Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 35 Төлөөлөгч хүрэлцэн ирж, 85.3 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар 9 асуудал хэлэлцэн батална.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэлцүүлж байна.
Аймгийн ИТХ-ын X хуралдаанд төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож байна.
Мөн аймгийн ИТХ-ын 10-р хуралдааны хэлэлцэх 9 асуудлын эхний асуудал нь Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал. Аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Батбаяр аймгийн ИТХ-ын Мөнххайрхан сумын 21-р тойргийн нөхөн сонгуулийн дүнг танилцуулж, МАН-аас нэр дэвшиж Мөнххайрхан сумын нийт сонгогчдын олонхийн саналыг авсан Б.Батболдын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулж, ажлын амжилт хүслээ.
Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэлийг танилцууллаа. 2019 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 16 удаа зохион байгуулж аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, бодлогын чиглэлээр 116 асуудлыг хэлэлцэж, иргэдийн ажил, амьдрал, нутаг дэвсгэр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудалд тулгуур болохуйц 97 тогтоол шийдвэр гаргасан. Илтгэлтэй холбогдуулан хурлын төлөөлөгчид асуулт асууж, санал гаргалаа. Улмаар аймгийн ИТХ-ын 2019 онд хийх ажил, дэвшүүлсэн зорилтоо “ХАНГАЛТТАЙ” хэрэгжүүлсэн гэж дүгнээд 2020 оныг “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарлалаа.
Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүрэлцэн ирж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.