-Сайхан намаржиж байна уу? Энэ жил
Ховд нутгаар зуншлага илүү сайхан болж байгаа харагдаж байсан? Өвөлжилтийн
бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
ü Ховд аймагт зуны гурван сард жилдээ ордог хур тунадас
олон жилийн дундажаас бараг 3 дахин их орж үнэхээр өвс ногоо, ургамал ус тэгширсэн сайхан
зуншлага боллоо.
Ховдчууд бол хэдийнээс нааш хөдөлмөрч
ард түмэн билээ. Олон зуун жил их Алтайн уулсаа тойрч, адуу малаа адгуулж,
бэлчээрийг хуваарьтай ашиглаж, эрхэст тэнгэр, ирж буй цагийг тунгаан ойлгож,
амьдралынхаа бүхий л зүйлийг бэлдэж, тохируулж ирсэн түүхтэй олон ястан ард түмэн.
Манай иргэд, нэн ялангуяа малчин иргэд өөрсдөө өвөлд шаардлагатай өвс тэжээл,
аргал түлш, , хувцас хунар гээд хувийн бүх бэлтгэлээ хэнээр ч хэлүүлэлтгүй
хангаж чаддаг улсууд. Ховд хот болон суурин газруудын хувьд өвөлжилтийн бэлтгэл
ажилдаа ид ороод байна. Цахилгаан дулаан, цэвэр бохир усны засварын ажлаа зуны
улиралд хийж гүйцээсэн.
-Та энэ
албыг хашаад багагүй хугацаа өнгөрчээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлж
үйл ажиллагааг нь чанаржуулах нь юу юунаас илүү чухал билээ. Энэ чиглэлээр хийж
байгаа ажлаасаа ярина уу?
ü Монгол улсын түүхэнд нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллагын үүсэл хөгжил нь олон жилийн туршлагатай, батжаад бэхжчихсэн зүйл
биш юм. Нэн ялангуяа 1992 онд батлагдсан Шинэ Үндсэн хуулиас хойш энэ
байгууллага үүсэн байгуулагдаж 20 гаран жил болж байгаа түүхтэй. Нутгийн өөрөө
удирдах байгууллага гэдэг бол нийт иргэд сонгогчдын байгууллага юм. Шат
шатандаа бие даасан, харьцангуй бусдаас хамаарал багатай, гэхдээ Монгол улсын
хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн тухайн нутаг
дэвсгэрт хуулиар зохицуулж чадаагүй нийгмийн харилцааны тухайн үеийн
шаардлагаар гарч ирж буй асуудлуудыг нийтийн эх ашгийн төлөө шийдвэрлэж,
тогтоол шийдвэр гарган хууль мэт хэрэгжүүлж явдаг байгууллага билээ. Энэ
байгууллага нь дээрээ харъяалалгүй, дэргэдээсээ дэмжих дэмжлэг маш багатай шинэ
байгууллага. Тийм учраас энэ байгууллагыг бэхжүүлэхийн төлөө үе үеийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын байгууллагыг удирдаж байсан шат шатны удирдлагууд,
идэвхтэн сонгуультнууд нэлээд ажлуудыг хийж ирсэн. Ховд аймгийн хувьд Хурлын
байгууллага нь өөрөөсөө сонгосон Засаг дарга, түүний Тамгын газрын зарц мэтээр
ажилладаг, албат мэтээр ажилладаг байдлаас салгахын төлөө зүтгэн ажиллаж байна.
