ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Төвийн судалгааны багийн ахлагч аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Б.Ганбаттай хийсэн ярилцлага

2014-12-11

Ховд аймгийн хөгжлийн стратеги /2015- 2025 он/-ийг боловсруулсан Төвийн судалгааны багийн ахлагч аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Б.Ганбаттай хийсэн ярилцлага

Ховд аймгийн 2025 он хүртлэх хөгжлийн стратегийг аймгийн ИТХ-ын 2014 оны 10 сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэж баталлаа. Та энэхүү баримт бичгийн агуулгын талаар ярихгүй юу?

Б.Ганбат: Энэхүү баримт бичиг нь Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглал, хүний хөгжлийг дараагийн 10 жил буюу дунд хугацаанд хөгжүүлэх аймгийн хөгжлийн суурь баримт бичиг болж байгаа юм. Дараагийн 10 жилд сонгогдох үе үеийн ИТХ, ЗДТГ энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх ёстой. Уг баримт бичигт туссан тэргүүлэх чиглэл, стратеги, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж чадсанаар Ховд аймаг 2025 он гэхэд хөгжлөөрөө Монгол улсын тэргүүлэх аймгийн нэг болох юм.

Стратегийг хэрхэн боловсруулсан талаар тодруулна уу?

Б.Ганбат: Аймгийн хөгжлийн суурь судалгаа хийх, стратеги боловсруулах тухай ИТХ-ын тогтоол 2014 оны 3 сард гарч ажлын хэсгийг байгуулсан. Удирдлагын багт аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, ажлын хэсгийн удирдлагын багийн гишүүн, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нар орсон. Орон нутгийн багт аймгийн ИТХ, ЗДТГ-ын бүх газар хэлтэс, агентлагийг төлөөлсөн 30 гаруй хүн орсон ба энэ багийг аймгийн Аудитын газрын дарга Л.Галбадрах  ахалж ажилласан. Улаанбаатарт ажилласан Төвийн судалгааны багт яам, агентлагийн мэргэжилтэнгүүдээс гадна Үндэсний хөгжлийн хүрээлэн, их сургуулиудын судлаач багш нар орж ажилласан. Үүнээс гадна Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Ховд аймгийн гаралтай эрдэмтэн судлаачид, төрийн өндөр албан тушаалтнууд орсон Зөвлөх баг ажилласан. Эдгээр хүмүүс бүгд 3-8 сар хүртэл Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын суурь судалгааг хийж дуусгасан. Энэ суурь судалгааныхаа үр дүн, гол шинжилгээнүүд дээр үндэслэн аймгийн хөгжлийн стратегийн боловсруулах бололцоо бүрдсэн. Хөгжлийн стратегийн төслийг боловсруулсны дараа аймгийн иргэд, бизнесийн болон төрийн байгууллага, сумдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 5-6 удаа зохион байгуулж тэндээс гарсан боломжтой саналыг нилээд тусган сайжруулж боловсронгуй болгосны дараа ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан.

Стратегийг боловсруулахдаа ямар арга зүй,  хандлагыг хэрэглэсэн бэ?

Б.Ганбат: Стратегийг боловсруулахдаа хоёр янзын хандлагыг баримталсан. Нэгдүгээрт, Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг улсын хэмжээний урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, мөн Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, ХАА, аж үйлдвэржилт, аялал жуучлал, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжлийн урт, дунд хугацааны мастер төлөвлөгөө, стратеги зэрэг салбарын баримт бичгүүдтэй уялдсан

