Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Хөвөш овогтой Харахат нь 2020
оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд
гарз тохиолоо.
Х.Харахат нь 1978 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын
Баянбулаг багт, Хөвөшийн 11 дэх хүүхэд болон мэндэлжээ.
Тэрээр 1988-1998 онд Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, 1998-2002
онд Ховд Их сургуулийн Орос-Англи хэлний ангийг багш мэргэжлээр тус тус
суралцаж төгссөн манай залуу үеийн шилдэг сэхээтэн, улс төрч байлаа.
Х.Харахат нь Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2008-2012 онд
Рашаант багаас, 2012-2016 онд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Наран багаас,
2016 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Ховд сумаас тус тус сонгогдон ард
иргэдийнхээ дуу хоолой болон ажиллаж байсан.
Х.Харахат
нь 2013-2018 онд Шим-Ус орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дэд
дарга, инженерээр ажиллаж өөрийн эрдэм мэдлэг, ухамсарт амьдрал, бүтээлч хөдөлмөрөө Ховд
аймгийн нийтийн аж ахуйн салбарын
хөгжил, бүтээн байгуулалтыг цогцлооход манлайлан
ажилласан, өнөөгийн Ховдын түүхийг бүтээлцсэн эрхэм хүмүүн байлаа.
Түүний хөдөлмөр бүтээлийг
төр засгаас өндрөөр үнэлж 2009 онд Жаргалант сумын Хүндэт тэмдэг, 2010 онд
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн
ойн медаль, 2016 онд Монголын Залуучуудын холбооны “Төрийн залуу түшээ”
медалиар тус тус шагнаж урамшуулжээ.
Талийгаач нь хүнд тусархуу, хүнлэг, зөөлөн сэтгэлтэй, аав
ээжийнхээ ачлалт хүү, хайрт гэргийнхээ халамжит хань, үр хүүхдүүдийнхээ
халамжит эцэг, найз нөхөд, хамт олныхоо итгэлт анд нь байлаа.
Бидний хамтран зүтгэгч, таны үнэнч шударга, нөр хичээнгүй, ажилсаг, хөдөлмөрч,нөхөрсөг, элгэмсүү, эрхэм сайхан зан чанарууд
тань бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан, мөнхрөн үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
ХОВД АЙМГИЙН ИТХ, АЖЛЫН
АЛБА, ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР