малыг бордож гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй. “Мах таръяа” гэдгийг хүмүүс ингэж л ойлгох хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх малаас гарах гарц, шимийг нэмэгдүүлж байж бид хөгжиж эхэлнэ. Дараагийнх нь бол байгалийн сайхан өгөгдөл, ховор сонин тогтоц, дөрвөн ойрадын өмөрмөц соёл, язгуур урлаг байна. Эдгээрийг ашиглаад ОХУ, БНХАУ, бусад аймгуудыг холбосон аялал жуулчлалыг бий болгоё гэсэн. Үүний тулд дэд бүтэц, зам харгуйгаа сайжруулж жуулчдад аятай тухтай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Мөн ОХУ, БНХАУ хоёрыг холбосон энэ газарзүйн байрлалаа ашиглаад транзит тээврийн үйлчилгээ бий болгоё, тэрнийхээ хажуугаар үхрийн нүд, чацаргана зэрэг жимс, жимсгэнээрээ эцсийн бүтээгдэхүүн бий болгож гадагшаа экспортлох, цахилгаан станцаа барьж нүүрсээ эргэлтэнд оруулъя үүнийг дагаад тээвэр болон бусад салбаруудаа хөл дээр нь босгож ирье гэдэг талруу бодлогоо чиглүүлээд явж байгаа. Дэлхий нийтээрээ одоо нүүрснээс татгалзъя гэдэг яриа гараад эхэлчихлээ. Тэгтэл бид энэ их баялагаа хэрэгтэй үеэд нь хэрэглэхгүй дарж дарж байгаад дэлхийн зах зээл дээр ямар ч хэрэггүй үнэ цэнэгүй болсон үеэд нь хэрэглэх юмуу. Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж байгаа үед байгаа баялгаа цаг тухайд нь зохистой ашиглаж байх хэрэгтэй. Аймгийн ИТХ-ын даргын хувьд ингээд харж байхад ажилгүй хүнтэй байна гэдэг бол эмгэнэл ямар ч төр засгийн хамгийн эхний бодлого бол ард иргэдээ ажилтай орлоготой байлгах ёстой. Ажилтай, тогтмол орлоготой байж байж тэр өрх гэрийн амьдрал сайхан байна. Ингэхийн тулд яавал ард иргэдээ ажилтай орлоготой болгох вэ? Гэдэг гарцыг олж харах ёстой. Үүний тулд бид Улаангом сумаа аль болох л олон хүн амтай хот болгох талруу үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Дор хаяад 50000 хүн амтай хот болчих юм бол биеэ даагаад өөрөө хөгжөөд явчих боломжтой. Ингээд тэр олон хүнийг ажилтай, орлоготой байлгахын тулд зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг яриад, түүгээр дамжуулан тэднийг ажилтай орлоготой байлгаж чадахгүй. Тэр хүн өрхийн үйлдвэрлэлээр зөвхөн өөрийгөө л ажилтай байлгана. Ингэхээр бид томоохон үйлдвэрийг ажилд оруулах шаардлагатай болж байгаагийн жишээ нь цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар 150-200 гаруй хүн ажлын байртай болно үүнийг дагаад тэдний хувцас хунарыг оёдог оёдолчид ажилтай, орлоготой болно, хоол ундыг нь хийдэг тогоочид, махын хүргэж өгдөг малчид, нүүрсийг нь хүргэж өгдөг тээвэрчдийн орлого нэмэгдэнэ гэх мэтчилэнгээр томоохон бүтээн байгуулалтыг бий болгох замаар хүмүүсээ ажилтай орлоготой болгох юм байна гэдгийг анхаарч энэ чиглэл рүү хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллаж байгаа. Үүний хажуугаар бид бас газрынхаа баялагийг ашиглах замаар тодорхой хэмжээний хүмүүсийг ажилтай орлоготой болгох боломж байна гэж үзээд өнгөрсөн жилээс эхлээд газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлсэн. Ер нь газрын хөрсөн доорх байгаа баялагаа мэдээд авчихъя, газраа үнэд оруулъя гэсэн ийм л бодлогыг баримталж байгаа.

