ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.БАТБОЛД: МАТЕРИАЛЛАГ ЗҮЙЛИЙГ БҮТЭЭЕ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ХҮН РҮҮГЭЭ ХАНДСАН “ХҮН ТӨВ”-ТЭЙ БОДЛОГЫГ БАРЬЖ АЖИЛЛАНА

2020-12-23

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Цэвээний Батболдтой ярилцлаа. 

 

-Аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсоноос хойш ямар ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна вэ?

-Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнгөрсөн 10-р сарын сүүлчээр хуралдаж, шинээр сонгогдсон 41 төлөөлөгч бүрэн эрхээ баталгаажуулсан. Мөн 19 сумын 403 төлөөлөгчтэйгээ нийт 444 төлөөлөгч бүрэн эрхээ баталгаажуулан ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар миний бие аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсоноос хойш 1 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бүх сумын ИТХ хуралдаж, хурлын дарга нараа сонгосон. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын хурлын шинэ дарга нарыг мэдлэг мэдээллээр хангах, холбогдох хуулийн заалтуудыг сурталчлах, хариуцлага ёс зүйтэй байх тал дээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Аймгийн Хурлын даргын хувьд цаашид баг, сум, аймгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах, хамтарч ажиллах тал дээр түлхүү анхаарч ажиллана. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Ч.Чимэдийн нэрийг дэвшүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй тул ээлжит хоёрдугаар хуралдааныг цахимаар хуралдуулж, түүний нэрийг дахин дэвшүүлснээр батламжлагдаж шинэ Засаг дарга ажлаа хүлээж аваад ажиллаж байна.

Хурлын даргын ажилд томилогдсоноос хойш ойрын хугацааны хамгийн том ажил бол 2021 оны хөгжлийн төлөвлөгөө болон төсөв батлах асуудал байсан бөгөөд энэ хүрээнд аймгийн ИТХ-ыг цар тахлын үед эрсдэлгүй байдлаар зохион байгуулсан. Тодруулбал, Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвд танхимын болон цахим хэлбэрийг хослуулан аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг явуулснаар жилийн төсвийг хугацаанд нь баталлаа.

Төсөв батлахтай холбоотойгоор Хурлын даргын хувьд өмнөх оны хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөхийг хүссэн. Мөн Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан шинэ төлөөлөгч нарыг мэдээллээр хангахыг зорьсон. Хамгийн гол нь бид хүний мууг үзэх гэсэнгүй, тулгамдаж буй асуудлыг ил болгох, ахицтай ололттой зүйлийг илүү сайжруулах, алдаа оноогоо цэгнэх үүднээс албан газрын дарга, эрхлэгч нарыг аймгийн хуралд ажлаа тайлагнах шаардлага тавьсан. Гэтэл зарим байгууллагын удирдлагууд хайхрамжгүй хандаж оролцсонгүй.  Энэ асуудлыг бид тусгайлан авч үзэж хариуцлага тооцох болно. 

-Төсвийн зарцуулалтыг хангалтгүй гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Увс аймаг 2020 онд 81 тэрбум 341 сая төгрөгөөр 238 ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ажилласан байна. Үүнээс нийгмийн хөгжлийн чиглэлээр 36 тэрбум 279 сая төгрөгийг 83 ажил үйлчилгээнд зарцуулжээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт  9 тэрбум 956 сая төгрөг зарцуулсан байна. Энэ маш их төсөв шүү. Гэтэл өнөөдөр Увс аймаг ходоод, элэг, улаан хоолойн хавдрын өвчлөлөөр улсдаа эхний тавд орж байгаа. Энэ мөнгөөр хавдрын өвчлөлийг орон нутагтаа оношлох аппарат, тоног төхөөрөмж шинээр авч тавьсан уу? гэвэл үгүй. Нөгөө л хуучин аппарат хэрэгсэл нь эвдрээд, засаад л явж байна. Чадварлаг эмч нар бэлтгэгдсэн, нарийн мэргэжлийн олон хагалгааг орон нутагтаа хийх боломж байна. Гэтэл орчин нөхцөлийг нь бүрдүүлж, томоохон дурангийн аппарат авч тавиагүй. Нэг үгээр хэлбэл гол асуудлаа шийдээгүй байхад энэ 9 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Түүнчлэн боловсролын чиглэлээр 16 тэрбум 414 сая төгрөгөөр 38 арга хэмжээг, соёл урлагийн чиглэлээр 7 тэрбум 289 сая төгрөгөөр 9 арга хэмжээг, биеийн тамир, спортын чиглэлээр 4 тэрбум 50 сая төгрөгөөр 7 арга хэмжээг, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр 350 сая төгрөгөөр 4 арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлсэн байна. Гэтэл албан байгууллагуудын энэ онд хийсэн ажил, төсвийн зарцуулалт маш их зөрүүтэй, үр дүн нь хангалтгүй байна.

