Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг
хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг
дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт
Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний
сайд Д.Зоригтод даалгалаа.
Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад
шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тухай хуулиар Эрчим хүчний сайдын багцад
орсон “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн
зардал”-аас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд
Д.Зоригт нарт даалгалаа.
Мөн 2016 оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг
сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд Увс, Баян-Өлгий, Ховд
аймгийн төв, 46 сум, 11 багийн төвийг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем,
Дөргөний усан цахилгаан станц болон БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр ханган
ажиллаж байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2013 онд 127.1 сая
кВтцаг байснаас нийт хэрэглээний 28.6 хувийгг Дөргөний усан цахилгаан станцаас үйлдвэрлэж,
үлдсэнийг ОХУ, БНХАУ-аас импортолж хангасан байна.
Сүүлийн жилүүдэд тус бүсийн эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-10 гаруй хувиар
өсөж байна.