За хүн бүр л хямарлаа гэж ярьж байна. Таны хувьд ч бас тэгж хэллээ. Ер нь энэ хямрал гээч зүйлийн шалтгаан, нөхцөл нь юу юм бэ?

Хямралтай байна гэвэл дэлхий нийтээрээ хямралтай байна. Хямралыг бол боломж гэж харж байгаа. Яагаад гэвэл саяхан телевизээр ч ярьж байсан, интернетээр ч яригдаж байсан. Шинэчлэлийн ЗГ-ын тэргүүн Н.Алтанхуяг хэлсэн байсан. Бид нар баян байсан, эдийн засаг бол 17%-ийн өсөлттэй байсан, тэр өсөлт  бол бидэнд наалдаагүй ээ, бид нар тансаглаад өнгөрсөн. Австралиас үхрийн мах авч ирж идэцгээсэн. Өөрснөө үхэртэй малтай байж байж тэр холоос үнэтэй мах авчруулж идэцгээсэн, Австраас усаа захиалж уудаг болсон. Адилхан л ус шүү дээ хажууд нь Туул гол урсаж байхад. Энэ тансаг хэрэглээнд л бид үүнийг зарцуулсан. Харин бид ингээгүй 2012 оноос хойш Шинэчлэлийн Засгийн газар ч тэр, аймаг орон ч тэр дотоод нөөц бололцоогоо л ашиглаж эхэлсэн, байгаа нөөцөө мөнгө бүтээдэг зүйлд л зарцуулъя гэж шийдвэрлээд баахан олон үйлдвэрүүдийг байгуулсан, алдар цуутай Чингис бондны ихэнх нь ч гэсэн дотоодын баялаг бүтээгчдийг дэмжихэд чиглэгдсэн. Энд ч гэсэн бид жижиг дунд үйлдэрлэлийг дэмжихээр ирсэн мөнгөнүүдийг ерөөсөө л хийдэг бүтээдэг хүмүүст нь өгсөн тэд нар ч гэсэн модны үйлвэр байгуулдаг нь модны үйлдвэрээ байгуулаад, махны үйлдвэр байгуулдаг нь махны үйлдвэрээ байгуулаад, чацарганы үйлдвэрээ байгуулаал өнөөдрийг хүртэл ажиллаж байна, орлого олж байна. Ингэж л бид бүтээдэг зүйлийн төлөө ажилласан. Дор хаяад би сая ИТХ-ын 10-р хуралдаан дээр хэлсэн. Ямар ч гэсэн иргэдийнхээ нүдэн дээр харагдахуйц  бүтээн байгуулалтыг түншлэлийн замаар бий болгосон юмаа. Энэ бүтээн байгуулалтыг бий болгоход өчнөөн олон иргэд маань гар хөл, хөлс хүчээ оруулж хөдөлмөрлөсөн, хөдөлмөрлөснийхөө хүчинд хөлсөө авсан юм. Ингэж бид энэ гурван жил иргэдээ ажилтай, орлоготой байлгаж чадсан. Энэ бол улсын төсвийн хөрөнгөөр биш иргэний, хувийн хэвшлийн хөрөнгөөр иргэдээ ажилтай, орлоготой байлгасан энэ бол бидний хийсэн ажлын үр дүн. Ер нь цаашлаад сэтгэлгээний ядуурал байна. Би сая багийн ИНХ-аар Бөхмөрөн суманд ажиллаж Гурван жигэртэй, Хар алтат, Байшинт багийн ИНХ-уудад оролцоод ирсэн. Би малчидад хэлсэн махны үнэ буурсан хэний буруу вэ? гэж Чимэд, Цэндсүрэн хоёрын буруу юу гэсэн зарим нь тийм гэж байнлээ. Чимэд, Цэндсүрэн хоёр гарч ирээд махны үнийг “буу” гэхээр буучихдаг юм бол “өс” гээд өсгөчихье гээд хэлсэн тэгээд инээдэм, ханиадам болоод дууссан. Би хэлсэн дэлхийн зах зээлийн хууль гэдгийг л мэдэхгүй байна л даа социализмын үеэд 4 төгрөгийн молоко байсан бол 4 төгрөгөө хэдэн жил болж л байдаг 11,20-ийн чихэр байсан бол яг тэр хэвээрээ байж л байдаг юм шиг ойлгоод байна л даа. Тийм зүйл одоо байхгүй бид бүгдийн сонгосон нийгэм бол эрэлт, хэрэгцээн дээр тулгуурласан нийгэм. ОХУ-руу мах гаргахаа больчихлоо, Орос авахгүй гэсэндээ гаргаагүй шүү дээ. Одоо 1 рубль нь 55 төгрөгтэй тэнцдэг байсан Оросын мөнгөн тэмдэгт 27 төгрөгтэй тэнцэж байна. 