Үүний тулд бие даасан, өөрийн гэсэн бүтэцтэй, орон нутаг дахь нийгэм эдийн
засгийн бүхий л асуудлаар шийдвэр гаргах бололцоотой, чадвартай, Ажлын албатай,
4 жилээр сонгогдоод ирж буй Төлөөлөгчдийг Ажлын албаар дамжуулан, чиглүүлэн
сурган дадлагажуулж, хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргуулж хэрэгжилтийг нь хангуулдаг байгууллага болохын тулд олон зүйлийг
хийсэн. Манай аймгийн ИТХ нь дотроо 3 хэлтэстэйгээр 3 дахь жилдээ ажиллаж
байна. Энэ байгууллага нь иргэдийн Төлөөлөлд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргахад
нь, асуудал боловсруулахад нь, гаргасан шийдвэрт хяналт тавихад нь, мөн доод
шатны иргэдийн Хурлын байгууллагад зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд чиглүүлэх
зэргээр дэмжлэг туслах асуудалд анхаарал хандуулан ажилладаг мэргэжлийн Төрийн
албан хаагчдаас бүрдсэн тогтвортой ажиллагаатай байгууллага болохын төлөө
ажиллаж байна.
-Сүүлийн
үед танайх хэд хэдэн чухал бодлогын баримт бичгүүдийг санаачилж боловсруулж
гаргалаа. Үүний хэрэгжилт биелэлтийг хэрхэн хангах талаар тодруулж асуумаар
байна?
ü Ер нь орон нутгийн сонгуулиар шинээр сонгогдсон ИТХ
аймаг, орон нутгийнхаа хэтийн хөгжлийн асуудлаар төлөвлөлт хийж, бодлогоо
тодорхойлохын тулд Ховд аймгийн нийгэм эдийн засаг, байгалийн нөөц, засаглалын
байдалд эрдэмтэн мэргэд, ажил хариуцсан албан тушаалтануудын оролцоотой дүн шинжилгээ
хийсэн. 1990 оноос хойш 2012 он хүртэлх 20 гаруй жилийн статистик тоо
баримтан дээр үндэслэн Ховд аймгийн өнөөгийн хөгжил, нийгэм эдийн засаг нь ямар
байгаа юм, аймаг орон нутаг цаашдаа хөгжихийн тулд ямар үйлдвэрлэл, салбарын түлхүү
хөгжүүлэх вэ, орон нутгийн түвшинд засаглалын чадавхи хэр зэрэг байгаа талаар
Ховд аймгийн нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажил болсон юм. Энэ
судалгааны дүн дээр үндэслэн “Ховд аймгийг 2015-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ийг
боловсруулсан. Энэ стратегийн гол агуулга нь хүнийг хөгжүүлэх, хүний ажиллаж
амьдрах хамгийн аятай тухтай орчныг бүрдүүлэх, мөн аймаг, орон нутгийн эдийн
засгийг олон тулгууртай болгох зорилтыг голчлон дэвшүүлэн тавьсан. Стратегийн
бодлогын баримт бичгийг батлан гаргаж Ховд аймгийн бүх сумд, аж ахуй нэгж
байгууллага, айл өрх, хүн болгон мэдэж байвал цаашдаа хөгжлийнхөө хандлагад
тохируулан аж ахуйн нэгжээ удирдан зохион байгуулах, сум орон нутгаа удирдан
зохион байгуулах, өрх гэр ч гэсэн өөрийнхөө хэтийн төлөвлөлтийг орон нутгийнхаа
төр захиргааны бодлогын хүрээнд хувь хүмүүс ч гэсэн бизнесээ энэ хүрээнд төлөвлөж
байвал хөгжлийн загвар луу хамт орох бололцоо бий болно гэдэг үүднээс иргэд, аж
ахуйн нэгж, байгууллагуудад маш сайн сурталчлах ажлыг аймгийн Засаг дарга, түүний
Тамгын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч зохион
байгуулж байна. Ховд аймгийг 2015-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс хэд хэдэн чухал баримт
бичгүүдийг боловсруулж гаргасан. Үүний нэг нь бол Ховд аймагт хөрөнгө оруулалтын
бодлогыг яаж хэрэгжүүлэх талаар аймгийн хөрөнгө оруулалтын талаар баримтлах
бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-аас батлан гаргалаа. Мөн уул уурхайн талаар
баримтлах бодлогын баримт бичиг, үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх
талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг аймгийн ИТХ-аас баталсан. Үүний хүрээнд
бид Ховд аймагт 6, 7 жил улс төрчдийн амны бай болж ирсэн Хөшөөт төслийг хэрэгжүүлэх
ажлыг эхлүүлсэн. Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд нүүрсний үнэ хамгийн
доод цэгтээ унасан, борлуулалт маш бага байгаа ийм хүнд үед Хөшөөтийн уурхай
олборлолтын ажлаа эхлүүлж, борлуулалтаа бас хийж байна. Мөн 2014 онд Ховд
аймагт Хөрөнгө оруулалтын Олон улсын чуулга уулзалтыг анх удаа орон нутагтаа
амжилттай зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтанд Ховд аймгаас нийт 80 гаруй төсөл,
хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан. 6 улс, 5 олон улсын байгууллага,
гадаад дотоодын нийлсэн нийт 300 гаруй төлөөлөгчид, бизнес эрхлэгчид ирж
оролцсоноос 100 гаруй нь гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл
байсан. Тус чуулганаар нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий
гэрээ, санамж бичгийг үзэглэсэн байна. Үүнээс өнөөгийн байдлаар хамгийн
амжилттай хэрэгжиж яваа гол төслүүд бол Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн
хавцалд Ховд голд Усан цахилгаан станц барих төслийн баг нь
Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаад ажилдаа орсон, хөрөнгө оруулагч олох,
Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх
ажлыг эхлүүлээд байна. 2 дахь том төсөл бол Ховд аймагт жилд 500 мянган тоннын хүчин чадал бүхий Цементийн
боловсруулах үйлдвэр барих төсөл юм. Цементийн үйлдвэрийг Монгол улс, БНХАУ-ын
хамтарсан хөрөнгө оруулалттай “Ховдын цемент, шохой” ХХК нь цементийн үйлдвэр
байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулж, үйлдвэрийн газар, үйлдвэрт
шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл болон бусад бичиг
баримтуудаа бүрдүүлээд байна. Мөн тэрчлэн үйлдвэр байгуулах хөрсний геологи,
уул уурхайн судалгаагаа хийгээд дууслаа. Энэ ондоо багтаж үйлдвэрийн барилгын
ажлыг эхлүүлж 2016 онд 11 сар гэхэд Ховд аймагт цементийн үйлдвэр баригдаж
дуусах юм. Тус үйлдвэр баригдаж дууссанаар жилдээ улс, орон нутгийн төсөвт нийт
30 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж, шимтгэл төлөгдөнө. Хамгийн гол нь
баруун бүс нутагт цементний үнийг 2 дахин хямдруулах бололцоо бий болж байгаа
юм. Гэх мэтчилэн олон асуудлыг шийдсэний нэг нь бол Ховд хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөг Ховд аймгийн ИТХ энэ хугацаанд шинэчлэн боловсруулж, ерөнхий төлөвлөгөөг
батлуулж, ирээдүйд Ховд аймаг Монголын баруун бүс нутгийн үйлдвэрлэл, эдийн
засаг, худалдаа, аялал жуулчлал, транзет тээвэр, бусад салбарууд эрчимтэй хөгжсөн,
бүс нутгийнхаа таталцлын төв болон хөгжих зорилтыг тавин ажиллаж байна.
-Ховдчууд
бол олон үндэстэн ястны өлгий болсон онцлог ард түмэн. Энэ түмэнд Монгол хүний
ёс жудаг, зан заншил, хүн чанар илүү уламжлагдаж хадгалагдаж байна уу гэж би
хувьдаа дүгнэдэг. Энэ ард олны онцлог, давуу чанарын талаар таньтай ярилцмаар
байна?
