Аймгийн ГХУСАЗСЗ, Прокурорын газар
болон Цагдаагийн газрууд хамтран Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг
арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн
болон Прокурорын байгууллага, бусад оролцогч байгууллага, сумдын үйл ажиллагааг
олон нийтэд сурталчлах зорилгоор өнөөдөр Буянт суманд өдөрлөгийн арга хэмжээг зохион
байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд
аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Прокурорын газрын
дарга Н.Доржсүрэн болон төвийн бүсийн сумдын ИТХ-ын дарга, ЗДТГ, төрийн болон
төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчид мөн холбогдох байгууллагуудын
мэргэжилтнүүд, сумдын малчдын төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд
аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын
мэргэжилтнүүд Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Мал хулгайлах гэмт
хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлах болон эрүүгийн
хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах
талаар иргэдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр аймгийн Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Цагдаагийн газартай
хамтран Буянт, Ховд, Мянгад, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн сумдын малчдын бүлгийн 100
гаруй гишүүдэд сургалт хийж үнэмлэхжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.