Дэлхийн
олон улс оронд тархаад байгаа коронавирус буюу COVID-19 вирусийн халдвараас
урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн түвшинд өөрсдийн нөөц боломжоо ашиглан
олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хот хоорондын зорчих
хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосонтой холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд 24 хяналтын цэгт, Цагдаагийн газар, Онцгой
байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн анги байгууллагын 154
алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Хорио,
цээртэй байгаа энэ цаг үед иргэн таны эрүүл
мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдад талархал илэрхийлж, Ховд
аймгийн ИТХ-ын
Ажлын албаны хамт олон өнөөдөр Жаргалант сумын Хатуу хөтөл, Бичигт,
Улаан богоч, Нисэх буудал чиглэлийн хяналтын постуудад
үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун хоол, цай хүргэж өгч постын үйл ажиллагаатай танилцахаас гадна постуудад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын санал хүсэлтийг нь
сонсож, тулгамдаж буй асуудлыг аймгийн Онцгой комисст уламжлахаар боллоо.
Энэ үеэр Хангарьд хүнсний захын хүнсний
ногооны хамт олон хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад халуун хоол, цай хүргэн өглөө.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хүнд хэцүү нөхцөлд иргэдийнхээ
эрүүл мэндийн төлөө тусгай
үүрэг хүлээн ажиллаж байгаа алба хаагчдад сэтгэл санааны болон хэрэгцээт ариутгал, хамгаалалтын хэрэгсэл, халуун
хоол цайгаар үйлчилж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,
иргэддээ уриалж байна.