2 дахин буучихсан байна. Орос нөгөө авдаг 100 рубьлээрээ махаа авъя л гэж байна, 2700 төгрөгөөр Орост махаа өгөх юмуу хүмүүс, өгөхгүй ш дээ энд 3500тай байхад. Энэ чинь ерөөсөө л зах зээлийн хууль шүү дээ. Манай аймаг бол жилдээ ойролцоогоор  хонин толгойд шилжүүлсэнээр 1 сая толгой мал борлуулах шаардлагатай байгаа. Үүний 50000 тогойг нь дотоодынхоо хэрэгцээнд хэрэглэчихдэг, үлдсэн 950000-ыг нь гарцаагүй гадны зах зээлд гаргах шаардлагатай. Тэр зах зээл нь ерөөсөө л ОХУ, БНХАУ хоёр. Энэний төлөө л МУ-ын Засгийн газар ажиллаж байгаа. 2012 оноос хойш махаа Орос руу гаргаж байсан одоо дахиад Хятадтай түншлээд эхэллээ. Хятад руу мах гаргахаар 3 компани бий болсон тэрний нэг нь “Мон-Тува” гээд манай аймгийн компани эрхээ аваад ажиллаж байна. Говь-алтайн Бургастайн боомтоор гаргахаар ажилаад явж байна. Цаашдаа бид бол олон улсын стандарт, шаардлагад нийцсэн махны үйлдвэрийг барих ёстой.  Тэнд боловсруулсан бүтээгдэхүүнийг ямарч орон саадгүй авна. Энэ талруу л оруулахаас өөр аргагүй. Хятад мах авъя гэдэг, дулааны аргаар боловсруул гэдэг гэтэл дулааны аргаар боловсруулдаг нэг ч үйлдвэр Монгол улсад байхгүй байна шүү дээ. Тэгвэл энэ социализмын үеийн 70 жилд махны үйлдвэрийг хөгжүүлж байсан бодлого малчдад ээлгүй бодлого байсан юмуу эсвэл 90 оноос хойш 2012 он хүртэл ажиллаж байсан төр малчдад хайргүй байгаад энэ үйлдвэрийг байгуулж өгөөгүй юмуу гэдэг асуулт гарч ирж байгаа. Юу бодож, юу хийж явсан юм бэ тэд гэж хэлмээр байна. Хэн хэнтэйгээ л ярих ёстой. Мал аж ахуйн л орон байсан шүү дээ, олон улсын стандартыг бүгд мэдэж байгаа ш дээ түүнрүү л бага багаар, алхам алхамаар дөхөж л байх ёстой. Харин 2012 оноос хойш энэ замруу Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол улсын Засгийн газар эрчимтэй орж, малчиддаа анхаарсан бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.  Сая малчдын зээлийн хүүг буурууллаа. Малчдын авч байгаа энэ зээл бол мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх гэж авч байгаа зээл болохоос зурагт, хөргөгч авах гэж байгаа зээл бишээ. Энэ зээл хэрэглээний зээл биш учраас үйлдвэрлэлийн зээлтэй адилхан байх ёстой. Ингэж л малчиддаа хандсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж байна. Ингэж л бүх асуудлын гарцыг олох замаар асуудалд хандаж байна. Гарцыг олох ухааныг энэ хямрал гэдэг зүйл гаргаж ирж байгаа нь боломж юм.