Тэрчлэн эдийн засгийн хөгжлийн чиглэлээр 38 тэрбум 693 сая төгрөгийг 87 арга хэмжээнд, хөдөө аж ахуй хөгжлийн чиглэлээр 3 тэрбум 622 сая төгрөгийг 19 үйл ажиллагаанд, үйлдвэрлэлийн хөгжлийн чиглэлээр 1 тэрбум төгрөгийг 2 арга хэмжээнд, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр 33 тэрбум 993 сая төгрөгийг 58 арга хэмжээнд тус тус зарцуулсан байна. Гэтэл дээрх салбаруудад ямар ахиц дэвшил гарсан бэ гэдгийг эргээд харахаар тоймтой зүйл байхгүй. 

Ард иргэдээсээ төсвийн мэдээллийг нуух шаардлагагүй л дээ. Аль болох ил тод, нээлттэй байх хэрэгтэй. Хэдэн тэрбумаар яригдаж буй энэ их мөнгө яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг Увс аймгийн хүн бүр мэдэж байх нь зүйтэй. Миний хувьд 2020 оны төсвийн зарцуулалт, тайлантай танилцаад их олон зүйлд сэтгэл дундуур үлдсэн. 

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан шүү дээ?

-2020 онд аялал жуулчлалын чиглэлээр 78 сая төгрөгийг 6 арга хэмжээнд, мөн дээр нь байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын чиглэлээр 1 тэрбум 458 сая төгрөгийг 24 арга хэмжээнд зарцуулсан байна. Энэ жил Увс аймагт 40 мянган гадаадын жуулчин ирсэн гэдэг тоон мэдээг аймгийн холбогдох байгууллагаас өгсөн. Цар тахлаас сэргийлээд хил хаачихсан байхад яахаараа 40 мянган гадаадын жуулчин ирдэг билээ гэхэд андуурсан байна, гадаадынх биш дотоодын жуулчид гэсэн. Гадаадын жуулчид манай аймагт олноор аялж ирлээ гэхэд байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн аялал жуулчлалын баазуудын байр сав, хоол ундны үйлчилгээ, хүрэлцээ хангамж, тав тух хангалтгүй байгаа. Энэ зун манай аймагт ирсэн дотоодын жуулчдын хувьд Хяргас нуур, Хэцүү хадыг хогондоо дарагдчихсан, бохир заваан байгаа талаар цахим орчинд ихээхэн шүүмжилсэн. Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын чиглэлээр зөвхөн энэ онд 1 тэрбум 458 сая төгрөгийг зарцуулсан юм бол яг ямар ажил хийсэн нь тодорхойгүй байна шүү дээ. Хэрвээ дорвитой ажил хийсэн бол бид цахим орчинд тэгтлээ шүүмжлүүлэхгүй л байлаа. Ер нь бол иргэд тэрбумаар яригдах тоонд их дассан байна. Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагууд энэ тоонд дасаж болохгүй л дээ.

-Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан дээр хурлын төлөөлөгчид төрийн байгууллагуудын ажлын хариуцлага, ил тод байдлыг ихээхэн шүүмжилсэн?

-Тогтвортой, ил тод төрийн албыг төлөвшүүлнэ гэж олон жил ярилаа. Аймгийн ИТХ-аар орон нутгийн амин чухал асуудлыг хэлэлцэж байхад албан байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ямар хандлага гаргасныг иргэд харсан байх. Хуралд ирээч гэж гуйлгаж шаардуулдаг, ирээд хариулт өгч буй хүмүүс нь ажлаа мэдэхгүй, асуултад тодорхой хариулт өгч чадахгүй байсан. Нэн ялангуяа аймгийн ЗДТГ-ын зарим хэлтсийн дарга нар Улаанбаатар хотод Удирдлагын академийн 45 хоногийн сургалтад явчихсан, гуйлгаж байж цахимаар 2-3 хүн хуралд оролцсон ч асуулт асуух үеэр камераа хаачих жишээтэй. Эндээс Увс аймагт төрийн алба, засаглалын бодлого ямар түвшинд байгааг иргэд харсан байх. Гэтэл төрийн үйлчилгээ, засаглалын бодлогын чиглэлээр зөвхөн энэ онд 4 тэрбум 911 сая төгрөг төсөвлөгдөж 44 ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн байх юм. Тэрчлэн хууль эрх зүйн бодлогын чиглэлээр 685 сая төгрөгийг 10 арга хэмжээнд зарцуулжээ. Энэ мөнгөөр хууль эрх зүйн бодлогыг үнэхээр дэмжсэн бол Увс аймагт хүүхдийн хүчирхийлэл жилээс жилд нэмэгдэхгүй байх байсан. Мөн албан байгууллагууд шилэн дансны бүртгэлийг хөтөлж, төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах байлаа. Гэтэл эсрэгээрээ Увс аймагт хариуцлагагүйн зуд нүүрлэсэн.