ü Ховд аймаг бол Монгол улсын хэмжээнд хамгийн олон ястан, үндэстэн
амьдардаг, олон жилийн турш Алтайн уулсаа дагаж бие биентэйгээ элэгсэг, халуун
дотноор хамтран ажиллаж, амьдарч ирсэн. Манай аймаг нийтдээ Монгол улсад байдаг
нийт 10 үндэстэн, ястнаас бүрддэг учраас энд үндсэрхэх үзэл байхгүй гэж ойлгож
болно. Мөн иргэд нь асар их хөдөлмөрч уламжлалтай хүмүүс учраас бид цаашдаа энэ
олон ястан иргэдийнхээ эв найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх бодлого
барьж ажиллаж байгаагийнхаа зэрэгцээ үндэстэн, ястнуудын өв соёлыг сэргээх,
хамгаалах, үр ачдаа өвлүүлж үлдээх зэрэг томоохон бодлогыг хэрэгжүүлж байгаа.
Тийм ч учраас аймгийн ИТХ-аас “Ном”, “Авъяас”, “Аварга”, “Алтан өв” зэрэг хөтөлбөрийг
батлан хэрэгжүүлж байна.
-Ойрын
хугацаанд төлөвлөж байгаа ажлуудаасаа сонирхуулаач?
ü Энэ удаагийн аймгийн ИТХ аймаг, орон нутгийнхаа эдийн
засаг, нийгмийн хөгжлийн ирээдүйд асар их ач холбогдолтой хоёр, гуравхан
асуудлыг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь бол Хөшөөт төслийг
эхлүүлэн ажиллаж байна. Хоёр дахь том ажил бол Цементийн үйлдвэр байгуулах.
Ингэснээр аймаг, орон нутгийн ДНБ-ийг өсгөх, импортыг орлох, ажлын байрыг
шинээр бий болгох асар том ач холбогдолтой юм. Гурав дахь том асуудал бол Ховд
аймаг Алтайн нурууг тойрсон ОХУ, БНХАУ, Казахстан улсуудын хөрш зэргэлдээ
аймаг, мужууд болон Монгол улсын баруун хязгаар нутгийн аймгуудынхаа дунд эдийн
засгийн таталцлын төвийг бий болгох, тэнд голлон тоглогч болох бодлогыг
баримталж байгаа. Энэ нь Ховд аймагт өнгөрсөн 2, 3 жилийн дотор баригдсан олон
улсын босоо тэнхлэгийн автозам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон Ховд, Баян-Өлгий
аймгийг дамжин өнгөрөх том транзет замын асуудал юм. Нийт 740 км замаас 160 км
зам үлдчихээд байгаа бөгөөд 2016 онд ашиглалтанд орно. Энэ зам цаашдаа Монгол
улсын баруун хязгаар нутаг, тэр тусмаа Ховд аймаг, Баян-Өлгий аймагт асар их
боломжийг авчирч байгаа хөгжлийн том үүд болсон бүтээн байгуулалтын ажил гэж
ойлгож байна. Тэгэхээр энэ том транзит тээврийн замыг ашиглаж тээвэр ложистик,
агуулахын аж ахуй болон аялал жуулчлал зэрэг манай аймаг төдийгүй бүс нутагт
байхгүй хамгийн том, ирээдүйтэй салбаруудыг хөгжүүлэх ажил юм. Энэ ажлын суурь үндсийг
тавихын төлөө нэлээд олон ажлуудыг зохион байгуулах шаардлага байгаа.
-Энэ
цагт үед орон нутагт хамгийн ихээр тулгамдаж буй бэрхшээл юу байна вэ?