Малчдын хувьд энэ жил нэлээн хүндхэн жил болж байгаа шүү дээ. Өвөлжилт хүндэрсэн, махны үнэ буурсан. Тэгэхээр энэ жил малчидруу хүрч ажиллах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

За ерөнхийдөө бол 8-н суманд өвөлжийн байдал хүнд байна. Мал хорогдоод, мал хээл хаяад эхэлж байна. Зуншлага гэж зүйл энэ аймагт болоогүйг та бүхэн бүгд мэдэж байгаа үнэхээр хүнд байсан. Мал цасаа малтаад гаргаад ирдэг гэтэл доор  нь өвс байхгүй. Аймгийн нөөц, Улсын нөөц, сумын нөөцөд байсан өвс тэжээлээ бүгдийн татаад ямар ч гэсэн бүх төрлийн урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг хийж малчиддаа хүргэж ажиллаж байна. МУ-ын Засгийн газарт хандаад тодорхой хэмжээний саналуудыг тавьсан байгаа. МУ-ын ЗГ, ОБЕГ судалж тодорхой хэмжээний арга хэмжээ авах байх. Гэхдээ малчид маань өөрсдөө тодорхой хэмжээний бэлтгэлтэй байсан байна лээ. Би Бөхмөрөн суманд ажиллаад ирлээ. Малчид бол хэцүү байна хүнд байна гэж хэлэхгүй байна лээ. Амны билгээс ашдын билэг гэдэг хүйтэн байнаа энэ хүйтэн жаахан нугарчихаасай тэгвэл бид гайгүй онд орчих гээд байна гэдэг зүйл ярьж байсан. Хонин жил ямар ч байсан бидэнд ээлээ өгч байна, хүйтний асуудал л хүнд байна гэж ярьж байна лээ. Ирж байгаа цаг байна хүйтэн удахгүй уяраад ирэх байх болох байлгүй дээ. Малчиддаа хэлсэн байгаа ер нь бол цаашдаа мал аж ахуйн менежментдээ хувьсал, өөрчлөлт хийх хэрэгтэй байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд даатгасан байдлаар байж болохгүй ээ, зуд гэдэг зүйл дэлхийн хаана ч болдоггүй зөвхөн Монголд болдог зүйл. Цаг агаарын онцлогтой холбоотой, хөрш зэргэлдээ Тува, Буриадад болдоггүй. Адилхан л малтай ш дээ. Яадаг вэ? Гэхээр тэнд бол цас 1 метрээс дээш ордог доор нь хичнээн өвс байсан ч гэсэн мал түүнийг авч идэж чаддаггүй манайд бол тийм цас ордоггүй байхгүй юу, цас бага ордог учраас өвс нь доороос нь цухуйгаад харагдаж байдаг учраас мал нь түүгээд, малтаад идчихдэг. Тэрэндээ найдаал өвс, тэжээлээ хангалттай хэмжээнд бэлтгэдэггүй. Цаашдаа бол энэ менежментээр хол явахгүй гэдгийг байгаль, цаг агаар өөрөө харуулаад эхэлчихлээ шүү дээ. Өнгөрсөн жил их олон уриа, уриалгууд гарсан шүү дээ. Тэгтэл үүний хажуугаар сайн дурын хөдөлгөөнүүд ерөөсөө үүссэнгүй. Оюутан залуучууд ирчихсэн байсан, бас ажилгүй залуучууд зөндөө л байсан. Хашаа хороогоо янзалъя гэж байхад нэг баг, бригад байгуулаад айл, өрхүүдийн хашаа хороог засаж, янзалж өгчөөд тав, арван төгрөг авчихаж болноо доо, орлогын маш олон эх үүсвэрүүд харагдаад байгаа юм л даа. Тэгтэл ингээд ажиллах сайн дурын хөдөлгөөн үүсэхгүй байгаа нь хүмүүсийн санаачлага, сэтгэлгээ муудсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон