Баруун бүсийн ууган их сургууль болох Ховд Их сургууль байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын
нээлтийн үйл ажиллагаа
өнөөдөр Ард аюушийн талбайд боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн
О.Батнасан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн
ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ХИС-ийн захирал Б.Нямдорж болон эрдэмтэн
багш нар, үе үеийн багш, ажилчид, төгсөгчдийн төлөөлөл, оролцлоо.
Түүхэн ойгоо угтан тус сургуулийн хамт олон 40 бүтээлч ажил
өрнүүлснээс “Хөдөөгийн ууган их сургууль-40 жилд”, “Ховд аймгийн Атлас”, “Манай
эрдэмтэд”, “ХИС-ийн үе үеийн захирлуудын дурсамж”, “Хамт олон-Мөнхийн дурсамж”,
“Дурсамж дүүрэн 40 жил” зэрэг бүтээлийг хэвлүүлсэн байна. Шинэ бүтээлүүдээ ойн
баярын нээлтийн арга хэмжээний үеэр өлгийдөн авч ”Ном мялаах ёслол”-ыг зохион
байгуулав.
1979 онд 13 багш, 100 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа
эхэлж багшлах боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн бол өнөөдөр 29 мэргэжлээр
бакалаврын, 13 мэргэжлээр магистрын, 6 мэргэжлээр докторын сургалт явуулдаг 150
орчим багштай 2400 гаруй оюутан, суралцагчтай Төрийн өмчийн томоохон сургууль
болжээ. Түүхэн 40 жилийн хугацаанд 10 мянга гаруй мэргэжилтэй боловсон хүчин
бэлтгэн гаргаснаас 139 эрдэмтэн доктор, академич төрөн гарч, одоо Ховд их
сургуульд 51 эрдэмтэн доктор ажиллаж байгаа нь тус сургуулийг Монгол улсын
томоохон их сургуулиудын нэг гэдгийг нотолж байна.