ü Монгол улсын төдийгүй дэлхийн эдийн засагт хүндрэл үүссэн
энэ үед мэдээжийн хэрэг орон нутагт бас энэ хандлагыг дагаад санхүү эдийн
засгийн зарим бэрхшээлүүд байна. Гэхдээ орон нутаг бол харьцангуй хямрал, хүндрэл
нь хүн ам төвлөрсөн суурин газраа бодвол гайгүй байгаа. Мэдээжийн хэрэг зах
зээлийг тэлж байж эдийн засгаа өсгөх, эдийн засгаа өсгөж байж хүн арддаа
ноогдох аж амьдралыг сайжруулах бодлогыг төр засаг, орон нутаг аль аль нь авч
хэрэгжүүлэх байх. Энэ чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлууд олон байна.
-Хөшөөтийн
уурхайгаас орон нутаг юу хүртэж үлдэж чадах вэ? Энэ уурхайг ашигласны ач
холбогдлын талаар тодорхой мэдээллийг манай уншигчдад өгөөч?
ü Аймгийн ИТХ-аас Хөшөөт төслийн талаар баримтлах бодлогын
баримт бичгийг тусгайлан хэлэлцэн батлаж, Ховд аймгйин Засаг дарга болон МоЭнКо
ХХК-ын хооронд 2013 онд гэрээ байгуулан гарын үсэг зурж Хөшөөт төслийг эхлүүллээ.
Хөшөөт төслийг эхлүүлснээр Хөшөөтийн нүүрсний уурхай дээр нийтдээ 800 гаруй
ажлын байр шинээр бий болж, 70 гаруй аж ахуйн нэгжүүд уурхай дээр ямар нэгэн
байдлаар ажил, үйлчилгээ явуулж байна. Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд нүүрсний
үнэ хамгийн доод цэгтээ унасан, борлуулалт маш бага байгаа ийм хүнд үед Хөшөөтийн
уурхай олборлолтын ажлаа эхлүүлж, борлуулалтаа бас хийж байна. Ховд аймгийн
Булган сумын Ярантын боомтоор БНХАУ-ын талд эрчим хүчний нөөцийг борлуулж
байна. Үүний хажуугаар Ховд аймгийн сумдууд, аж ахуйн нэгж байгууллагуудад
хэрэглээний нүүрсийг нийлүүлж байна. Хөшөөт төслийн гэрээний гол агуулга нь
хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн ил тод байдлыг хангах, мөн
уурхайд ажиллаж буй нийт иргэдийн 70 орчим хувийг орон нутгаас ажиллуулах,
ханган нийлүүлэтийн 50-аас доошгүй хувийг орон нутгийн аж ахуйн нэгж,
байгууллага, иргэд хийх, Хөшөөтийн нүүрснээс тодорхой хувь хэмжээг орон нутгийн
ирээдүйн хэрэгцээнд авч үлдэх, Ховд аймаг, МоЭнКо ХХК хамтран орон нутгийн хэрэглээний ажлыг
зохион байгуулах, Хөшөөт тосгоны нүүлгэн шилжүүлэх, Ховд-Хөшөөт хөгжлийн санг
байгуулж борлуулалтын орлогын хувь хэмжээнээс шалтгаалан жил бүр тодорхой мөнгийг
төвлөрүүлж Ховд аймгийн нийт иргэдийн боловсрол, эрүүл мэнд, бусад нийгмийн
асуудлыг шийдэхэд нь хамтран хэрэгжүүлж байхаар тусгасан гэрээг байгуулсан.
-Ховд
аймгийн маргаашийг та ямраар төсөөлж байна вэ?
ü Дээр таны асуусан асуултанд хариулсан хариулт байгаа.
