ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн баяр наадам эхэллээ

2024-07-10

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсын төрийн далбааг аймгийн есөн алдартан өргөн мандуулснаар ёслол төгөлдөр эхэллээ.
Баяр наадмыг нээж аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд үг хэлж, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв.
Үүний дараагаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт аймгийн Хөгжимт драмын театрын 70 гаруй уран бүтээлчид, ГБХЗХГ болон ХДТ-ын бүжгийн дугуйлангийн 200 сурагчид дуу хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барьж хуран цугласан наадамчин олны мэлмийг баясган, сонорыг мялаалаа.
Баяр наадмыг Хүчит бөх, Хурдан морь, Сурын харваагаар төсөөлшгүй.
Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Мянгад сумын харьяат, Улсын харцага Г.Алтангэрэл,
Чандмань сумын харьяат, Улсын начин Ч.Цогбаяр тэргүүтэй аймгийн арслан 1, аймгийн заан 6, аймгийн харцага 3, аймгийн начин 15, сумын заан, харцага, начин 48, залуу бөхчүүд гээд нийт 128 бөх зодоглож, уран мэхийг уралдуулан барилдаж байна.
Мөн өсвөрийн бөхийн барилдаанд 32 хүүхэд барилдаж байна.
Өнөөдөр /2024.07.10/ бөхийн барилдааны 1,2,3,4 даваа явагдана.
Сурын харваанд Ховд аймгийн харваачдаас гадна зэргэлдээх Увс, Завхан, Говь-Алтай аймгаас нийт 200 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс урианхай сурын харваанд 70 гаруй, үндэсний сурын харваанд 100 гаруй, хүүхдийн сурын харваанд 30 гаруй харваачид оролцож байгаа юм.
Харин Шагайн харваанд 10 багийн 100 орчим харваач оролцож байгаагаас Улсын мэргэн нэг, аймгийн гоц мэргэн 40 гаруй байна. Энэ жилийн шагайн харваанд Өвөрхангай, Баянхонгор аймгийн харваачид зорин ирж оролцож байгаагаараа онцлогтой.
Мөн наадмын эхний өдөр азарга, хязаалан, соёолон насны болон жороо морьдын уралдааныг “Бөөр харын урд” зохион байгуулж байна.
Баяр наадмын бөхийн барилдааныг Олон Угсаатны Телевиз /Шууд/, Хурдан морины уралдааныг Ховд ТВ /HD/, Сур, шагайн харвааг Жаргалант телевизийн хамт олон шууд дамжуулан ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%