Аян замын тэмдэглэл сэтгүүл зүйн хамгийн эртний
бичлэгийн төрлийн нэг юм.
ХIII зууны үед Оросын худалдаачин Афанасий
Никитин
Энэтхэг орны тухай “Гурван далайн цаана аялсан
нь”,
Хятадын цэргийн
офицер Жао Ху “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”
зэрэг аян замын тэмдэглэл бичсэнийг
сэтгүүл
зүй судлаачид хамгийн анхны тэмдэглэл гэж үздэг.
Нэг. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ
Ховдоос ОХУ-ын Алтайн бүгд
найрамдах улс /Горный Алтай/, Алтайн хязгаар Барнаулын чиглэлд гарах албан
айлчлалын багийнхан аян замд гарахад бэлэн болжээ. Хэн хэн нь энэ аяллыг гэнэт
шийдсэн нь илт. Яарсан, утсаар ярьсан, адгасан, тайлбартай урт яриа бидний
эргэн тойронд хөвөрнө. Тиймээ, бид 5 хоногийн өмнөөс ярилцаж, маршрут хөтөлбөр,
санамж бичгийн төслөө тун хурдан гаргаж, баг маань сая л бүрдсэн гээд боддоо...
Сайхан Монгол орныхоо
баруун хязгаар нутгаас ОХУ-ын Алтайн хязгаарын орос, алтайчуудын аж амьдрал,
ахуй соёлыг таньж мэдэх гэсэн их хүсэл тээсээр яаран яаран замдаа гарч байгаа
минь энэ ээ. Бидний суусан TOYOTA HICEO маркийн микроавтобус хурдаа аажим аажмаар
нэмэн хурдалахуйд итгэж ядан байсан явдал мөрийн үнэн гэдэгт бага багаар
даслаа. Ингэж их догдлохын учир гэвээс анх удаа ОХУ-ын хилийн дээс алхаж байгаа
хүмүүс манай багийн бүрэлдэхүүний 80 хувийг эзэлж байгаад оршиж байлаа,
болгооно биз ээ.
Хэдийгээр нэг системд,
нутгийн удирдлагын байгууллагад ажилладаг нөхөд ч гэлээ зүс танихаас хэтрэхгүй
мэндийн зөрүүтэй байсан бид төд удалгүй танилцаж, аян замын наргиан наадам үл
тасрах бөгөөд холын замын урт бодол хөвөрч тэмдэглэл хөтлөгч надад сонирхолтой,
үзэх сонсох арвинтай урт аялал хүлээж байх мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрөх нь
сонихон.
Аймгийн ИТХ-ын нарийн
бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын айлчлалын бүрэлдэхүүн Алтай,
Булган, Дуут, Дөргөн сумын ИТХ-ын дарга нар, Буянт сумын ИТХ-ын нарийн бичгийн
дарга, Ажлын албаны ОНИХХ-ийн дарга, мэргэжилтнүүд, Тамгын газрын жолооч
Б.Энхтөрийн хамт 2018 оны 10 дугаар сарын 19-ний билэг дэмбэрэлт өдөр аяны
дөрөөг нийлүүлэн ийнхүү хөдөллөө.
Арын ажлаа аппаратын
үлдсэн ажилтнуудтайгаа Хурлын дарга маань баттай дааж хоцрон, урт замд итгэл
даах хөлөг, жолооч 2-оо сонгосон багийнхан дуутай хууртай, хүндтэй мэндтэй
үдүүлэнхэн, бас Эрдэнэбүрэн сумын ИТХ, Засаг дарга нар Шургийн голын гүүрийн
бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн багийн төвөө төвхнүүлж, худаг ус оргиуланхан
байгаатай зам зуур таарч амны билэг, ашдын ерөөлтэйгөөр их замдаа шуударлаа.
Олон түмнийхээ төлөө
нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн хөдөлмөрлөж байгаа сум орон нутгийн хөдөлмөрч
хүмүүсийн зүтгэл нүднээ аяндаа тусдаг ажээ.
Үдшийн нар жаргах мөчид бид Баян-өлгий аймгийн төв Өлгий хотод хүрэв. Тэндээ нэг хоноод өглөө эрт хөдлөн эртний уламжлалт ах дүүгийн харилцаатай Орос орны Алс дорнод, Сибирын зүүн хэсгийн хил дээр ирлээ.
Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш улс орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон шугам. Улсын хил бүрэлдэн тогтох нь хэдхэн жилийн хэрэг явдал бус, түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлдэж, зэрэгцэн оршдог субъектүүд, олон улсын хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур болдог жамтай.
Хилийн дархан зурваст борог өвс хөл ороон, онгон дагшныг илтгэх мэт анир
чимээгүй. Эх орны дархан хил олон аавын хөвгүүдийн нүд цавчилгүй хамгаалан
хадгалах үндэсний аюулгүй байдлын дархлаа гэлтэй амар амгалан.
Хил гааль нээгдэж, хөрш орондоо визтэй, визгүй зорчиж, хил худалдаа хөгжөөд
30 шахам жилийн нүүр үзжээ. Өчүүхэн миний бие 1998 онд аймгийн Эмэгтэйчүүдийн
зөвлөлийн тэргүүлэгчдийн хамт Мааяа даргаар удирдуулан Горный-Алтайд
эмэгтэйчүүдийн олон улсын форумд оролцохоор энэ замаар явж байснаа нэхэн саналаа.Олон
ч бизнес, албаны хүмүүс, ялангуяа Баян-өлгийн
иргэд энэ замыг андахгүй сайн мэднэ. Зам дагаж хөгжил ч гэдэг.
Цагааннуур сумын төв алсад цайлалзан харагдана. Нэг их том болсон,
нэмэгдсэн зүйл тун бага. Амьдрал буцалж байгаа хилийн зурвасын энэ сумыг үе
үеийн Засгийн Газрын бодлогод чөлөөт бүс болгон хөгжүүлэх тухай нилээд олон жил
ярьсансан.
Улаан байшинтын боомт. Хөл хөдөлгөөн багатай, эртний орхигдсон суурин,
будаг, шавар нь халцарсан хуучин байшингууд, ажилдаа түүртсэн хил гаалийн
хөдөөшсөн цөөхөн ажилтнууд. Ийм л дүр зураг Монголын баруун хил дээр харагдана
Их
Алтай бол Азийн төв хэсэгт ОХУ /Алтайн хязгаар, Алтайн Бүгд Найрамдах Улс/,
Казахстан, Хятад, Монгол гэсэн дөрвөн улсын нутаг дэвсгэрийг дамнан оршдог
уулархаг бүс нутаг юм.
Уран зураг мэт Алтайн сүрлэг
уулсаа хойд талаас нь бас модтой нь, мөнх цастай нь, харгиа цэнгэг голуудтай нь
харах юутай сайхан.
Сэтгэл хөдөлж машины цонхоор
жирэлзэн өнгөрөх сүрлэг уулс, илээд авахаар ойрхон саглайх моддын мөчир, тэртээ
дор, заримдаа бараг хажууд жирэлзэн урсах уулын голын чимээг моторын жигд
намуухан нүргэлэх дуутай хослуулан тасралтгүй
хэсэг сонсохуй, бас харахуй дор ажлын стресс, амьдралын ачаа элдэв бүхэн замхран
одох нь гайхалтай.
16 дугаар зуунаас оросууд Сибирийн аймгуудыг эзлэн
түрэмгийлж, Монголын нутгийн хойд талаас түрж шахах болсон
байна. Чухам үүнтэй уялдан
хойд нутгаа монголчууд зохих ёсоор анхаарах, өөрсдийн нутаг бэлчээрийн зах заагийг нарийн
тодорхойлон тогтоох, түүнийгээ сахин хамгаалах шаардлагатай болсон
нь түүхийн ээдрээт үйл явцаас уншихад
илхэн.
Монголчууд Сибирь, Байгаль нуур хавийн газар нутагт бүрэн
суурьшиж чадаагүй нь тэдний эрхлэх үндсэн аж ахуйтай нь холбоотой
ажээ. Ой тайгаар оршин
амьдрагч анчин гөрөөчин овог аймгууд нүүдэлчдийн хараат түшмэг байдалтай оршиж
байжээ.