Ховд аймаг бол Азийн төв цээжинд байдаг энэ Алтайн нурууг тойрсон БНХАУ-ын ШУӨЗО,
ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улс, Казахстан улс, Монгол улсын Баруун бүс нутаг
зэрэг энэ том нэг тойрогт байгаа нэг бүс нутагт амьдарч байгаа 20 гаруй сая хүн
амтай эдийн засгийн бүсчлэлийн хүрээнд өөрийн нутаг дээгүүр дайран өнгөрч
байгаа Ази, Европыг холбосон автозамыг ашиглаж ирээдүйд Ховд аймгийн 80 мянган
иргэдийн хэрэгцээг хангах, өөрөө өөрийгөө болгох явцуу бодлого биш энэ асар том
нутаг дээр амьдарч буй 20 гаруй сая иргэдийн нийгэм, эдийн засагт тулгарч буй, өсөн
нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хамтарч оролцдог бүс нутгийн таталцлын төв,
жуулчлалын төв болж хөгжих бололцоо байна. Өнөөдөр Ховд аймгийн болон Монгол
улсын эдийн засгийн болон хүн амынх нь амьдралын байгаа орчин зэргэлдээх бүс
нутгуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдралын түвшинд тун удахгүй хүрнэ гэж
ойлгож байгаа. 2025 он гэхэд бид хөрш зэргэлдээх өндөр хөгжилтэй 2 орныхоо хил
залгаа бүс нутгуудын эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшин, дэд бүтэц зэрэг
салбарын хөгжилд ойртож очно гэсэн ирээдүйг харж байна. Энэ бол бидний зорилго,
энэ бүхэнд Ховдчууд бид ойртож очно гэсэн ирээдүйг харж байна.
-Та бол
нутгийн удирдлагын шат шатанд ажиллаж, дадлага туршлага хуримтлуулсан хүний
нэг. Нутгийн удирдлагын салбарын ямар шинэчлэлийг хүсдэг вэ?
ü Нутгийн удирдлагын байгууллага нь өөрөө шинэ байгууллага.
Гэхдээ нутгийн удирдлагын байгууллагыг иргэд сонгож, орон нутгийн удирдлагын түвшинд
өөрийнхөө оролцоог төлөөлүүлэх хүнээ сонгож гаргадаг учраас үе үеийн иргэдийн
хуралд янз бүрийн боловсролтой, амьдралын янз бүрийн түвшинд амьдардаг олон хүмүүс
цуглаж ажилладаг. Гэхдээ анх эхлэж байснаа бодвол өнөөдөр хавьгүй их амжилтыг
олсон. Цаашдаа ч их амжилтанд хүрнэ гэж ойлгож, бодож явдаг. Хамгийн гол нь
нутгийн удирдлагын байгууллагын өөрийнх нь үүрэг, функцийг зөв тодорхойлж, төрийн
захиргааны байгууллагатай харьцах харьцааг нь бодлогын болон хууль эрхз үйн
зарим шинэчлэлүүдийг зайлшгүй хийх ёстой гэж боддог. Үүнийг бид биш УИХ
боловсруулан батлаж, орон нутагт хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Хамгийн гол
нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг хангах, төрийн
захиргааны байгууллагын хараат байдлаас гаргах, энэ 2 байгууллагын байх ёстой
байр суурийг зөв тодорхойлж, хамтын ажиллагааг нь зөв зохицуулж явах нь тухайн үеийн
энэ байгууллагыг удирдаж яваа хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаална гэж бодож
явдаг.
-Өнөөгийн
улс төрд өрнөж байгаа амьдралыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
ü Монгол улс нь Үндсэн хуулиараа олон намын тогтолцоот
парлемантын засаглалыг тунхагласан Ардчилсан улс. Бид Америк шиг 200, 300 жил
Ардчиллын замаар яваагүй ч 20 жилийн дотор асар их амжилтыг олсон. Өнөөдрийн
улстөрийн байгаа байдал нь цаг үеийнхээ араншингаар гарч ирж байгаа байдаг л зүйл
гэж бодож явдаг. Зарим хүмүүс Монголын улс төр хямарсан байна, дампуурсан байна
гэж ярьдагтай би санал нийлэхгүй. Бид өчнөөн олон асуудлыг энэ хугацаанд шийдэж
чадсан, цаашдаа ч шийдэх бололцоотой, Монголчууд ухаантай учраас аливаа зүйлд
уян, тайван ханддаг. Улстөрөөс болж нийгэм хөдөлдөг, нийгэм тэр чигээрээ
хоорондоо 2, 3 тал болж маргалдах үзэгдлүүд
энэ ертөнцөд энд тэнд өчнөөн гарч байна. Монгол улсад лав энэ байдал хэзээ ч
гарахгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Тиймээс өдрөөс өдөрт, жилээс жилд бүх зүйлд
өөдрөг, өнгөрснийхөө алдаа дутагдлыг засаж, өөрчлөгдөж явах энэ диалектикт
итгэдэг.