Аймгийн хөгжөл ямар түвшинд очих вэ? Та бүхэн Ховд аймгийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Б.Ганбат: Нэгдүгээр зорилт маань оюун мэдлэгийг дээдэлсэн, бүтээлч хүнийг хөгжүүлэх асуудал байгаа.2013 оны байдлаар аймаг маань Хүний хөгжлийн индексээр улсад 11-р байрт явж байгаа. 2020 он гэхэд эхний 5-д, 2025 онд 1-2 байрт орох зорилт тавьж байгаа. ХХИ-ийг сайжруулна гэдэг нь хүн амын боловсрол, соёл, эрүүл мэнд, ажил эрхлэлт, ядуурал, нийгмийн халамж зэрэг нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдийг сайжруулж байж энэ зорилтод хүрнэ. ХХИ-ээр улсын хэмжээнд тэргүүлнэ гэдэг нь бид маш том, зоригтой зорилго тавьж байна гэсэн үг юм. Хоёрдугаар зорилт маань аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн. 2012 онд хийсэн Бизнес эрхлэхүйн индексээр улсад 13-р байрт орж байгаа. 2020 онд баруун бүсэд 1-рт, 2025 онд улсад тэргүүлнэ гэсэн зорилт тавьсан. Бизнес эрхлэхгүй буюу хөрөнгө оруулалт, үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой багц асуудал үүнд багтаж байгаа. Мөн иргэдийн аюулгүй амьдрах, авилгал, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод хүргэх зорилтуудыг энэ хүрээнд авч үзсэн байгаа. 2012-2016 онд Ховд аймагт нийт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Дараагийн 5 жилд үүнээс их хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Эдгээрийн үр дүнд манай аймаг маань улсдаа бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг ихээр татсан, эдийн засаг нь төрөлжсөн, дэд бүтэц өндөр хөгжсөн аймаг болсон байх юм. Гуравдугаар зорилт болох олон тулгуурт ногоон эдийн засаг цогцлоох зорилтын хүрээнд 2013 онд 215 тэрбум орчим төгрөг байгаа аймгийн ДНБ-ийг 2020 онд 1 их наяд, 2025 онд 2 их наядад хүргэх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл дараагийн жилүүдэд ДНБ-ийг одоогийнхоос 4 дахин өсгөх зорилт тавьж байна. Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ ч нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч аж үйлдвэр, дэд бүтэц цэцэглэсэн, амьдрах таатай орчныг бүрдүүлж чадсан  аймаг болно гэж үзэж байгаа юм.

Стратеги төлөвлөгөөнийхөө зарим гол зорилтуудыг тодорхойлбол?

Б.Ганбат: Стратеги төлөвлөгөөнд аймгийн хөгжлийн харааг “Оюун мэдлэгийг дээдэлсэн, амгалан тайван, элбэг хангалуун амьдрал бүхий иргэдтэй, үйлдвэрлэл бизнест ээлтэй Монгол улсын болон баруун бүсийн хөгжлийн тулгуур төв, ногоон хөгжлийн загвар цэцэглэн хөгжсөн аймаг болно” гэж тодорхойлсон. Энэ нь нийт Ховдчуудын гол хүсэл эрмэлзлэлийг багтаасан гэж үзэж байгаа. Энэхүү гол зорилгодоо хүрэхийн тулд хөгжлийн 3 том зорилтыг томъёолсон.

Нэгдүгээрт, оюун мэдлэгийг дээдэлсэн бүтээлч хүнийг хөгжүүлнэ. Хоёрдугаарт, иргэдийн аюулгүй таатай амьдрах орчныг бүрдүүлэнэ. Гуравдугаарт, олон тулгуурт ногоон эдийн засгийг цогцлооно. Ийм гурван зорилтын уулзвар дээр ховд нутгийн иргэд, ховд нутагт амьдарч байгаа бүх хүмүүсийн амьдралын сайн сайхан зорилгыг илэрхийлэхийг хичээсэн. Зорилт тус бүрт нь 3 тэргүүлэх чиглэл тодорхойлсон. Эдгээрт тогтвортой өсөн нэмэгдэх хүн амтай болох, Аймгийн хүн амын тоо сүүлийн 20 жилд ихээхэн цөөрсөн. Сүүлийн 1-2 жилд өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Биологийн өсөлтөөс гадна хүмүүсийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой механик өсөлт нэмэгдэж байгаа. Үүнийг бид бүх талаар дэмжих хэрэгтэй. Хөгжихийн тулд бид юуны өмнө боловсролтой, мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй хүмүүсийг татах хэрэгтэй. Хүн амыг өсгөн нэмэгдүүлэх стратеги хамгийн чухал стратеги байгаа. Үүний дотор суурьшилт, шилжилт хөдөлгөөн, залуучууд болон нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн стратеги бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ. Ялангуяа залуучуудыг боловсролтой, мэдлэгтэй ажилтай болгох, өндөр мэргэжлийн санхүүч, эдийн засагчид, өндөр технологийн мэргэжилтэй инженерүүд ийм улсуудыг татахыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, ажилтай орлоготой байх, ядуурлыг бууруулах багци асуудлыг оруулсан. Гуравдугаарт, манай аймгийн нэг онцлог байдаг. Олон үндэстэн ястны соёл иргэншлийн уламжлалт шинэчлэл, эв найртай амьдрал цогцлоох бодлогын хүрээнд түүх соёлын уламжлалыг хэрхэн хамгаалж хөгжүүлэх вэ, иргэдийн соёл уламжлалыг хөгжлийн хандлагатай цаашдын томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлтэй хэрхэн нийцүүлж хөгжүүлэх вэ гэсэн стратеги, олон усгаатны бүлгүүдийн оролцоо, эв нэгдийг хангасан оюун санаа мэдлэг соёлын том төв болох зорилт тавьсан.