Тэртээ Зүүнгарын Хаант улсын үед ойрадууд
орчилдон тэмцэлдэж, олзлолдон булаалдаж байсан 17 дугаар зууны эхэн. Галдан
Бошгот хааны удам Галданцэрэн хааны
харъяат Зайсан ноён албат ардуудтайгаа Алтайн энэ хэсэгт ихээхэн эрх
мэдэлтэй суурьшин амьдарч байсан тухай нэгэн судлаач эрдэмтний бичсэнийг
уншлаа. Ай баярхах нутагтай, бахархах түүхтэй өвөг дээдэс минь.
Агуу Орос орны нутгийн зүүн хэсгээр
аялж байгаа боловч цаанаа нэг л элгэмсүү, эртний танил мэт, хүнийрхэх, оншооших
сэтгэл үл төрнө.
Зүрхэн хөх уулс эцгийн суудлаар
ханхайгаад
Зөрөөд өнгөрөх зочдын амрыг асуух мэт модод найгаад
Зүйдэлгүй орчлонгийн зөн билэг, араншинг тээх мэт голууд харгиад
Зөрж өнгөрөх Уулын Алтайн уугуул нутгийнхан элгэмсүү дотно...
Энд
тэнд өндөр уулын өвөрмөц
тогтоцтой хад, өгсүүр, мушгиа, замын нугачаа, модод дундах Оросын
хуучны тосгон, зуслангийн байрууд, байгалийн сүр хүчин, хүйтэн өвлийг угтах мэт
бат бэх орос дүнзэн байшингууд, цасны нурангиас хамгаалсан хашилт,
тэмдэглэгээнүүд... Яг
л гурван хэмжээст зураг харж үлгэрийн оронд ирсэн мэт гайхам сонин мэдрэмж төрж
байлаа. Байгаль эх амьд гэдэг юутай үнэн үг
вэ?
Бидний эхний удаа айлчилж, ажлын уулзалт хийхээр зорьсон газар бол ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс байлаа. Энд улсын зэрэглэлтэй, нийслэл хот
Горно-Алтайскаас гадна 10 дүүрэг, 243 тосгоноос бүрэлдэнэ. Аж үйлдвэрийн голлох
салбар нь мал аж ахуй, мод боловсруулах болон барилгын материалын
үйлдвэрлэл, алт олборлолт ажээ.
Алтайчуудын
олонхи нь түрэг угсаатнуудын цус холилдож бүрэлдсэн бөгөөд Телеут, Теленгут зэрэг
түрэг угсааны улсууд (552-745), уйгур (745-840), кыргыз (8-13 дугаар зууны эхэн) хэмээх гурван ханлиг оршин тогтнож
байв. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд орсон түүхийг нууц товчооноос уншиж байсан.. Ойрадууд дийлэнх нь, бас
цөөвтөр Урианхайчууд оршино. Гэвч тодорхой шалтгааны улмаас тэд өөрсдийгөө
Ойрад гэхээ больж “алтай-кижи” (алтайн хvн) буюу Алтайчууд гэж
нэрлэх болсон байна.
Одоо 202,947 хүн ам, 92,600 км²
нутаг дэвсгэртэй. Хүн амын 60 хувь нь орос, 30 хувь
нь алтай үндэстэн.Тус
улсын өмнөд хэсэгт нь 4506 м өндөртэй Белуха уулаас эхлэн Монгол Улсын нутаг
хүртэл Алтайн нуруу үргэлжлэх тул 4000м гаруй өндөртэй уул нурууд, мөсөн гол
элбэгтэй. Монголын хилийн ойролцоо Укокийн тэгш өндөрлөг оршдог ажээ
Зам мэдэхгүй, оросоор
хазгай муруй, чадан ядан ойлгох бидний хэсэг нөхөд Уулын Алтайд ирэх замдаа
төөрөх, замын тэмдэглэгээг харахгүй өнгөрөх, урт замд аянших, ядрах, унтах ,
цастай, бороотой наргиан наадамтайгаар 500 гаруй км-ийг туулж Горный Алтайн
“Этно” хостельд ирэхэд итгэлт нөхөр Нямаа эгч маань нойроо хугаслан хүлээж
байсан нь урт холын замд төрсөн ах дүүс уулзах мэт дотно сайхан.
