Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас анхдагч болж үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, энэ сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Гэрчилгээ”-гээ албан ёсоор гардан авлаа.
Ховд аймаг 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд “Стандарттай Ховд” хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн 9 байгууллага олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, байгал орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүллээ.
Тус стандартуудыг нэвтрүүлэхийн тулд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран аймгийн ИТХ, ЗДТГ, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлаын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Хөгжил политехник коллежийн албан хаагчдад сургалт, зөвлөн туслах үйлчилгээг 3 сарын хугацаанд үзүүлж ажилласан. Харин стандартыг байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаад “Монсертф” ХХК хянан баталгаажуулалт хийсэн юм.
Гурван жилийн хугацаатай баталгаажилтын гэрчилгээ гардан авсан байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах бөгөөд жил бүр магадлан аудитыг холбогдох байгууллагуудаас хийж ажиллана.
Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа тус стандартуудыг нэвтрүүлснээр ажлын уялдаа холбоо сайжрах, баримт бичиг эмх цэгцтэй болох, ажлын давхардал хийдэл, хүнд суртлыг арилгах, албан хаагчдын мэдлэг ур чадвар, бүтээмжийг тасралтгүй ахиулах, улмаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм.