ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаагийн Хөшөөт төслийн бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилт, өнөөгийн байдлын талаар өгсөн ярилцлага

2014-12-11

Ховд аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд цөөхөн. Уул уурхайн талаар ямар бодлого баримтлаж байгаа вэ?

 Өнгөрсөн хугацаанд Ховд аймагт нийтдээ 98 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Гэхдээ манай аймаг Төв аймаг, Өмнөговь аймагтай харьцуулахад хөрс эвдэгдээгүй, эрүүл  гэж хэлж болно.

Баруун аймгуудын хувьд  уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хор хөнөөл одоохондоо бага байна. Гэхдээ манай аймагт Монголдоо томоохонд тооцогддог Хөшөөтийн нүүрсний уурхай 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаад 2011 онд ажил нь зогссон ч 2013 оноос дахин ажлаа эхлээд  байна. Тус компаний лиценз эзэмшигч нь Мо  Эн Ко компани.

 Мо Эн Ко компани Хөшөөтийн нүүрсний уурхайн нөөцний асуудал УИХ, Уул уурхайн яамны түвшинд яригдсан ч  нөөцийх нь асуудал нэг мөр шийдэгдэхгүй, цаашдаа стратегийн ордод авах уу үгүй юу гэдэг асуудал нэлээн удаан яригдсан ч тодорхой шийдвэр гараагүй.

Үүнээс үүдэж цаашид цаг хугацаа алдахгүй байх үүднээс  энэ төслийг яаралтай эхлүүлэх эсвэл бүр зогсоох талаар Ховд аймгийнхаа иргэдийн дунд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи нь дэмжсэн  учир бид Ховд аймагт ашигт малтмалын талаар баримтлах бодлого мөн Хөшөөт төсөлтэй холбоотой аймаг орон нутгаас баримтлах бодлогын баримт бичгийг 2013 оны аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан.

Энэ оны 3-р сарын 02-ны өдөр Ховд аймаг Мо Эн Ко компанитай хамтран ажиллах гэрээг  байгуулсан .

Гэрээнд Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн олон чухал зүйл заалтууд орсон. Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас барьж байгаа бодлого нь  Ховд аймагт хүн амын эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тогтвортой хариуцлагатай  3-4 уул уурхайн төслүүдийг дэмжиж явуулъя. Ингэснээрээ хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж, Ховд аймгийн ард иргэд ажлын байраар хангагдах зэрэг үр дүнтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг  нэмэгдүүлэх боломжуудийг тусгасан. Тйим ч үүднээс энэ гэрээг байгуулсан.

Хөшөөт төслийн бодлогын баримт бичгийн гол санааг тодруулж хэлэхгүй юу?

 Хөшөөт төслийн талаар баримтлах бодлогын баримт бичигт гол санаа нь: 1-рт хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлье.  2-рт хүн ам байгаль орчинд сөрөг нөлөөгүй уул уурхайг хөгжүүлэхдээ хамгийн гол нь Ховд аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилтэй  уялдуулж хөгжүүлье гэдэг байдлаар авч үзсэн.

  Хамгийн гол нь эхлээд гэрээг хэлэлцэхдээ тухайн баг, сум, нутагт амьдардаг ард иргэдээр хэлэлцүүлж энэ гэрээг боловсруулсан.

Хөшөөт төслийг явуулснаараа орон нутгийн ард иргэдэд ямар ашигтай юм. Тэр ард иргэд маань гэрээнд юу тусгуулах гээд байгаа юм бэ гэдгийг сонссон. Жишээлбэл: нийт ажилчдынхаа 70-аас доошгүй хувийг нөлөөллийн нутгаас авахаар зааж өгсөн.. 2014 онд экспортонд гарж байгаа 1 тн нүүрс тутмаас 60 цент Ховд хөшөөт хөгжлийн санд 600 сая төгрөг, 2015 оноос эхлэн 1 тн тутамаас 1 доллар, Ховд хөшөөт хөгжлийн санд нэг тэрбум төгрөгийг өгөхөөр гэрээнд тусгасан.

Уул уурхайн яамнаас манай  гэрээг үзээд их сайн гэрээ болсон байна. Орон нутгийнхаа эрх ашгийг  хөндөж чадсан  гэрээ болжээ гэж дүгнэсэн.   Гэрээний  гарын үсэг зурах ёслолд Уул уурхайн яамны  төрийн нарийн бичгийн дарга Жигжид өөрийн биеэр оролцсон.

Гэрээний хэрэгжилт  ямар шатандаа явж байна. Орон нутгаас хэрхэн хяналт шаардлага тавьж ажиллаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар МоЭнКо ХХК-д 363 ажилтан ажиллаж байна. Хөшөөтийн уурхайд 260 ажилтан үүнээс орон нутгийн 193 ажилтан, Моннис Майнинг Экьюпмент компанид 174 ажилтан тус тус ажиллаж байна.

Энэ онд Хөшөөт төслийн хүрээнд Ховд аймгийн аж ахуйн нэгж, иргэдээс байнга үнийн санал авч 23 байгууллагатай хамтран ажиллаж 14 аж ахуйн нэгжээс худалдан авалт хийсэн байна.

Ховд аймгийн 2-р Дулааны станцад 1000тн нүүрс үнэгүй нийлүүлж байна.

Энэ ондоо багтаж 200.0 мян тн нүүрс экспортлохоор тээвэрлэлт эхлүүлсэн ба орон нутгийн 4 компани гэрээ хийж ажиллаж байна. Мөн Хөшөөт багийн нийт өрхийг сар тутамд 49,4 сая төгрөгний ус, цахилгаанаар үнэгүй хангаж байна.