Манан будан хөвөрсөн өндөр
уулын бүсэд өглөөний агаар маш цэнгэг ажээ. Бас Монголынхтой их төстэй. Өглөө
нар эрт манддаг болоод ч тэр үү, эсвэл орчинтойгоо танилцах гэсэн бидний сэтгэгдэл өндөр байсан болоод тэр үү, хэдий шөнө хугаслан
ирцгээсэн боловч бүгд эрт
босоцгоосон байлаа. Зарим нь өглөөний агаарт алхаж, зарим нь өрөөндөө, цовоо сэргэлэн
инээлдэн ярилцах нь тодхон сонсогдоно.
Эхний өдөр аяллын маршрутаар бол чөлөөт өдөр байлаа. Гэсэн ч холоос зорьж ирсэн бидний хувьд хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн,
мод үрслүүлгийн газартай танилцах, суралцах жинхэнэ
завгүй өдөр болж, оройхондоо Сибирийн бүх тойргуудад сүлжээ дэлгүүрийн бизнесийг хөгжүүлж,
чухамдаа “хот сууринг ноёрхож нүхэлсэн Мария-Ра” томоохон худалдааны төвөөр
ороод амжсан гэж байгаа.
Учир нь Алтайн Бүгд найрамдах улсад байх бидний хугацаа 2 хоног бөгөөд маргааш гол ажилдаа буюу их хөршийнхөө хурлын байгууллагатай уулзах, хамтын ажиллагааны зузаан түүхээ баяжуулах албан ёсны уулзалт эхлэх хариуцлагатай ажил хүлээж байлаа.
Хоёр талын хамтын
ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, соёл боловсролын түншлэлийн
харилцааг өргөжүүлэн тогтоож, үйл
ажиллагааны хүрээг тэлэх боломжийг судлах уулзалтанд манай талаас албаны 5, Алтайн БНУлс
талаас 5 хүн оролцож элгэмсүү дотно, ил тод яриа хэлэлцээр өрнөж, нутгийн өөрөө
удирдах байгууллагын гадаад харилцаа шинэ алхмаар урагшилсан үр бүтээлтэй
өдрүүд өнгөрлөө. Залуу үе хойч минь түүхээ баяжуулж, найрамдалт харилцааны
зузаан түүхээс суралцаж байна. Баярламаар...
24-ний өдөр Алтайн Хязгаарын ИХ хурлын байгууллагатай /Законодательное
собрание-Эль Хуралдай/ санамж бичиг байгуулах албан уулзалттай байсан тул
оройхон Горный-Алтайгаас хөдөлж Монголчуудын эртнээс мэдэх Би хот буюу Бийскээр
дайран Алтайн хязгаарыг зорилоо.
Алтайн хязгаар (орос. Алтайский край) нь Оросын
Холбооны Улсын өмнөд хэсэгт орших хязгаар юм. Засаг захиргааны төв нь Барнаул Сибирийн Холбооны тойрогт харьяалагдана. Баруун Сибирийн зүүн өмнөд хэсэгт
оршдог бөгөөд дэлхийн хамгийн том Сибирийн тал болон Алтайн нурууны уулзвар
хэсэгт байрладаг юм байна.
Баруун болон
өмнөд нутаг нь Казакстантай хиллэдэг, хойд
болон зүүн хэсэг нь Оросын Новосибирск, Кемеров мужтай, зүүн өмнөд хэсгээрээ Алтайн БНУ-тай хиллэдэг.
Тээврийн
хөлөг онгоц хөвөх Обь мөрөн Алтайн нуруунаас эх
авч, Баруун Сибирийг туулаад умард Карын тэнгист цутгана. Зун
нь халуун, өвөл
нь хүйтэн зөөлөн эх газрын уур амьсгалтай. Зундаа тэгш газраас уулархаг газар
нь илүү сэрүүн бөгөөд өвөлдөө уулархаг газар нь илүү дулаан байдаг гэх. Цаг агаарын
иймэрхүү таатай байдлын ачаар уулын хормой болон нам дор газар томоохон хэмжээний
тариалан, үр жимсний арвин ургацтай аж ахуйнууд ихтэй. Жилдээ 2
удаа ургацаа хураан дотоодын болон Агуу Орос орны баруун хэсгийн үр тариа,
рафс, чихрийн нишинг, сүү, цөцгийн тос, зөгийн бал, бяслагны хэрэгцээг бүрэн
хангадаг өгөөжтэй хязгаар нутаг. Сайхан тавьсан засмал замын 2 талаар 14 км
өргөн 70 км урт үргэлжлэх гайхалтай залуухан, тэгшхэн хусан ой үргэлжлэнэ.
11 дүгээр сарын эхэн үеэс цас ихээр орж 3 сарын сүүл 4 сарын эхээр хайлдаг. 1 дүгээр сарын температур -17.6°C, 7 дугаар сард +18.4°C байдаг. 1 жилийн хур тунадасны хэмжээ 250-350мм гээд тоочоод баймаар тоон статистик олж уншлаа.
Хоёр. Хамтын ажиллагааны түүхийг
бичилцэж яваа өнөө цагийнхан
Дундад улсын худалдаачид бараа таваар, цайгаа Монголоор дамжуулан, Монгол эрсээр жин даалган, Монгол тэмээг хөсөглөн Орос руу гаргах тэмээн жингийн жимийг ийнхүү “Цайны зам” хэмээн түүхэнд нэрлэсээр ирсэн байна.
Монголын нутгаар дамжин өнгөрч байсан хоёр үндсэн цайны худалдааны
зам байжээ.Энэ нь Хаалган-Хүрээ-Хиагт гэсэн Монголын нутгийн төв шугамыг дагасан зам, Хөх
хот-Улиастай-Ховд-Цагааннуур-Бийск гэсэн Монголын баруун хязгаарыг дайрсан 2 зам байлаа.
300 гаруй жилийн түүхтэй “Цайны
зам”-аар Монголчуудын нүүдлийн соёл , ёс
заншил Ази, Европод түгэн дэлгэрч, улмаар баяжигдан өгжиж байсан түүхийн мартагдашгүй улбааг бид
олон зүйлээс харж болно. Алтайн сүрлэг хайрханы ар бэл, “Мод дууслаа. Хос
модод” гэх тодотголтой Кош-Агаш, жингийн цуваан дахь эхний тэмээний хоргол хөсгийн сүүлийн
тэмээний толгой дээр унаж байсан гэх домогтой Чикитамины даваа, Онгудай, Уулын
Алтай, Бийск, Алтайн хязгаар, үндэс угсаа, мартагдсан эртний аялгуу мэт
Алтайчууд, танил, дотнохон.
“ Цайны зам”, Тэмээн жин, жинчидтэй
холбоотой домог үлгэрт мөнхлөгдөж, ам дамжин тархаж, хадгалагдсан хууч яриа, үлгэр түүх өнөө хүртэл
Монголчуудын дунд байсаар ирсэн.
Тэр дундаа Хятад улсын өмнөд мужаас Монголоор дамжин Орос улс, улмаар Европод хүрсэн худалдааны замын торгон
зангилаан дээр оршдог Ховд нутгийн хөдөлмөрч, уламжлалаа хадгалж, хайрлан
хамгаалж, тордож, өнгөлж ирсэн Зон олны хувьд, хөгжих, худалдаа хийх, бараа
таваараа солилцох, цай худалдаалах, худалдаа харилцааг хөгжүүлж, идэр жинчид цагийн бэрх, улирлын хүйтэн
халууныг үл ажран жин тээж, жин тосож,
солилцоо явуулж, амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн эртний худалдааны зам Бийск
хүрээд буцаж эргэдэг байжээ.
Бидний сайн мэдэх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан нэгэнтээ “17 наснаасаа жин
тээж, жинчдийн тогоо барьж, ачаа өргөж халуунд халж, хүйтэнд хөрч, хал үзэж,
газар усны баримжааг алдалгүй тогтоож...”
сурснаа дурсан ярьж байсныг санаж байна. Их хүрээнээс гарсан жинчид
Тосонцэнгэлээс жин тээх тэмээгээ сольж амраан
Ховдоор дайран Цагаан нуураар дамжин Бийск хүрдэг, жинчид ховор сонин
зүйл их авчирдаг байсан... ,” миний өвөө жин тээдэг байсан” гэж ярих хүн Ховдод
өнөө ч олон бий. Түүхийг ард түмэн бүтээж, эгэл жирийн, энгийн бүхнээр түүх
баяжигддаг гэнэм.
Орос орон, Алтайн хязгаар жуулчид аялагчдыг өөрийн хөгжил, өвөрмөц ёс заншил, хоол, өв соёлоороо татахаас гадна эрүүл, чанартай бараа бүтээгдэхүүнтэй гэдгээрээ алдартай билээ.
