ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

COP 17 дугаар бага хуралд Ногоон байгаль эко клубийн сурагч илтгэл танилцууллаа.

2026-08-26

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХҮҮХДҮҮД БИДНИЙ ОРОЛЦОО

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт төлөөлөгч,дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид ноёд хатагтай нар аа!

Намайг Энхтайваны Ундрахмөрөн гэдэг. Би Монгол орны алс баруун хязгаар болох Алтайн сүрлэг уулс, говийн уудам нутгаар хүрээлэгдсэн олон ястаны өлгий нутаг Ховд аймгаас хүрэлцэн ирсэн “Ногоон байгаль” эко клубын гишүүн байна.

Ховд аймгийн хэмжээнд 23 эко клуб 560 гишүүдийн хамт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай эко клубын гишүүдийн санаачлагаар “Ховдын бэлгэдэлт хотон шувуугаа хамгаалцгаая”, “Дусал ус, Шижир алт”,Ундны усны алдагдлын судалгаа, “Булаг, шандны эх хамгаалах”, “Ногооны хальс цуглуулах-Хог хагдлыг дахин ашиглах” гэх мэт олон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Бид өнөөдөр энд зөвхөн эко клубын нэрийн өмнөөс биш, байгаль дэлхийгээ өвлөж авах ирээдүйн үеийн төлөөлөл болж зогсож байна.

Өнөө үед тулгамдаж буй Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны хомсдол гэх мэт асар том асуудлыг хараад. Бид юу хийж чадах вэ?” гэх асуулт тулгар ч байна. Бидэнд их мөнгө байхгүй, том лаборатори байхгүй, дэлхийн хэмжээний шийдвэр гаргах эрх мэдэлгүй.

Гэхдээ… Бидэнд дуу хоолой бий, санаа бодол бий, үйлдэл хийх зориг бий. Монголчууд: “Дуслыг хураавал далай” гэдэг. Бидний өвөг дээдэс энэ үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөөгүй. Бид шалгаж үзсэн, тоолж үзсэн, асуусан, шаардсан.

Ийнхүү өөрсдийн санаачлагаар 2023-2026 оны хооронд Ховд аймгийн 7 сургууль, 16 цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн 40 байгууллагын усны хэрэглээнд судалгаа хийсэн.

Бидний хийсэн судалгаагаар 78 суултуур. 53 угаалтуур. эвдрэлтэй, ус алдаж байсан. Өөрөөр хэлбэл бид усны хомсдлын талаар ярьж байхдаа нөгөө талдаа цэвэр усаа өөрсдөө чимээгүйхэн урсгасаар байсан. Бид зүгээр л: “Усаа хэмнэе” гээд постер наагаад орхиж болох байсанч тэгээгүй. Харин ч эсэргээрээ холбогдох байгууллагуудад хүсэлт хүргүүлж шаардлага тавьснаар засварлуулж чадсан.

Энэ бүхний эцсийн үр дүнд нэг өдөрт 80,000.литр цэвэр ус харин нэг жилд 29.200.000 литр цэвэр ус алдагдахаас сэргийлж чадсан.

Тэр мөчид бид нэг зүйлийг ойлгосон. Бидний хийсэн ажил жижиг байж болох ч Үр дүн нь асар их байсан.

Ус бол зүгээр нэг байгалийн нөөц биш. Ус бол амьдралын эхлэл. Ус байгаа газар амьдрал байна. Харин усгүй болсон газар… хэчнээн сайхан уултай, хэчнээн уудам талтай байсан ч амьдралын өнгө бүдгэрнэ.

Бидний ус хамгаалсан ажил бол зөвхөн усны тухай биш. Энэ бол цөлжилтийн эсрэг хийсэн жижиг боловч бодит алхам. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бидний оруулсан хувь нэмэр.

Гэхдээ би өнөөдөр энд: “Хараач, бид юу хийчихэв” гэж гайхуулах гэж ирээгүй. Би та бүхэнд нэг зүйлийг ойлгуулах гэж ирсэн. Хүүхдүүдийг зөвхөн ирээдүй гэж битгий хараарай. Бид өнөөдрийн нэг хэсэг. Бидэнд өнөөдөр асуудлыг олж харах нүд байна. Өнөөдөр шийдэл санал болгох ухаан байна. Өнөөдөр үйлдэл хийх гар байна. Тиймээс дэлхийн удирдагчид аа, бодлого боловсруулагчид аа, хүүхдүүдийн дуу хоолойг сонсооч.

Бидний жижиг санаачилгыг “хүүхдийн ажил” гэж битгий хараарай. Тэр жижиг санаачилга зөв дэмжлэгтэй бол… том өөрчлөлтийн эхлэл болж чадна.

Монголчууд: “Эвт шаазгай буга барина” гэдгийн адил Ховдын хүүхдүүд 29 сая литр ус хамгаалж чадсан юм бол, сургууль цаашлаад хот, улс бүрийн хүүхдүүд нэгдээд юу хийж чадах бол? Гэхдээ энэ тооны цаана хүүхдүүдийн итгэл найдвар, дуу хоолой, эх дэлхийгээ хайрлах сэтгэл, үг, үйлдэл байна. Тиймээс би илтгэлээ нэг тоогоор биш, нэг асуултаар төгсгөе. Өнөөдөр бид нэг дуслыг аварч чадвал, маргааш хэдэн далайг аварч чадах вэ? Бид ирээдүйг хүлээж суухгүй. Бид ирээдүйгээ өнөөдөр бүтээнэ. Баярлалаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 152
59 / 39%
67 / 44%
14 / 9%
12 / 8%