2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн
Тэргүүлэгчдийн хуралдаанаар Баруун бүсийн жудо бөхийн бэлтгэлийн төвийг Ховд
аймгийн уугуул, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Жудо бөхийн спортыг Монгол
улсад үндэслэгч Чойсүрэнгийн Машбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
Баруун бүсийн жудо бөхийн бэлтгэлийн
төв нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд шинээр
нээгдсэн билээ.
Монгол улсын Гавьяат дасгалжуулагч
Чойсүрэнгийн Машбат нь 1941 онд Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. 1960-1966 онд
ЗХУ-д суралцах хугацаандаа Самбо бөхөөр хичээллэж спортын мастерийн болзолыг
хангаж байжээ. 1967-1969 онд Улаанбаатар хотод Самбо, жудо бөхийн секц
дугуйланг өөрөө санаачлан, удирдан явуулж, 1969-1978 онд Самбо, Жудо бөхийн үндэсний
шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байжээ. Ч.Машбат нь эх
орныхоо нэрийн дор итгэл хүлээж 1971 онд Дэлхийн бөхийн холбоонд комиссын
гишүүн, 1973 онд Монгол улсын анхны Олон улсын шүүгч, 1975 онд Азийн бөхийн
холбоонд комиссын даргаар тус тус сонгогдож, 1973, 1974, 1975 оны ДАШТ-ийг
удирдах бүрэлдэхүүндэ ажиллаж байжээ. 1973 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн
зарлигаар спортын Гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдаж байсан.
Ч.Машбатын шавь нарын амжилтаас
дурьдвал:
Б.Буядаа - Мюнхэн-1972 Зуны олимпоос Мөнгөн
медаль
Ш.Чанарав - 1973 оны самбо бөхийн
ДАШТ-ээс Алтан медаль
Х.Баянмөнх - 1974 оны самбо бөхийн
ДАШТ-ээс Алтан медаль
Г.Батсүх - 1974 оны самбо бөхийн
ДАШТ-ээс Алтан медаль
М.Пунцаг - 1975 оны самбо бөхийн
ДАШТ-ээс Алтан медаль
Ц.Дамдин – 1980 оны Москвагийн олимпоос
Мөнгөн медаль
Р.Даваадалай – 1980 оны Москвагийн
олимпоос Хүрэл медаль
Л.Бадамсүрэн - 1990 оны самбо бөхийн
эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Алтан медаль
Х.Гэрэлт-Од – 2005 оны Жудо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, самбо бөхийн дэлхийн 5 удаагийн аварга гэх мэтчилэн шавь нараас нь самбо, жудо бөхөөр ДАШТ-ээс нийт 27 алт, 43 мөнгө, 35 хүрэл медаль хүртэж байжээ.
Түүний шавь нараас дасгалжуулагчийн үйл хэргийг Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав, Ч.Өвгөнхүү, Б.Гэлэг, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням, гавьяат дасгалжуулагч Л.Сосорбарам, Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц, Н.Батлав, Ш.Цэвэлмаа нар Жудо бөхийн спортыг хөгжүүлсээр байна.
Ч.Машбат нь Самбо, Жудо бөхийг Монгол
улсад хөгжүүлэх талаар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн анхны
эрэгтэй, эмэгтэй тамирчдыг дэлхийн тавцанд гаргасан үндэслэгч билээ.