байна, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэдний оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Эх орондоо хайртай, хайртай л гэдэг тэр хайр нь хаана байгаа юм. Би явсан газар бүртээ малчдад хэлсэн. Та нарын төлөө төр засгаас маш их анхаарал тавьж байна, тавихаас ч өөр арга байхгүй. Мал аж ахуйн салбараас гарч байгаа бүх түүхий эдээр Монгол улсын бүх үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ та нар ер нь улс, эх орондоо татвар төлж үзсэн үү? гэхэд үгүй гэж байгаам. Эрх биш ноосны урамшууллаас л нэг татвар авдаг гэж байгаа. Тэгвэл та нар өөрснөө оролцоо байдгүй, татвараа төлдөггүй, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд нь татвар, нийгмийн даатгал төлдөггүй байж байж бидний амьдрал хүнд хэцүү байна, бидний асуудлыг шийд гэж яриад байдаг байхгүй юу. Иргэд малчид нь мөнгө өгөхгүй болохоор энэ улс хаанаас мөнгө олж ирэх юм бэ? Гаднаас л авч ирнэ шүү дээ. Гаднаас зээлж авч ирээд үйлдвэр үйлчилгээгээ дэмжих гэхээр биднийг өртэй, бөөстэй болголоо гээд ярьдаг. Одоо тэгээд яах юм бэ? Гэдэг асуудал гарч ирж байгаа. Иргэн бүхэн үнэхээр орлого олж байгаа бол тэрнээсээ хүн амын орлогын албан татвараа төлдөг л байх ёстой. НДШ-ээ төлдөггүй маш олон жижиг үйлдвэр үйлчилгээний газрууд байна. Энэ бол эх оронч бус сэтгэлгээ. Эх орондоо хайртай л юм бол их ч бага ч татвараа, хогны хаягдлынхаа мөнгийг төлдөг л байх хэрэгтэй. Энэ бол эх орон, байгаль дэлхийдээ хайртай байгаагийн шинж. Иргэдийн оролцоо бүгд жигд болоод эхлэх юм бол нөгөө олны хүч оломгүй далай гэдэг шиг улсын маань сан арвижина, эргээд бидний өмнө тулгамдсан асуудлыг гадна, дотноос зээл авахгүйгээр шийдвэрлэх боломжтой болно. Хэн нэгэн гаднаас ирж Монгол улсыг хөгжүүлэхгүй ээ, Монгол улсын ирээдүй, монгол улсын хөгжил, Монгол хүний гарт л байгаа. Монгол хүн та оролцоогоо л нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Удахгүй Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, цагаан сар маань болох гэж байна. Увс нутгийнхандаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

За баярлалаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орохгүй удсан байна. Орон нутгийн гурван телевизтэй хэрнээ тэр бүр цэнхэр дэлгэцээр ард түмэнтэйгээ шууд ярилцах боломж олдохгүй юм. “Болжийнээ, бошгүй ээ”, “Ард түмний дуу хоолой” зэрэг нэвтрүүлгүүдээр манай иргэд их шүүмжилдэг энийг бид бүгд харж, сонсож байгаа. Энэ шүүмжлэл бол ард иргэдийн оролцооны нэг хэлбэр. Маш сайн хэлэх хэрэгтэй, бид анхаарах юмаа анхаараад явж байна. Энэ хэлдэг, шүүмжилдэг шигээ бодит оролцоотой л байх хэрэгтэй. Бусад аймгийн хурлын дарга нартай уулзаад ярилцаж байхад танай аймаг ямар сайхан юм бэ? Зөвхөн танай хурлын сайтаас л ороод