 Хөшөөт төслийг хэрэгжүүлэгч Мо-Эн-Ко ХХК  үйл ажиллагаагаа  ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль дүрмийн  хүрээнд  явуулж байна.

Үүний тод жишээ нь төслийг эхлэхээс өмнө 360 км хатуу хучилттай замыг тавьж ашиглалтанд оруулсан. 2015 оноос Хөшөөт тосгоныг нүүлгэн шилжүүлэх ажлыг аймгийн ИТХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу эхлэх гэж байна.

Ер нь гэрээний зүйл заалтууд хэрэгжиж байна. Аймгийн ИТХ–ын  Тэргүүлэгчдээр хурлаар Хөшөөтийн Мо-Эн-Ко компани Ховд аймагтай хамтран ажиллах Ховд Хөшөөт Хөгжлийн санг байгуулаад удирдах зөвлөлийг баталж өгсөн.

  Удирдах зөвлөлөөс энэ сангийнхаа гүйцэтгэх захирлыг аймгийн засаг даргад өргөн барьж аймгийн засаг дарга батлах ёстой. Гүйцэтгэх захирал томилогдсноор орон нутгийнхаа нүүрс ханган нийлүүлэх ХХХСанд орж ирэх хөрөнгө оруулалтыг   удирдах зөвлөлөөр хэлэлцүүлээд  явах боломж бүрдэж байна.

Мөн Ховд аймгийн даатгалын салбаруудаар бүрэн хамрагдсан байх ёстой. Би 2013 онд өөрийн биеэр  Мо-Эн-Ко ХХК-нь уламжилж байж тэнд байгаа тээврийн бүх авто машинууд, хүнд даацын болон бүх авто машин техник хэрэгслэлүүдийг Хо дугаартай болгосон. Ингэснээр Ховд аймгийн татварын албанд бүртгэлтэй болж, орон нутагт татвараа төлөх боломж бүрдэж байгаа юм.

Энэ мэтчилэн Хөшөөт төслийг эхлүүлсний үр ашиг эхнээсээ харагдаж байна.

 Хөшөөтийн нүүрсний уурхай нь хэдий хэмжээний нөөцтэй вэ? Янз бүрээр ярьдаг шүүдээ?

 Социализмын үеэс тогтоосон нөөц нь  87,5 сая тн-ы нөөцтэй гэж үзэж байгаа. ОУ-ын Жорк стандартаар авч үзвэл 250-400 сая тн-ы нөөцтэй гэж үздэг юм. Нөөцийг нь тогтооход бас тийм ч амар орд биш. Яагаад гэвэл  энэ нь өөрөө дээрээсээ доош босоо тогтолцоотой   орд , Алтайн нуруунд байдаг учир тийм амар биш, өөрөөр хэлбэл Өмнөговийн Оюу толгой, Таван толгойгоос ялгаатай.

Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулах нь зөвүү? эсвэл орон нутгийн мэдэлд үлдээх нь зөвүү? Энэ асуудлыг  улстөржүүлдэг шүү дээ?

Стратегийн ордод оруулая гэж нэг хэсэг  улстөржүүлж, сонгуулийн үеэр түлхүү яригдсан. Оюутолгойн гэрээг аваад үзье. Яг тэр 34 хувийг нь Монголын тал эзэмшээд явдаг. Тэгсэн хэрнээ өнөөдөр ингээд зогсонги байдалд орчихсон. Рио Тинто үндсэндээ явуулах үгүйг мэддэг болчихсон.

 Ийм тохиолдолд стратегийн ордод оруулах нь яг хэнд хэрэгтэй юм бэ. Ховдчуудад л лав хэрэггүй юм шиг санагдаж байгаа юм. Орон нутагтаа хамтарч ажиллах гэрээ байгуулсан үр шимийг нь Ховдчууд хүртэж байна. Цаашид эдийн засгийн үр ашигтай төслийг сонгуулийн шоу болгохоо улс төрчид болих хэрэгтэй.

Орон нутагт өөрийнх нь хуулийн хүрээнд ямар боломж байна энэ чиглэлээр хамтран ажиллах гэрээгээ бид байгуулаад ажиллах  шийдвэргаргасан.

Хэрвээ улс Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод авах шаардлагатай гэх юм бол манайх гэрээгээ хүчингүй болгоод Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулаад явах боломж  байгаа. Цаг алдалгүй аль болох энэ төслийг эхлүүлэх  Ховд аймагт хөрөнгө оруулалтын таатай орчныг нь бүрдүүлж, ард иргэдээ ашиг орлоготой, ажилтай болох боломж олгож байна.

Хөшөөт төслийг хэрэгжүүлснээр ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

 Манай эдийн засаг   уул уурхайгаас хамааралтай. Бас дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ тогтмол унаж байна. Ийм  цаг үед бид 100 хувь   гадаадын хөрөнгө оруулалттай төсөл эхлүүлж  гэрээ байгуулаад явуулна гэдэг бол маш том амжилт.

Жилдээ тухайлбал  2014 онд л гэхэд Мо-Эн-Ко ХХК120 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Хөшөөт  төслийн үйл ажиллагааг явуулж байна.

Эндээс аль болох Ховд аймгийн ард иргэд илүү үр ашиг хүртэх боломж бүрдэж байгаа. Ирэх жилүүдэд төслийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлүүлснээр Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн эдийн засагт эерэг чиг хандлага бий болно гэдэгт итгэж байна.

Ярилцсан Х.Туяа

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%