ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "B", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээснийг баталгаажууллаа

2024-02-09

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "B", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээснийг баталгаажууллаа

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зарлав. Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээснийг дурдсан байна. Үүнд:

  • Эдийн засгийн сэргэлт, гадаад секторын эрсдэлүүд: “В” зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөв болон нэг хүнд ногдох орлого өндөр байна. Гэвч гадаад өрийн түвшин өндөр, гадаад валютын нөөц хангалттай бус, мөчлөг дагасан төсвийн бодлоготой, гадаад санхүүжилт болон БНХАУ-д нийлүүлэх түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байгаа зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд хязгаарлалт болж байна.
  • Эерэг өөрчлөлтүүд болон богино хугацааны эрсдэл: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийг тэлж, нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлж, гадаад болон дотоод өрийн дарамтыг бууруулахад эергээр нөлөөлөв. Гэвч уул уурхайн экспорт түүхэн дээд түвшиндээ хүрсэн энэ үед 2024 оны сонгуультай холбоотойгоор төсөв эрчимтэй тэлсэн, түүнчлэн уул уурхайн салбарын идэвхжилээс шалтгаалан зээлийн мөчлөгийн савлагаа нэмэгдэх эрсдэлтэй тул дээрх эерэг хандлагууд цаашид хадгалагдах эсэх нь эргэлзээтэй байна.
  • Уул уурхайн салбар голлосон өсөлт: БНХАУ-ын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний экспорт эрс нэмэгдлээ. 2022 онд 5 хувь байсан ДНБ-ий өсөлт уул уурхайн салбарын нөлөөгөөр 2023 онд 7 хувьд хүрэх урьдчилсан тооцоотой байна. Харин 2024 онд дотоод эрэлт нэмэгдэх хүлээлттэй ч экспорт суларвал эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрч саарахаар байна. Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сард эхэлсэн ч олборлолт 2025 оноос өмнө дорвитой өсөхөөргүй байна. Иймд дунд хугацаанд уул уурхай болон дэд бүтцийн бусад төслүүд эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байна.
  • Урсгал дансны түр хугацааны ашигтай байдал: Монгол Улсын урсгал дансны алдагдал 2022 онд ДНБ-ий 13 хувьтай тэнцэж байсан бол уул уурхайн экспорт огцом нэмэгдсэний нөлөөгөөр 2023 онд 200 сая ам.доллар (ДНБ-ий 1 хувьтай тэнцүү)-ын ашигтай гарсан. 2024-2025 онд экспорт суларч, дотоодын эрэлт сэргэх хүлээлттэй байгаа тул урсгал дансны алдагдал ДНБ-ий 6 хувьтай тэнцэхээр байна. Гэвч ГШХО уг алдагдлын зарим хэсгийг нөхнө гэж төсөөлж байна. Гадаад тэнцэл ашигтай байсан тул 2023 оны эцэст ГВАН 5 тэрбум орчим ам. долларт хүрч өсөв.
  • Гадаад санхүүжилтийн эрсдэл өндөр хэвээр байна: 2023 оны эцэст нийт гадаад өр ДНБ-ий 150 хувьтай тэнцэж байгаа нь бусад “В” үнэлгээтэй улсуудын голчоос 7 дахин өндөр үзүүлэлт юм. Гэвч нийт гадаад өрийн 30 хувийг ГШХО, 20 хувийг хоёр болон олон талт хөнгөлөлттэй зээл бүрдүүлж байна. ГВАН-ийн хүрэлцээ хэдийгээр нэмэгдсэн ч эдийн засгийн төрөлжилт муу, гадаад санхүүжилтээс өндөр хамааралтай байдлыг харгалзан үзвэл ГВАН-ийн хэмжээ хангалттай бус хэмжээнд байна. Хэрэв БНХАУ-ын Ардын Банктай байгуулсан 1.5 тэрбум ам. долларын свопын өр, арилжааны банкуудын төв банкан дахь валютын харилцах, хадгаламжийг хасаж тооцвол ГВАН-ийн хэмжээ мэдэгдэхүйц бага гарна.
  • Гадаад өрийн эргэн төлөлтийн хуваарь: 2023 оны 11 дүгээр сард 350 сая ам. долларын санхүүжилтийг босгосноор Хуралдай бондын үлдэгдэл 170 сая ам. доллар болж буурсан. Монгол Улсын Хөгжлийн банк 2023 оны 10 дугаар сарын болон 12 дугаар сарын эргэн төлөлтүүдийг Засгийн газрын оролцоогүйгээр амжилттай төлж барагдуулсан. Монгол Улсын Засгийн газар 2024 онд 500 сая ам. долларын, 2025 онд ойролцоогоор 400 сая ам. долларын гадаад өрийг эргэн төлөх юм.
  • Түүхий эдийн хамаарал, эмзэг байдал: Монгол Улсын валютын болон төсвийн орлогын уул уурхайн түүхий эдийн экспортоос хамаарах хамаарал өндөр байна. 2024 онд нүүрсний экспортын биет хэмжээ Фитч агентлагийн суурь төсөөллөөс 10 хувиар буурахад урсгал дансанд ДНБ-ий 4 хувь, төсөвт 1 хувийн дарамт учруулах эрсдэлтэй байна.
  • Засгийн газрын өр, болзошгүй өр төлбөрүүд өндөр: Засгийн газрын өр болон өрийн баталгаа 2022 онд ДНБ-ий 58 хувьтай тэнцэж байсан бол 2023 онд эдийн засаг хурдацтай өсөж, төсвийн тэнцэл ашигтай гарснаар ДНБ-ий 49 хувь болж буурсан. Харин 2024 онд эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээнд саарч өрийн хэмжээ 53 хувьд хүрч өсөх таамагтай байна.
  • Инфляцын зорилт, мөнгөний бодлогын төлөв: Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляц 2024 онд дунджаар 8 хувь, 2025 онд дунджаар 7 хувь гарч, Монголбанкны зорилтот түвшинд хүрнэ гэж төсөөлж байна. Гэвч төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр тодорхой эрсдэл учирч болзошгүй байна. Монголбанк 2022 оны 12 дугаар сараас хойш бодлогын хүүг 13 хувьд хадгалж байна.
  • Банкны систем тогтвортой: Зээлийн өсөлт өндөр байснаас шалтгаалан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 8 хувьд хүрч буурлаа.

Фитч агентлагийн хэвлэлийн англи хэл дээрх эх мэдээг энд дарж үзнэ үү.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%