Ховд аймгийн
Манхан сумын ИТХ, Их
уулсын хүрэн тэмээчдийн холбоо хамтран Монгол улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны
28 жилийн ой
болон иргэдийг
үндэснийхээ хувцас, эдлэл хэрэглэлээ хэрхэн хэрэглэх талаар сурталчлах, тэмээг
уналга эдэлгээнд зөв сургах, эрт дээр үеэс хэрэглэж ирсэн тэмээний тоног
хэрэглэлийг бүрэн хэрэглэж хэвшүүлэх зорилгоор тэмээний баярыг өнөөдөр зохион
байгууллаа.
Тэмээний баярт
Ховд, Говь-Алтай аймгийн 40 гаруй уяачид хурдан тэмээгээ уралдууллаа. Их
уулсын хүрэн тэмээчдийн холбоо их нас, торомны уралдаан зохион байгуулж, их насны
уралдаанд Ховд, Говь-Алтай аймгийн 70 гаруй тэмээ уралдсанаас Ховд аймгийн
Манхан сумын Зэрэг гол багийн малчин Г.Мөнхжавын шар ат түрүүлж, Манхан сумын
Баянгол багийн малчин н.Төртогтохын хүрэн ат аман хүзүүлж, айргийн гуравт Говь-Алтай
аймгийн Шарга сумын малчин н.Буджавын шар ат, айргийн дөрөвт Манхан сумын
Тахилт багийн малчин н.Адъяагийн шар ат, айргийн тавд Манхан сумын Зэрэг гол
багийн малчин Б.Дандарын хөх халзан ат хурдаллаа.
Торомны уралдаанд
22 тором уралдсанаас Ховд аймгийн Мянгад сумын малчин н.Бямбадоржийн шар тором
түрүүлж, Манхан сумын Баянгол багийн малчин Б.Төртогтохын тором аман хүзүүлж,
айргийн гуравт Манхан сумын Тахилт багийн малчин Д.Доржсүрэнгийн хар тором,
айргийн дөрөвт Манхан сумын Баянгол багийн малчин М.Алтайгийн шар тором,
айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин н.Мөнх-Очирын тором
хурдаллаа.
Мөн Их уулсын хүрэн тэмээчдийн холбооноос “Тэмээний
парад жагсаал”, “Сайхан тэмээтэй хос” шалгаруулах тэмцээн, “Буйл засах,
бурантаг томох, ачаа ачиж буулгах” тэмцээн, “Сайхан Монгол эр шалгаруулах
/тэмээтэй/”, “Шилмэл ат, ингэ” шалгаруулах тэмцээн, “Буухиа”, “Тэмээний тухай
хэн сайн дуулж, магтах вэ? дууны болон шүлгийн уралдаануудыг зохион байгууллаа.