Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII дахь бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулагдлаа.
Тус хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн нийт ажлын явц, үр дүнгийн талаар илтгэл танилцууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нийт 12 удаа хуралдаж, 140 гаруй тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдааныг нийт 80 гаруй удаа хийж 700 гаруй тогтоол тус тус гаргаж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилласан.
Ховд аймгийн ИТХ 2016-2020 онд 35 хөтөлбөр, 16 журмыг боловсруулан гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус ажлуудыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, төрийн алба хаагч, Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, шинэ санал санаачлага, дэмжлэг чухал байр суурь эзэлж байсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди онцоллоо. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг төлөөлж аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ш.Батсүх, П.Мөнхбат, С.Лхагвасүрэн нар үг хэллээ.