Монгол
Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын
албан хаагч нарыг чадваржуулах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж
байна. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан 5
хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 06 дугаар сарын 11,12-нд Ховд аймагт
ажиллаж байна.
Ажлын
хэсэг төрийн албаны шинэчлэлийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар,
Стандартчилал, Хэмжилзүйн хэлтсийн ажил байдалтай танилцаж зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр 200
гаруй төрийн албан хаагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулав.
Сургалтад Ховд аймгийн 5200 гаруй төрийн албан хаагчдын
төлөөлөл болох 17 сумын
төрийн захиргааны байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдаж, мэдлэг, арга
зүй, ур чадвараа дээшлүүллээ. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь
салбар зөвлөлийн ажлын тайланг танилцуулав.
Төрийн албаны шинэчлэлийн бодлого, үзэл баримтлал, үндсэн зарчим, төрийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, маргаан хүлээн авч хянан шийдвэрлэх журам, анхаарах асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн төрийн албан хаагч нар ёс зүйн зарчим баримталж, оногдсон үүргээ үнэнч шударгаар чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг уриалав.
Сургалтын үр дүнд оролцогчид иргэдийн хэрэгцээнд
суурилсан төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, улмаар иргэдийн оролцоотой
шийдвэр гаргах арга зүй, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд
суралцана. Ингэснээр төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байдлыг
хангах боломж бүрдэж байгаа юм.