2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ховд их сургуулийн 35 жилийн ойг тохиолдуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 150 дугаар тогтоолоор 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд хотод болсон Ардчилалын төлөө анхны цуглаан, жагсаал, түүхэн үйл явдлыг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх Төв 4 замын уулзвараас Номин-Ховд дэлгүүрийн дэргэдэх 4 замын уулзвар хүртэлх гудамжийг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ГУДАМЖ” болгон нэрлэхээр тогтлоо.
Тус нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Ч.Чинбат, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анхны жагсаалд оролцсон хүмүүсийн төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс, иргэд, оюутнууд “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ГУДАМЖ” –ны нээлтэнд оролцож Галдан бошигт хааны болон Ард аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
Ховд их сургуулийн 35 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн баруун бүс нутагт, эрдэм түгээн дэлгэрүүлэх их үйлсийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнав.