Ардын хувьсгалын
99 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр
наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин
И.Мөнхбаатар, Улсын начин Ч.Цогбаяр нараар манлайлуулсан 128 бөх уран мэхийг уралдуулан
барилдсанаас Мөст сумын харьяат, аймгийн заан Ц.Төмөрцоож 7 даван түрүүлж “Аймгийн арслан” цол
хүртсэн бол, Дөргөн сумын харьяат залуу бөх Г.Дармаажанцан
6 даван үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртлээ.
Үндэсний бөхийн
барилдааны их шөвөгт Булган сумын харьяат, аймгийн арслан Д.Бадамгарав, Булган сумын харьяат, аймгийн харцага
Б.Анхжаргал нар шалгарлаа.
Энэ
жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын цолтой бөх 2, аймгийн арслан 3, аймгийн заан 6, аймгийн харцага 6,
аймгийн начин 15, сумын заан, начин 33 байв.
Үндэсний
баяр наадмын бөхийн барилдаанд хүч үзэн барилдаж наадамчин олноо баясган шинээр
аймгийн арслан, аймгийн
заан цолны болзол хангасан бөхчүүдийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд
гардуулан өгч баяр хүргэв.
Ховд
аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн жаяг дэгийн багт хөлийн цэцээр аймгийн арслан
Р.Галсандаваа, аймгийн заан
Г.Нямандэлэг, аймгийн начин Ц.Балжаа, ахлах гарын даагаар С.Загдсүрэн,
гарын даагаар Г.Авирмэд, Т.Амарсайхан, хаяавчаар Ч.Адилбиш, Б.Батмөнх, бөхийн
тайлбарлагчаар аймгийн ахлах тайлбарлагч Б.Даваасүрэн нар ажиллав.
Мөн үзүүр түрүүний бөхийн зүүн талын тэргүүн
магнайд Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Улсын бөх цоллооч, Улсын ахлах
засуул, МУСТА П.Буджав, Баруун талын тэргүүн магнайд Ховд аймгийн Чандмань
сумын харьяат, Улсын бөх цоллооч, Улсын бөх засуул Б.Булгаа нар ажиллалаа. Мөн
Ховд аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны үеэр Ховд аймгийнхаа баяр
наадмын Үндэсний бөхийн барилдааны зүлэг ногоон дэвжээнээ наадамчин олноо
баясган уран хурц мэх, хүч, чадал, эр бяраа гайхуулан нэгэн цагт барилдаж явсан
аймгийн цолтой 15 ахмад бөхөд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг
дарга Б.Дүгэржав нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.