Аюулгүй таатай амьдрах орчин бүрдүүлэх стратегид хүн байгалийн шүтэлцээг хангах, ялангуяа хүрээлэн буй орчины тогтвортой байдлыг хангах, бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдал ан амьтан, ургамалын олон төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ус ой зэрэг байгалийн нөөцийг тогтвортой хангах ийм стратегиудыг оруулсан. Ухаалаг нээлттэй засаглалтай байх асуудал дээр иргэдэд тэгш хүртээмжтэй байх, төрийн үйлчилгээг шуурхай түргэн ил тод хүргэх асуудлууд, ухаалаг хариуцлагатай засаглал, иргэдийн оролцоотой хяналттай шийдвэр гаргах стратегийг оруулсан. Иргэд амгалан тайван амьдрах, гэмт хэрэггүй оршин суух амьдрах нийгмийн болон дэд бүтцийн баталгаатай байх орчныг бүрдүүлэх асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудал, бизнесийн таатай орчин, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх асуудал орсон. Мөн амьдрах таатай орчин бүрдүүлхэд эрчим хүч, ус, хүнсний хангамжийн найдвартай байдал, иргэдийн газрын харилцааны шинэтгэлийн асуудал, ухаалаг ногоон хот суурин байгуулж хөгжүүлэх асуудлуудыг оруулсан.

Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх гуравдугаар зорилтын хүрээнд одоо байгаа уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийнхээ тогтвортой хөгжлийг хэрхэн хангах вэ, үүнийг аялал жуулчлал, бичил, жижиг дунд үйлдвэрлэлтэй хэрхэн хослуулах вэ гэдэг асуудлуудыг оруулсан, үүнээс гадна шинээр мэдлэгийн аж ахуй, өндөр технологийн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ, ШУ-ны парк, АҮ-ийн паркуудыг хөгжүүлэх, бүс нутгийн инновацийн төв болох, санхүүгийн АҮ-ийн төв болох зорилтуудыг тавьсан байгаа. Хөгжлийн дэд бүтэц дээр зам тээвэр эрчим хүч дулаан харилцаа холбоо транзит тээвэр ложистикийн гэх зэрэг дэд бүтцийн үндсэн салбаруудыг аймагтаа хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн стратегиуд орж ирсэн.

Хөгжлийн стратеги 2025-ыг  хэрэгжүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ?