харахад бүх юм нь жин тан, бид нар та нараас л үлгэр дуурайлал авч ажиллаж байна гэдэг. Гэтэл манай иргэд болохоор оо болохгүй байна, хурал шиг муу юм алга л гэж ярьдаг. Өнгөрсөн 90 жилийн ойгоор гадаадаас миний нэг шавь ирээд хэлж байсан. Нүдээрээ хараал ойлголоо, гадаадад амьдраад Увсынханы байдаг веб сайт, фейсбүүкээр ороход багш минь та хурдхан шиг огцроосой, ямар хэцүү байгаам бэ Увсчууд маань гэж бодож байсан. Тэнд бичсэн юмыг харахаар Увсад болж бүтэж байгаа юм юу ч байхгүй юм шиг л байдаг. Монгол улсад хамгийн бүтэхгүй аймаг юм шиг л ойлгогддог. Ирээд ингээд нүдээрээ харсан чинь харин та нар 4 жилийн дотор ямар их юм хийж, бүтээсэн юм бэ гэдэг нь харагдсан. Муу хэлж болно гэхдээ бодитой шүүмжлэх хэрэгтэй. Хүний урмыг хугалхаар ууцыг нь хугал гэдэг энэ чинь үнэн юм байна. Нүдээрээ үзлээ баярлалаа багшаа сайн ажиллаарай гээд явсан. Ийм л байдалтай дэлхий нийтэд бид мэдээллийг цацаж амьдарч байна. Тэгэхээр бид нар ерөөсөө бүгдээрээ л шударга байх хэрэгтэй. Хийж байгаа бол хийж байгаа, хийхгүй байгаа бол хийхгүй байгааг нь хэлдэг л байх хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр хэдэн хүнийг унагахын төлөө ингэж байж болохгүй ээ. Илүү олон үг нуршсан бол уучлаарай, авах гээхийн ухаанаар хандана биз. Хонин жил бол бидэнд үнэхээр өгөөжөө өгсөн сайхан жил болж өнгөрлөө. Энэ 3 жилийн хугацаанд, 2015 оны тоон мэдээлэл гараагүй байна 2012 онтой харьцуулахад эдийн засаг маань 92 тэрбум төгрөгөөр өссөн байнлээ. Эдийн засаг өснө гэдэг бол тэр хэмжээгээр иргэн таны орлого тодорхой хувиар өссөн гэсэн үг. Мөн тодорхой хэмжээний бүтээн байгуулалтуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Зам, гудамж, уулзвар, орон сууц, хүн амьдрах таатай орчин нөхцөл, хотын шинэчлэлийг зөвхөн Улаангом биш бүх 18-н сумандаа эхлүүлэх шинэ эхлэлийг тавьж чадсан. Малчид маань бас ажлаа сайн хийж мал сүргээ таван төрөлд нь өсгөж хамгийн их буюу 2,7 сая мал тоолуулсан сайхан жил байна энэ бол малчдын ажлын үр дүн. Ийм сайхан үр дүнтэйгээр бид хонин жилээ үдэж байна. Цаашдаа бидэнд хийх ажил маш их байна. Аймгийн ИТХ, Засаг дарга цаашдаа хийх ажлынхаа үндсэн сууриа тавиад авчихсан. Бидэнд дахиад итгэл найдвараа хүлээлгэх юм бол бидэнд бодоод байх зүйлгүй цаашид хийхээр төлөвлөөд сууриа босгоод авсан ажлуудаа үргэлжлүүлээд, иргэдийнхээ өмнө тулгамдсан ажлуудыг шийдвэрлээд явна. Ирэх бичин жилдээ аз хийморьтой, эрүүл энх, сайн сайхан байж ахмад буурлууд маань хойч үе бидэндээ сургаалиа хайрласан, өсвөр үе маань хөгжсөн, дунд үеийнхэн маань ажил хөдөлмөртөө шимтсэн ажилтай, хөдөлмөртэй, орлоготой сайхан жил байгаасаа гэж хүсэн ерөөж байна. Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%