Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд Их Сургуулийн НХУС хамтран 2004 оноос
эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний
хурлыг 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд
амжилттай зохион байгууллаа. Тус хурлыг нээж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн
дарга Б.Сандагсүрэн үг хэллээ.
Тусгаар тогтносон Монгол улсын түүх, соёлын
уламжлалыг залуу үеийнхэнд өвлүүлж үлдээх үйл хэрэгт хувь нэмэр оруулах,
оюутнуудын эх түүхээ сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин
урамшуулах, эх түүх, соёл, уламжлалаараа бахархах үндэсний үзэл төлөвшүүлэх,
түүхэн хүний амьдрал тэмцлийн замналыг судлан тодруулж тэднээс суралцах залуусын
дунд оюунлаг өрсөлдөөн бий болгох зорилгоор ХИС, НХУС-ийн Түүх, нийгэм судлалын
тэнхимийн оюутнуудын дунд “Монгол улсын тусгаар тогтнол, түүх соёлын өв”
сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Оюутны эрдэм шигжилгээний хуралд 9 илтгэл
хэлэлцэгдэж, 1-р байранд Түүх, нийгэм судлалын 3-р курсын оюутан Ц.Ган-Очир “Улаангом-Улаан
уул чиглэлийн замын тэнхлэгт өртсөн гурван хиригсүүрийн археологийн авран
хамгаалах малтлага судалгааны урьдчилсан үр дүнгээс”, 2-р байранд Түүх, нийгэм
судлалын 3-р курсын оюутан Л.Бадамсэрээтэр “Түүх хэмээх мэргэшлийн үнэ цэнэ”,
3-р байранд Түүх, нийгэм судлалын 2-р курсын оюутан Х.Санатбек “Амарсанаагийн
Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэлж дүгнэх асуудалд” зэрэг илтгэлүүд
шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.