Щвейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Ховд аймагт
өнөөдрийн байдлаар 17 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийн
хэрэгжилт, үр дүнтэй танилцах зорилгоор Ховд аймагт ажиллаж буй ЩХА-ын хамтын
ажиллагааны захирал, Ерөнхий консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Франциска
Фрайбургхаусаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг аймаг, орон нутгийн удирдлагууд,
бусад холбогдох албан тушаалтнуудын хамтаар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд
тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, хэрэгжиж буй төсөл
хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал, мэдээлэл
солилцов.
Энэ үеэр “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ОНТА
Ж.Батсайхан уг төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар
мэдээлэл танилцуулсан юм. “Тогтвортой амьжиргаа-3” төслийг хэрэгжүүлснээр
ОНХС-гаас санхүүжүүлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо сайжирч, нийт сумдын
2016-2019 оны Жилийн гүйцэтгэлийн дундаж үнэлгээний оноо 23,5-аас 40 болж өссөн
зэрэг олон сайн үр дүн гарч байгааг онцолж байна.
Мөн уулзалтын үеэр тус ажлын хэсгийнхэн
Щвейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2019 оны 11-р сараас эхлэн
хэрэгжүүлэх гэж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн 2-р үе шатын
талаарх мэдээллийг танилцууллаа.
Монгол орны тогтвортой хөгжлийг бий болгох хариуцлагатай
иргэдийг бэлтгэх зорилго бүхий уг төслийн хүрээнд байгаль экологийн тулгамдсан
асуудлуудыг шийдвэрлэх, орон нутгийн багш нарыг чадавхжуулах, ЕБС-ийн сурагчдыг
зөв хандлага, хүмүүжилтэй иргэн болж төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг
явуулах ажээ.
Төслийн 2-р үе шатыг орон нутагт “Байгаль орчны сургалт
мэдээллийн төв” ТББ-аас аймгийн БОАЖГ, БСУГ-тай хамтран хэрэгжүүлэх юм.