ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Мөнгөлөг шагшуурга-2016 цас мөсний баяр амжилттай болж өндөрлөлөө

2016-02-23

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний нээлтэнд ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ч.Чинбат, аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч М.Амарсанаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх, БСГ-ын дарга Б.Ундрах, БТСГ-ын дарга Б.Банзрагч болон байгууллага, сум орон нутгийн удирдлагууд, бүс нутгийн иргэд нийлсэн 12000 гаруй хүн оролцлоо. Мөн “Ном” хөтөлбөрийн хүрээнд манай аймагт ажиллаж байгаа Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Болор цомын эзэн, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэг, 2016 оны Болор цом-33 наадмын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Цэвээн-Очирийн Эрдэнэбаатар, МУСТА, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, МҮОНРТ-ийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Жигмэддоржийн Сарантуяа нар нээлтийн арга хэмцээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газар санаачлан нутгийн иргэд төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж байсан мөсний баяр 6 дахь жилдээ баруун бүсийн хэмжээний томоохон наадам болж өргөжиж байгаад таатай байна хэмээн энэхүү наадмыг санаачлагч, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан онцоллоо.

Байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдыг 2016 гэхэд 5000 хүргэж орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах гол зорилготой тус наадам энэ жил “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулагдлаа. Мөсний баярын арга хэмжээнд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн угсаатны бүлгүүдийн урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрээсээ толилуулсан юм.

Наадмын үеэр аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн, мөсөн сурын харваа, мөсөн шагайн тэмцээнүүд болон олс таталт, бүх нийтийн гүйлт, дээлтэй Монгол хүүхэд-2016 тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулж тус бүрт шилдгүүдийг шалгаруулахаас гадна нийлбэр дүнгээр багийн төрөлд шилдгийн шилдгийг шалгарууллаа. Энэ жилийн тухайд шилдгүүдийг шалгаруулахдаа сум тус бүрийн багийн дүнгээр эхний 3 сум, байгууллага тус бүрийн багийн дүнгээр эхний 3 байгууллагыг шалгаруулж, шилжин явах цомыг гардуулж байгаа нь онцлог болсон гэдгийг зохион байгуулагчид ярьж байлаа.

Тэмцээний нийлбэр оноогоор нээлтийн арга хэмжээнд оролцсон байдал, багт наадмын үзүүлбэр, байгууллагуудын мөсөн байгууламж барьсан байдал, хувцасны жигдрэлт, зохион байгуулалт, цаг ашиглалтын байдал, урлаг, спортын тэмцээнүүдэд байр эзэлсэн байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан зохион байгуулах комисс дүгнэсэн юм. Үүнд:

Сум

1-р байр Чандмань сум 1 сая төгрөг \шилжин явах цом\

2-р байр· Дуут сум 800 мянган төгрөг

3-р байр· Манхан сум 500 мянган төгрөг

Байгууллага

1-р байр· Ховд их сургууль 1 сая төгрөг \шилжин явах цом\

2-р байр Дөргөний УЦС 800 мянган төгрөг

3-р байр Онцгой байдлын газар 500 мянган төгрөг тус тус гардууллаа.

Мөнгөлөг шагшуурга Ховд-2016 мөсний баярт оролцогчдод зориулж мөсөн хотхон хийхээс гадна баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээг гаргаж чадсанаараа онцлог болсон гэж оролцогчид ам сайтай ярьж байв. Тухайлбал Морин чарга поркат, фото зургийн үзэсгэлэн, чарга цана, тэшүүрийн поркат, морь тэмээгээр үйлчлэх үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран хийсэн байна.

2 өдрийн туршид зохион байгуулагдсан баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын дараа аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Ойн анги, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагууд нутгийн иргэдийн бүлэг нөхөрлөлтэй хамтран ариун дагшин Хар ус нуураа хамгаалж хогийг нь цэвэрлэлээ.

                                                                                                                                                                                                                           www.khovd.gov.mn

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%