Шинжлэх ухаанд суурилсан байгаль орчин ба хүний харилцаа (SNAPP) төслөөс “Зэрлэг амьтад, малд бог малын мялзан өвчнийг хянах” сэдэвт сургалтыг энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлж, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.
Энэхүү сургалтад Байгаль,
зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль,
зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Зэрлэг амьтны эрүүл мэндийн Азийн бүсийн
хөтөлбөрийн газар, БОАЖГ, Монгол элс
байгалийн цогцолборт газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Ховд, Говь-Алтай аймгийн
Мал эмнэлгийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, TNC Ховд, Мерси Кор
Ховд, Байгаль орчны газрын төлөөллүүд болон Ховд аймгийн Дарви,
Чандмань, Булган, Үенч, Манхан, Дөргөн сумын байгаль орчны байцаагч, байгаль
хамгаалагч, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд оролцож байна.
Сургалтын хүрээнд Мал
эмнэлгийн ерөнхий газар, Матью Прувот WСS, Ховд аймгийн Байгаль орчны газар, Аннилис Трэн, Вироник
Чивалир, Хөдөө аж ахуйн хөгжлийн судалгааны төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийж
байна.
Монгол бөхөнгийн сүргийг
мөхөлд хүргэж болзошгүй малын гоц халдварт (Бог малын мялзан) болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, цаашид хамгаалах гол
арга нь эдгээр өвчний талаар олон нийт мэдлэг мэдээлэлтэй байх, эрт илрүүлэх
юм. 2016 оны эцсээс эхлэн Ховд, Говь-Алтай аймгуудад Монгол бөхөнгийн 70% үхэж хорогдсон бөгөөд одоогоор 3000
орчим нь үлдсэн байна.
Хил дамнасан халварт
өвчинтэй тэмцэхэд ялангуяа бог малын мялзангийн болзошгүй эрсдэл цааш даамжирч
цагаан зээр, хар сүүлтийн популяцид тархах эрсдэл их тул бүсийн хэмжээний
нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэхүү аюул заналаас цаашид хамгаалахад бүх
талын оролцоо, дэмжлэг, хүчин чармайлт нэн чухал байна.