Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаанаар Улсын чанартай автозам дагуух газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байна.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн шинэ нөхцөлд уялдуулан газрын харилцааны эрх зүйн орчныг шинэтгэх ажлын хүрээнд гарсан Газрын тухай багц хуулиуд нь газрын харилцааны зохицуулалт улам бүр боловсронгуй болж газрын үр өгөөжийг зөвхөн ашиглах бус, хамгаалах, нөхөн сэргээх, газрын харилцаанд оролцогчдод тэгш шударга байдлыг хангасан эрх, үүргийн харьцааг тэнцвэржүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үндсэн нөхцөл болж байна.
Үүнийг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл нь эдийн засгийн хөгжлийн бүсчлэлийн ерөнхий бүдүүвчтэй уялдсан салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүнд шаардлагатай газрын хэмжээ, байршлыг оновчтой тогтоож, газрыг урт хугацааны түршид экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай ашиглах явдал болж байгаа нь газрын харилцааны салбарт олон талт ажлыг явуулах үндэслэл болсон.
Тиймээс Барилга, хот байгуулалтын яамнаас 2011 онд “Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын нөөц тогтоох ажил"-ыг боловсруулж улсын хэмжээнд нийт 241 544 га, Ховд аймагт 27 904 га газрыг өмчлүүлэх боломжтой гэж тогтоосон байна.
Уг ажлын зорилго нь газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс “Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын нөөц тогтоох ажил”-ын хүрээнд иргэнд өмчлүүлэх боломжтой гэж нөөцөөр тогтоогдсон газарт “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө" боловсруулахад оршиж байгаа юм.
2014 онд 8 суманд буюу Булган суманд 2277,4 га, Дарви суманд 668 га, Манхан суманд 2150 7 га, Ховд суманд 684.4 га , Эрдэнэбүрэн суманд 729,5 га, Буянт суманд 206,3 га, Зэрэг суманд 601,9га, Мянгад суманд 886,2 га нийт 3776.З га газарт "Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г боловсруулсан бөгөөд тус төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн баталж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө хэсэгчлэн тусгаж, газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.