-Миний
ярилцлага хийсэн хүн бүрээс асуудаг ганц асуулт минь байгаа юм. Монгол орны хөгжлийн
гарцыг та юу гэж үздэг вэ?
ü Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлдог том эдийн
засагч юм уу, улстөрч гэж ойлгохгүй байна. Улс орны хөгжлийн талаар үе үеийн төр,
засаг концепцээ дэвшүүлж, тэрнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн.
Мэдээжийн хэрэг хамгийн нэгдүгээрт бид бие даасан тусгаар улс болсон олон
жилийн түүх нь эцэг өвгөдийн бидэнд үлдээсэн хэвлийгээрээ дүүрэн баялаг, сайхан
байгальтэй том газар нутаг руу хэн ч биднээс асуулгүйгээр халдан довтолж чадахгүй
болтол нь Монгол улсын тусгаар тогтнолоо өвлүүлэн баталгуужуулж үлдээсэн нь
бидний хамгийн том ололт. Энэ ололтон дээрээ түшиглэж, орчин үеийн хөгжлийн чиг
хандлагад нийцсэн, өөрийн гэсэн өвөрмөц нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг
хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч байдлаар байх болов уу гэж бодож байна. Хамгийн гол
нь Монгол хүний оюун ухааныг дээд зэргээр хөгжүүлэх, Монгол хүний чадвар
чадамжийг дээшлүүлэх, Монголчуудын авьяасыг ашиглаж цөөхөн Монголчууд дэлхийд өөрсдийн
гэсэн гэр орон, улс орныг байгуулан явж байгаа нь бидний бахархал юм. Тиймээс
бидний хөгжлийн ирээдүй нь бидний боловсролтой, соёлтой, дэлхийн хэмжээний
боловсрол эзэмшсэн, хөгжингүй орнуудаар явж туршлага судлан, нүд тайлсан бидний
залуу ирээдүй, залуучууд маань л Монгол орноо улсын дайтай авч явна гэж бодож
байна.
-Сүүлийн
асуултыг нээлттэй үлдээе?
ü Төвийн ч бай, орон нутгийн ч бай хэвлэл мэдээллийн
байгууллагад тэр болгон оролцъё гэж бодолгүй 3 жил гаруй болж байна. Энэ
хугацаандаа бараг хэвлэлийн өмнө очоогүй. Миний хувийн бодол бол олны өмнө гарч
олон зүйл ярьж, их юм хийж байгаа юм шиг харагдаад байхыг боддоггүй. Манай
байгууллага нь “Нутгийн удирдлага” сэтгүүлтэй олон жилийн турш хамтарч ажиллаж
байна. Цаашдаа ч хамтарч ажиллана. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
нь хууль эрхзүйн зарчимаар бие даасан тусгай институц. Дээрээс бидэнд дэмждэг, тусалдаг байгууллага бараг байхгүй гэж хэлэхэд болно. Харин
бидэнтэй хамтран ажиллаж сайн шинэ санааг нийтийн хүртэл болгож явдаг танай сэтгүүлийн хамт олон болон танай сэтгүүлээр
дамжуулан Нутгийн өөрөө удирдах байгууллагын нийт сонгуультан ажилтан, албан
хаагчдад ажилд нь амжилт, сайн сайхныг хүсье.
"Нутгийн удирдлага" сэтгүүл, 2015 №05/113