Айлчлалын 4 дэх өдөр. Алтайн хязгаарын Их хурлын байгууллага / Законодательное собрание/-ын төлөөлөлтэй уулзах, санамж бичиг үзэглэх хариуцлагатай өдөр. Биднийг Алтайн хязгаарын Их хурлын хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч дарга Серов Сергей Николаевич гадаад харилцаа эрхэлсэн ахлах мэргэжилтэн Максим Татарский, хууль зүйн байнгын хорооны дарга, албаны хүмүүсийн хамт найрсаг дотно хүлээн авч хууль тогтоох байгууллагынхаа Хуралдааны Их танхим, хүндэтгэлийн самбар, түүхийн булангуудтай танилцууллаа.
Алтайн хязгаарын Их хурал-Хууль тогтоох байгууллага
Нэгдсэн хуралдаанаараа 2019 оны төсвийн төслөө хэлэлцэх, “ард түмнээ сонсох”,
байнгын хороодоор урьдчилан хэлэлцүүлэх их ажил өрнөсөн, цаг хугацаатай
уралдсан их ажилтай байгаа нь илт.
Хоёр талын танилцуулга, халуун дулаан яриа 1 цаг шахам
өрнөж, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, зургаа татууллаа.
Орлогч дарга Сергей Николаевич “... Аугаа их эх орны дайны хүнд үед
ялалт байгуулахад Монгол улс
зүйл бүрээр тусалж дэмжиж байсныг бид мартах учиргүй. Сүүлийн
жилүүдэд “Алтай –Бидний нийтийн гэр” арга хэмжээ хэлбэр агуулгаа улам баяжуулан
өргөжиж, аялал жуулчлал хөгжиж, Алтайн хязгаарын Их сургуулиуд, Ховд Их
сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо нэмэгдэж, сайхан түүх үргэлжилж
байна” хэмээн цохон тэмдэглэв.
Мөн манай талаас тавьсан техникум, коллежид
монголын охид, хөвгүүдийг тэтгэлгээр сургахад дэмжлэг үзүүлэх саналыг хүлээн
авч байгаагаа илэрхийлэн, дунд мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд туслах, багш нарыг
мэргэшүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн
гэдгээ мэдэгдэж байлаа. Харин Ховдоос Цагааннуурын хил хүртлэх засмал зам бүрэн дууссан эсэх, хаана хүрч байгааг үгийн далимдаа асууж байсан шүү.
Их хурлын ордноос гарахад Алтайн хязгаарт зүсэр борооны дараахь зөөлөн чийг ханхлан, нар үүлэн чөлөөгөөр ээх нь нэг л таатай.
Алтайн Их сургуульд урилгаар багшилж байгаа доктор, төр захиргааны ахмад
ажилтан Д.Нямаа эгч маань хөтөч, орчуулагч, зөвлөхөөр аялалын туршид
хамт байж, хоёр орны хамтын ажиллагааны баялаг түүхийг бүтээхэд өөрийн хувь нэмрээ
оруулсан гадаад харилцааны нөр их туршлагатай, нэр хүндтэй, чадварлаг ажилтан
гэдэг нь алхам тутамд харагдаж, бахархах
сэтгэл төрүүлж байлаа. Амины, албаны, бизнесийн бүхий л уулзалт, гэрээ, аялал
бүрийг найрамдалт харилцааны хүрээнд Аугаа Орос орон, БНХАУ-тай сүүлийн 20
жилийн туршид, 2 талт, гурван талт хэлбэрээр өргөжүүлэн холбох гүүр нь байж
мэдэрч, хийж, санаачилж, үлгэрлэн ажилласныг гадаад харилцаагаар мэргэшин
дипломат ёсонд суралцаж байгаа хэн бүхэн харж суралцаасай хэмээн чин
сэтгэлээсээ хүснэм.
