ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МАНХАН СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-07-17

Ховд аймаг 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 3 сая 84 мянга 05 толгой мал тоолуулсан дүн мэдээ бий. Тэр дундаа Ховд аймгийн 17 сумаас хамгийн олон мал тоолуулсан сумдын гуравдугаарт 226 мянга 169 тоо толгой мал тоолуулснаараа Манхан сум бичигдэж байна.

БАЯНГОЛ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Э.ЭНХБАЯР

Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж мал сүргийнхээ буян хишгийг арвижуулан нөр их хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлсэн малчдын нэг бол Манхан сумын Баянгол багийн малчин Э.Энхбаяр юмаа.

Эргэх дөрвөн цагийн аясаар бэлчээрийн шим даган эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн яваа энэ малчных 2019 оны жилийн эцсээр 1300 гаруй тоо толгой мал тоолуулжээ.

Малчин Э.Энхбаяр 22 жил мал маллаж байгаа хашир туршлагатай малчдын нэг. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтрэлээс шалтгаалан цөм сүргийг голчлон өсгөж, тооноос чанарт анхаарч байгаагаа хэлж байлаа. Малын таваарлаг чанарыг сайжруулснаар бэлчээр нутгаа хамгаалаад зогсохгүй, эдийн засгийн хувьд ихээхэн ашиг тус авч ирдэг гэж үздэг байна. Түүнчлэн уламжлалт мал маллагааны нандин өв, ухааныг залуу малчдад өвлүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй гэж үзэн өөрийн туршлага мэдлэгээ залуу малчдад харамгүй өгсөөр иржээ.




БАЯНГОЛ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Х. ДОЛГОРСҮРЭН

2019 оны аймгийн аварга малчнаар тодроод байгаа малчин Х.Долгорсүрэнгийн хот айл Ховд аймгийн төвөөс 67 км, сумын төвөөс 30 орчим км-ийн зайд Далангийн хар чацаргана гэдэг газар өнтэй сайхан хаваржиж байв.

Мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлж жилийн эцсээр 1390 мал тоолуулж аймгийн аварга малчны болзол хангажээ.

Малчин Х.Долгорсүрэн бага балчир наснаасаа мал маллаж өссөн нэгэн. Малчин Х.Долгорсүрэн 2016 онд сумын аварга малчны болзол хангаж шагнагдаж байснаас хойш жил бүр 1000-аас дээш тооны мал тоолуулсаар ирсэн байна.

Манхан сумын Баянгол багаас энэ жил аймгийн аварга малчин 3 төрөн гарсан байна. Баянгол баг Хар ус нуурын тусгай хамгаалалттай бүс нутагт харьяалагддаг бөгөөд жилийн эцсээр 219 малчин өрхийн 70936 тоо толгой мал тоолуулжээ.

Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсан Манхан сумын малчин Х.Долгорсүрэн түүний гэргий Б.Сарантуяа нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.





ЗЭРЭГ ГОЛ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Н.АРИУНБОЛД

Арван долдугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр эрдэнэт мал сүргээ 5-н төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлж хөдөө аж ахуйн салбарт өндөр үр бүтээлтэй ажиллаж аймаг орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан малчдын нэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн малчин Н.Ариунболд нэрлэгдэж аймгийн аварга малчны шагналаа гардан авлаа.

Алдарт Тооройн шаргал элсний хаяа дэрлэн нутагладаг Манхан сумын Зэрэг гол багийн 167 малчин өрхийн нэг бол залуу малчин Н.Ариунболдынх жилийн эцсийн мал тооллогоор 1100 гаруй тоо толгой мал тоолуулсан байна.

Аймаг, сум, багийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан залуу малчдыг дэмжин малжуулах, тусламж хандив өргөх, туслах малчдыг сурган дадлагажуулах ажилд бусад малчиддаа манлайлан оролцдог нэгэн.

Жилийн дөрвөн улирлын мандах нартай уралдан эхэлдэг малчдын ажил барагдахгүй их. Ажил хийсэн хүн ам тосодно гэх ардын сайхан үгээр олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутаг, ахан дүүсдээ үнэлүүлж, хишиг буяныг нь хүртэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байв.




Ч.ПҮРЭВСҮРЭН: МАЛЫН ТООНООС ИЛҮҮ ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭДЭГ

Манхан сумаас 2019 оны аймгийн аварга малчнаар шалгарсан Баянгол багийн малчин Ч.Пүрэвсүрэнгийн хот айлд аймаг, сумдын удирдлагууд аваргын шагнал гардуулан өглөө. Малчин Ч.Пүрэвсүрэнгийн хувьд 33 жил мал маллаж арга туршлагаа залуу малчдад өвлүүлэн яваа туршлагатай малчдын нэг юм.

Малчин Ч.Пүрэвсүрэн, О.Биндэръяа нар 1992 онд айл гэр болж өрх тусгаарласнаар тасралтгүй 30 орчим жил мал маллаж аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хөдөө аж ахуйн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа малчдын нэг юм. Энэ жил 470 орчим төл шинээр хүлээн авчээ.

Цагийн хүнд улирлын бэрх хатууд туслах малчдыг цалинжуулан ажиллуулах, залуу малчдыг малжуулах гээд ирээдүйн малчдыг бэлтгэх үйл хэрэгт ач холбогдол өгсөөр иржээ.

Малчин бүрт мал маллах өөрийн гэсэн арга туршлага бий. Малчин Ч.Пүрэвсүрэн, О.Биндэръяа нар малын тооноос илүү чанарыг эрхэмлэн бэлчээр нутаг талхлахгүй, ашиг шим сайтай мал сүргийг сүүлийн жилүүдэд өсгөж маллахыг чухалчилсаар ирсэн гэдгээ онцолж байлаа.






ТАХИЛТ БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Х.БОЛДХУЯГ

Манхан сумын Тахилт багийн малчин Х.Болдхуяг эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж, жилийн эцсийн мал тооллогоор 1000 гаруй мал тоолуулсан. Малчин Х.Болдхуяг түүний гэргий Т.Оргилбулаг нар 2014 онд “Сумын аварга малчин” болсон. Аймгийн аварга малчин Х.Болдхуяг энэ хавар төл малаа 100% бойжуулан өсгөж байна.

Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж, Манхан сумын малчин Хаяндоржийн Болдхуяг гэргий Тэгшжаргалын Оргилбулаг нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.

Мөн энэ үеэр Манхан сумын Тахилт баг 2019 оны ажлаараа манлайлан ажиллаж, Ховд аймгийн “Тэргүүний баг” боллоо.




БОТГОН БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Э.АРСЛАН

Манхан сумын Ботгон багийн малчин Э.Арслан 35 жил мал маллаж, мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж байна.

Малчин Э.Арслангийнх Сүхбаатар, Хэнтий аймгуудын бог малаар бог малынхаа үүлдэр угсааг сайжруулж байна. Мөн хонин сүргээ давамгайлан өсгөдөг өрх айл юм.

Э.Арслан 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 1150 тоо толгой мал тоолуулж, энэ хавар 500 гаруй төл мал хүлээн авсан байна.

Ботгон багийн малчин Э.Арслан гэргий Э.Одончимэгтэй 2004 онд гэр бүл болж, 6 хүүхдийн ээж, аав болж, өнөр өтгөн сайхан амьдарч байна.

Ийнхүү 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулж, Манхан сумын малчин Энхтөрийн Арслан гэргий Энхтөрийн Одончимэг нар 2019 оны аймгийн аварга малчны үнэмлэх, аваргын тэмдэг, энгэрийн тууз, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөнгөн шагналаа нэр төртэйгөөр гардан авлаа.





www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%