Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор "Архигүй, тамхигүй Ховдчууд" хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ард иргэдэд архи, тамхины хор хөнөөлийг сурталчлах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүүл, зөв аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 10-р сарын 16-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Монгол ЭМ Импекс Концерн компани хамтран зохион байгууллаа.
"Архигүй, тамхигүй Ховдчууд" хөтөлбөрийн хэлэлцүүлэгт Засаг даргын дэргэдэх харъяа агентлагууд болон Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 300-аад хүн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Залуучуудын холбоо, Ховд аймаг дах Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хөгжил-Политехник коллеж, Монгол эм импекс концерн, Цагдаагийн газар гэсэн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд “Архигүй, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлынхаа тайлан мэдээллийг хийсэн юм.
Мөн энэ үеэр тухайн байгууллагууд, аж ахуй нэгжүүд хэрхэн хамтарч ажиллах, архигүй тамхигүй Ховдчуудын төлөө цаашид ямар ажлуудыг зохион байгуулах зэрэг олон талт асуудлуудаар хэлэлцэн, санал солилцсон юм.