Б.Ганбат: Нэгэнд батлагдсан стратегийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Үүнд, дотооддоо биднээс хамаарч байгаа бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтыг татах таатай орчинг даруй бүрдүүлэх хэрэгтэй байна. Юуны өмнө дэд бүтцээ сайтар хөгжүүлэх, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, босоо болон хэвтээ тэнхлэгийн авто замуудаа яаралтай барьж байгуулах, хилийн боомт, гаалийн дамжин өнгөрөх чадвар, үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Аж үйлдвэр ялангуяа боловсруулах үйлдвэрийн салбарт экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Ховд аймгийн болон нийт баруун бүсийн зах зээл маш хязгаарлагдмал, ийм зах зээлдээр амжилттай өрсөлдөж томрох бололцоо бага тул аль болох экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт энэхүү стратегийг хөгжүүлэхэд бий болоод байгаа гадаад таатай нөхцлийг соргогоор мэдэрч ашиглах ёстой. Тухайлбал, саяхан Бээжинд болсон Ази Номхон Далайн эдийн засгийн хамтрын ажиллагаа /APEC/-ийн уулзалтын үеэр БНХАУнь Европ-Азийг холбосон “21-р зууны торгоны зам” гэдэг хөтөлбөрийн хүрээнд өөрийн болон хөрш орнуудынхаа дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 40 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх тусгай санг байгуулснаа зарлалаа. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү төсөлд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Торгоны зам гэдэг бол Ховд аймагтай маш ойрхон, хилээс 500 км-ийн урдуур дайрч өнгөрдөг. “21-р зууны торгоны зам” төсөл нь авто зам, төмөр зам, эрчим хүч, хий, нефть дамжуулах хоолой, бүс нутгийн томоохон ложистик төвүүд, олон улсын худалдаа, тээвэр зуулчлалын төвүүд зэрэг дэд бүтцээс гадна Евро-Азийг холбосон энэ бүс нутгийг бүхэлд нь аж үйлдвэрийн цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс болгохоор томъёологдож байгаа. Ховд аймгийн 2025 стратегит ч бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхитэй хамрагдаж оролцох асуудал туссан байгаа. Энэ бид зөвхөн улс, орон нутгийн төсөв, дотоодын хөрөнгө оруулагч, орон нутгийн бизнес эрхлэгчийн хүчээр биш Төв Ази, Алтайн нурууг тойрсон хөрш зэргэлдээ орнуудынхаа эдийн засгийн бололцоо, хэрэгцээ, хөрөнгө оруулалтын нөөцийг давхар ашиглахад анхаарах хэрэгэтй гэсэн үг юм. Тэгж чадваас аймгийн хөгжлийэн стратеги маань илүү үр дүнтэй, хурдан хэрэгжинэ гэж бодож байна. Энд тавьсан зорилтуудад бид магадгүй хугацаанаас нь өмнө хүргэх бололцоотой.

Ховд аймгийг Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв гэдэг. Ховд аймгийн 2025 хүртэлх стратеги төлөвлөгөөнд баруун бүсийн төв гэдэг утгаараа хөгжлийн стратеги ямархуу түвшинд тавигдсан бэ?

Б.Ганбат: Саяхан болсон Баруун бүсийн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт дээр баруун 5 аймгийн бүх дарга нар оролцож, тус тусын аймгийнхаа хөгжлийн стратеги зорилт, хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулсан. Энэ үеэр бүгд л өөрсдийгөө баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болно гэж байна лээ. Гэхдээ УИХ-аар баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Ховд аймгийг баруун бүсийн төв гэж тодорхойлсон байдаг. Бидний боловсруулсан Ховд аймгийн хөгжлийн стратеги-2025 дээр аймгийн хөгжлийн зорилтыг товчоор “Ховд аймаг Монгол улсын болон баруун бүсийн хөгжлийн баруун үүд” болно гэж томъёолсон. Энэ нь монгол улсын баруун зүгт чиглэсэн ялангуяа Европ, Төв Ази, Зүүн Азийн орнууд руу гарах гол гарц, үүд нь Ховд аймаг болно гэсэн үг. Энэ бол зөвхөн хилийн боомт, транзит тээвэр, авто зам гэсэн ойлголт биш Монгол улсын баруун бүс дэх эдийн засаг, аж үйлдвэр, боловсрол, соёл, цаашилбал батлан хамгаалах, аюулгүй байдлын хамгийн том төв болно гэсэн үг ба дээр хэлсэн үндэсний аюулгүй байдал, улсын хөгжлийн бодлоготой ч бүрэн нийцэж байгаа юм. Баруун үүд гэдэг нь өөрийн чинь асуусан баруун бүсийн хөгжлийн тулгуур төв гэдгийг дотроо агуулсан байгаа.

