Тус форум нь Засгийн газрын "Бүсчилсэн хөгжлийн бодлого",
аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн хөгжилд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагыг чиглүүлэх зорилготой юм.

Форумыг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл, МУИС-ийн Баруун бүсийн сургууль болон орон нутгийн төрийн байгууллагууд, эрдэмтдийн төлөөлөл хамтран зохион байгуулж аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ховд аймгийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр форумыг нээж хэлсэн үгэндээ: Ховд аймаг цаашдаа эрдэмтэдтэйгээ хамтарч хөгжинө, эрдэмтдийнхээ үгийг сонсоно. Нутаг орноо хөгжүүлэхэд эрдэмтдийн дуу хоолойг төрийн бодлогын түвшинд сонсож, эрдэмтэн судлаачдын бүтээл, судалгааг нь зөв ашиглах нь чухал юм. Ховд аймгийн ИТХ-аас “Хүн төвтэй, хүний хөгжлийг дэмжсэн, үйлдвэрлэл, бизнест ээлтэй байх” бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталсан гэдгийг онцоллоо.
Форум


“Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо ба аймгийн дунд хугацааны стратеги (2025–2040)” нэгдсэн хуралдаан

“Төрөлх нутгийн хөгжилд бидний оролцоо” эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг

“Эрдэмтдийн экспо” туршлага солилцох арга хэмжээ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.
Форумын үр дүнд гарсан санал, судалгааны дүнг


Ховд аймгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө (2025-2040)”-д тусгах

“Хурдтай хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нутгийн эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засаг, инновацын шинэ санал, санаачилгыг орон нутгийн хөгжлийн бодлогод тусгуулах

Судалгаанд суурилсан бодлого төлөвлөлтөөр орон нутгийн хөгжлийг тодорхойлох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ахиц гарна гэж үзэж байна.