Төрөлх нутаг минь хөгжин цэцэглэхэд хүн бүрийн сэтгэл зүтгэл, оролцоо
чухал. Бид тавьсан замаа арчилж, хот тохижилт, ногоон байгууламжаа байгалийн
унаган төрхийг нь дагуулан хийж, хоггүй
цэвэр орчноо бүрдүүлж, бас тохижуулж, баталсан хууль, журмаа мөрдөж,
харилцаагаа энгийн бас соёлтой болгож, биесээ хүндэлдэг, тамхи бусад саар
зуршлаа багасгах гээд Орос ах нараас сурмаар зүйл ихээ. Ядаж орон сууц,
хашаандаа зүлэг ногоогоо тарьж, СӨХ, хөршийн холбоог ажиллуулж арьс нэхийгээ
боловсруулж сум бүр нэрийн бүтээгдхүүнтэй болохсон.
“Сайхан амьдрал хадгалахаас эхлэнэ” гэсэн самбарын хажуугаар хүмүүс
өнгөрнө. Хөрөнгө мөнгөнөөс гадна өв
соёл, хайр, итгэл, түүх, сурснаа эрдэм болгон хадгалах, амьдралдаа хэрэглэх,
нандин харилцаа, хүн чанараа хадгалах, хийсэн бүтээснээ хайрлаж хамгаалах тухай өгүүлсэн байгаасай.
Аяны зорилгоо биелүүлсэн багийнхан айдаггүйгээ авдартаа хийсэн мэт бөх бат
нойрсон нэг сэрэхүй дор алдарт даваанууд, том хотууд, тосгод ард хоцорч ОХУ-ын
хил дөхсөн харагдана. Итгэл даах
чадварлаг жолоочийн ур чадвар газрын хол, усны уртад гайхалтай түшиг
болдог ажээ.
Аялалыг удирдсан Б.Сандагсүрэн дарга, хамтран аялсан Н.Бүргэд, Т.Батхуяг, Л.Нарангэрэл, Н.Базаррагчаа дарга нар, нарийн бичгийн дарга нараа төлөөлөн оролцсон Д.Баттулга, ямар ч үед хамтдаа байж, баяр жаргал, бүхнээ хуваалцдаг Ажлын албаныхан Б.Баяртуяа дарга, Б.Даваадорж, С.Батцэцэг, Ц.Азцоож, ЗДТГ-ын жолооч Б.Энхтөр нартаа баярлалаа.
Аялал айлчлал, уулзалт бүр сайны мөртэй, өнө холын үүдэлтэй, үлдэцтэй байх
нь чухал. Холын зам, хүний нутаг, хоног хугацаа улиран одно. Инээж тоглож,
ярилцаж, хамтран ажилласан бүхэн сэтгэлд, бас цаасан дээр зураг болон
баримтжуулагджээ. Арлёнок, агаар ус,
пакет, хааз, амжилт... хөгжилтэй ярианууд бидний нөхөрлөлийг бэхжүүлэн хүн
чанар, хүнээ дээдлэх сэтгэлийн дуудлага болон үлдлээ.
Ажлын хамт олон, хугацаатай олон бичгүүд, шийдвэрлэх, хийх олон олон
ажлууд, гэр бүлийнхэн маань биднийг хүлээж байгаа.
Хил ойртох тусам
эх орноо хайрлах хайр минь аргалын гал шиг энгэр цээжнээс зөөлөн төөнөнө. Нутгийн зүг салхи татуулан давхиж явна “...Хөгжил дэвшил өөд таныгаа тэврэнхэн гүйхсэн” хэмээн сэтгүүлч,
яруу найрагч Да.Нямаагийн хэлсэнчлэн хөгжил дэвшил өөд таныгаа тэврээд гүйхсэн, Эх орон минь...
Аялал сайхан ч эргэж харих
бүр сайхан. Багийнхан маань одоо гэр гэртээ, аяллынхаа сонин хачинаас ах дүү, айл хотлынхонтойгоо хуваалцан,
авсан зургуудаа үзүүлсээр байгаа гэдэгт итгэлтэй байна.
“Хүн
эх нутгийнхаа хөрсөн дээр хоёр хөлөөрөө бат зогсох ёстой. Гэхдээ нүд нь бүх
дэлхийг харж байвал зохино” Жорж Сантаянагийн хэлсэн үгээр тэмдэглэлээ жаргаая
ТЭМДЭГЛЭЛИЙГ СИЙРҮҮЛСЭН:
МЭРГЭЖИЛТЭН Р.ЦЭЦЭГЖАРГАЛ
ХОВД 2018 ОНЫ 10
ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР МЯГМАР ГАРИГ