Аймгийн ИТХ-аас санаачлан
соёлын биет бус өвийн нэгэн хэлбэр аман билэг зүйн давтагдашгүй өвөрмөц,
уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулан
алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилгоор аймгийн Боловсрол
соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжимт драмын
театр, Номын сан, Музей зэрэг төрийн байгууллагуудтай хамтран “Ардын билэг зүйн аман зохиолын анхдугаар наадам”-ыг
2020 оны 02 дугаар 14-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж
байна.
Энэхүү наадмыг зохион
байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, наадмын зохион байгуулалт, наадамд оролцогчдын
хамрах хүрээг тэлэх, үр дүнтэй зохион байгуулах талаар хуралдаж, санал бодлоо
солилцлоо.
Тус наадамд төрийн болон
төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, оюутан сурагчид, сайн дурын
клуб, нөхөрлөл, хамтлагууд оролцох юм.
Наадамд оролцогчид Монголын
олон ястан угсаатны хэл, соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, зан үйл, нутгийн
аялага, дуудлага, нэршимжийг тодотгон харуулсан харилцан яриа, өгүүлэмж, уран
тод хэллэг, ардын дунд түгсэн ардын аман зохиол, түргэн хэллэг, яруу өгүүллэг,
хошин яриа зэргийг зохиомжлон жүжигчилсэн тоглолт болон ардын урлаг, аман зохиолын
баялаг урын сан, түүхэн цаг үе, ардын билэг, авьяастнуудын уран тод хэллэг,
сэтгэлгээний яруу тансаг зохиол бүтээл, аман хэллэг, яруу өгүүлэмж сурталчлах,
ардын билэг зүйг харуулсан өгүүлэмжүүдээр ганцаарчилсан болон хамтлагийн
төрлөөр оролцоно.