Монгол улсын баруун бүсийн хувьд Ховд аймаг газарзүйн байрлал, дэд бүтцийн зангилаа, хэвтээ босоо авто зам, эрчим хүчний сүлжээ, зам тээврийн уулзвар зангилаан дээр байдаг. Газарзүйн байрлалын хувьд бусад 4 аймагтайгаа хиллэн төвд нь байдаг. Зах зээлрүүгээ зөвхөн баруун бүсийн хязгаарт биш урагшаа БНХАУ-ын Шинжан Уйгарын ӨЗАУ-ын 20 гаран сая хүнтэй зах зээл рүү гарах, хойшоо Оросын Тува, Харкас, Уулын Алтай зэрэг мужийн 6 орчим сая хүнтэй зах зээл рүү гарах боломжтой, гол төв дээр байдаг үүгээрээ бид бусад аймгуудаасаа давуу талтай.

Аймгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн зүгээс хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

Б.Ганбат: Аймгийн ИТХ-ын тогтоолоор хөгжлийн стратегийн нэгдүгээр үе шат буюу 2015-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ЗДТГ боловсруулж батлах ёстой. Энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаануулыг жил жилийн аймгийн төсөв, үндсэн чиглэлд тусган үе шаттайгаар хэрэгжүүлээд явах юм. Стратегийн хүрээнд 30 гаруй дэд хөтөлбөр, төслийн баримт бичгүүдийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болно. Үүнээс гадна стратегийн 2-р хавсралтаараймагт 2020 он хүртэл хэрэгжүүлэх нийт 99 хөрөнгө оруулалтын төслийн ерөнхий даалгаварыг баталсан. Үүнд дэд бүтэц, аж үйлдвэр, бизнес, ХАА, нийгмийн салбарын төслүүд орсон. Эдгээр төслийн хөрөнгийн эх үүсвэрийг босгох талаар нилээн ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсвөөс гадна төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг түлхүү эрж хайх ёстой гэж бодож байна.

Үүнтэй холбоотойгоор, стратегийг батлагдсаны дараахан Ховд аймагт зохион байгуулагдсан Баруун бүсэд гадаадын хөрөнгө оруулагчидын чуулга уулзалт аймгийн хувьд чамгүй үр дүнтэй болсон гэж бодож байна. Нийтдээ 10 орчим төсөлд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Ховд аймагт хийхээр харилцан ойлголцлын санамж бичиг, гэрээнүүд зурагдсан. Энэ нь хөтөлбөрийг бодитойхэрэгжүүлэхэд чухал түлхэц болсон гэж бодож байна.

Хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн удирдлага, ялангуяа аймгийн болон сумдын ЗДТГ-т ажиллаж байгаа албан хаагчид, мэргэжилтнүүдийн оролцоо, санаачилга онц чухал гэж бодож байна. Яагаад гэвэл орон нутгаа сайн мэддэг, орон нутгийн онцлог, хэрэгцээг мэддэг эдгээр хүмүүсийн оролцоо, зохион байгуулах идэвхи санаачилга чухал. Үүнээс гадна бизнес эрхэлж байгаа хувийн хэвшлүүдийн санаачилга их чухал юм.

Аймгаа хөгжүүлэхээр тавьсан зорилго, стратеги аймаг сум, баг, хороо, нийт иргэдийн дунд нэг мөр ойлгон хэрэгжүүлэхийн төлөө бүгдээрээ сэтгэл гарган ажиллавал 10 жилийн дараа Ховд аймаг ХАА, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбар зонхилсон биш харин уул уурхай, хүнд болон өндөр технологийн аж үйлдвэр, эрчимжсэн ХАА хөгжсөн, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортолдог, эдийн засагт боловсруулах үйлдвэр давамгайлсан, бизнест ээлтэй, иргэд нь ажилтай орлоготой, амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлсэн МУ-д хөгжлөөрөө тэргүүлсэн орчин үеийн өндөр хөгжилтэй аймаг болсон байх болно.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%