Аймгийн ИТХ-д хэд дэхь удаагаа сонгогдож байгаа вэ? ИТХ-аас гарч буй бодлого
шийдвэрт таны байр суурь ер нь ямар байдаг вэ?
Ховд
аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Аймгийн ИТХ нь
Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө оновчтой бичиг баримт батлаж сайн ажиллаж
байгаа. Учир нь аймгийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн стратегийг 2015-2025 он
хүртэл гаргасан олон баримт бичгүүдийг
баталлаа. Аймгийн хүндэт иргэн, хүндэт тэмдэг, хүндэт дэвтэр, Галдан бошгот
хааны шагнал гээд олон зүйлийг шинээр баталсан. Аймгийн сүлд, далбаа, бэлгэдлийг
шинэчлэх үйл ажиллагаанд манай сумын уугуул төрийн соёрхолт Л.Ганхуягийн
ирүүлсэн бүтээл шалгарч аймгийн
бэлэгдлээр баталсан. Л.Ганхуягийн тухайд
түүх судлаач хүний хувьд судалгааны ажил дээр түшиглэсэн бүтээл хийсэн. Бодлого
шийдвэрт тусгагдаж буй миний байр суурийн тухайд олонхи байж үзсэн, одоо харин
цөөнх байж үзэж байна. Гэхдээ
хуралд оролцох тал дээр хурлын дарга маань харьцангуй ялгавар гаргалгүй
ажилладаг. Гагцхүү олонхийн намын бодлогоор орж ирж буй асуудал нь багцлагдаж,
цэгцэрсэн орж ирдэг. 2012 оны эцсээр нилээд хатуухан байр сууринаас хандаж бүх багийн засаг дарга нарыг унаажуулах, таван сумын ЗДТГ-ын машин шинэчлэх тал дээр санал бодлоо хэлж
байсан. Төлөөлөгчийн хувьд энэ асуудлаа шийдвэрлүүлж авч чадсан. Бурууд хатуу,
зөвд зөөлөн гэдгээр харьцдаг. Миний
хувьд идэвхитэй төлөөлөгчдийн
тоонд ордог. Аймгийн стратеги
төлөвлөгөөнд миний гурван санал тусгагдаж өгч чадсан. Үүнд: 1-рт Спортын арга хэмжээг нэг бүлэг
болгон тусгуулсан, 2-рт залуу малчдыг малжуулах, зээлийн тусламжинд хамруулах,
3-рт төрийн албан хаагчдийн ажиллах нөхцлийг хангах талаар оруулж өгсөн.
Сумаас сонгогдсон төлөөлөгчийн тойрогтоо
хэрхэн ажиллаж
байна вэ?
Эрдэнбүрэн суманд тулгамдаж байгаа нэг асуудал бол хүн
амын шилжих хөдөлгөөн юм. Энэ асуудлыг тийм ч сайн зохицуулж чадахгүй л
байна. Малчдын эгнээ цөөрч байна. 2013
оноос эхэлж ОНХСан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 48 сая мөн аймгийн
Хөдөлмөрийн хэлтэсээс 12 сая нийт 60 сая төгрөгөөр малжуулах төсөл эхэлсэн. Аль
болох малчдын эгнээ, тэр дундаа залуу малчдын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч
ажиллаж байна. Мөн бид хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна. Сумандаа хоёр
удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж нийслэл хотноо байгаа нутгийн иргэд,
оюутан залуусынхаа дунд мөн хэлэлцүүлэг
зохион байгуулсан. Бүх л насны иргэдийн санаа бодлыг тусгасан хөгжлийн
хөтөлбөр болсон. Энэ чиглэлээр манай суманд хийгдэх хоёр том хөрөнгө оруулалтын
ажил байна. Аймгийн хөгжлийн бодлогын стратегт орсон Шижигтийн хавцлийн усан цахилгаан станц
барих төлөвлөгөө. Энэ станц байгуулагдсанаар хүн амын төвлөрөл бий болж мөн
гэрэл цахилгаан дагаад тэжээлийн аж ахуйн үйл ажиллагаа идэвхитэй
хөгжих болох боломжтой.