Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус айлчлалын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр болон Хөвсгөл, Дорнод, Увс, Өвөрхангай аймгийн удирдлагууд багтан оролцож байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзаж, Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.
Монгол улс ЕАЭЗ түр хэлэлцээрт нэгдсэн 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гишүүн таван оронд татваргүй экспортлох нөхцөл 2026 оны хагас жилээс хойш бий болно.
Энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжирна гэв.
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга, хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын хөдөө аж ахуйн сайдтай УИХ-ын дэд дарга Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн тэргүүтэй хүмүүс уулзаж ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг харилцан экспортлоход хоёрт талын стандартыг хүлээн зөвшөөрөхөөр хоёр тал тохиролцсон нь маш чухал шийдвэр болсон.
Парламентын бүлэг хоорондын уулзалт дээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Ховд аймгийн Манхан сумын харьяат БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Лувсан тэргүүтэй хүмүүс Ховд аймгийн ард иргэдийн эх орны дайны хүнд үед 1200 тэмээ ачааг маш хүнд нөхцөлд тээвэрлэн Монголын ард түмний чинь сэтгэлийн тусламжийг хүргэж ирснийг тодотгож хэлсэн. Оросын тал Англи, Америк бидэнд өгч байсан тусламж зээл байсан. Харин Монголчуудын тусламж буцалтгүй байсан бид хэзээ ч мартахгүй гэв.