Аймгийн ИТХ-ын даргын хувьд эдгээр асуудал дээр гар хумхиад суухгүй, ажлын хэсэг байгуулж ажиллана. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэрээр манай аймагт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүд, дэд бүтцийн ажлууд эдийн засгийн тооцоо судалгаатай эсэх, стандарт шаардлагад нийцэж байгаа юу, үгүй юу, иргэдэд хүртээмжтэй эсэх, дулаан хангамжийн хүчин чадал нь ямар байгаа зэрэгт үе шаттай шалгалт хийнэ. Мөн албан байгууллагуудын шилэн дансны хөтлөлтөд анхаарч ажиллана. Тэрбум тэрбумаар тоологдох төсөв мөнгө Увс аймгийн иргэдэд наалдахгүй байгаа шалтгааныг илрүүлэх талаар онцгой анхаарч хянах замаар нэлээн сайн цэвэрлэгээ хийнэ. Товчхондоо  ирэх дөрвөн жил шударга ёс, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлсэн он жилүүд байх болно.

-Ирэх онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Аймгийн ирэх оны төсвийг 79 тэрбум 747 сая төгрөгөөр баталсан. Онцлох ажил гэвэл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөлд Орон нутгийн хөгжлийн сангаас 1 тэрбум төгрөг тавьсан бол улсын төсвөөс 650 сая төгрөгийг нэмж шийдвэрлэсэн. Мөн Улаангом сумын 10, 12, 9-р багт гэр хорооллын инженерийн дахин төлөвлөлт хийх зураг төслийг боловсруулахаар боллоо. Тэрчлэн Увс аймагт хогийн менежментийг боловсронгуй болгох ажлууд хийнэ. “Ухаалаг утас” апплейкшн нэвтрүүлснээр иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй шуурхай авдаг болно. Мөн аймгийн төвийн нийтийн орон сууцнуудын дээврийн дулаалга, сантехникийн засварыг үргэлжлүүлэн хийх бөгөөд цаашид эзэнжүүлж, СӨХ-г байгуулна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хугацаа дууссан хуучны барилгуудыг дэс дараатай буулгаж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлнэ. Үүнээс гадна иргэдийн таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр “Хашаандаа сайхан амьдаръя”, “Жорлонгоо өөрчилье” гэх мэт олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ер нь материаллаг зүйлийг бүтээе гэхээсээ илүүтэй хүн рүүгээ хандсан “ХҮН ТӨВ”-тэй бодлогыг барьж ажиллана.

2021-2023 онд аймгийн төвийн тохижилтод зориулж нийтдээ 7,8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнээс 2021 онд 1 тэрбум 800 сая төгрөгийн ажил хийнэ. Энэ мөнгөөр үр дүнтэй ажил хийвэл Улаангом сумын өнгө төрх эрс сайжрах юм.

-Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүний хувьд ямар ажлууд хийж байна вэ?

-Аймгийн ГХУСАЗСЗ-ийн тэргүүний хувьд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр дорвитой анхаарч ажиллана. Ялангуяа хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр анхаарч ажиллана. Мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр ажиллана.

Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох “Яг одоо” аян улсын хэмжээнд өрнөж байгаа бөгөөд энэ хүрээнд аймгийн Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна. Хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой уг аяныг “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” уриан дор 16 хоног өрнүүлэн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн.

 Аймгийн ИТХ-ын даргын хувьд аймаг, сумын удирдлага, төрийн байгууллагуудын дарга эрхлэгч нарт хандаж шударга ёс, хууль эрх зүйг дээдэлж, төрийн үйлчилгээг иргэдэд эрх тэгш, ил тод, нээлттэй хүргэн, төрийн бүх шатны байгууллагад ажлын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж ажиллах үүрэг чиглэлийг хүргүүлээд байна.

-Танд баярлалаа.      

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%