“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Мөст суманд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Хөгжил политехник коллеж, Цагдаагийн газар, Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд үндсэн чиг үүргийнхээ дагуу тус сумын иргэд, хөдөлмөрчдөд мэдээ, мэдээлэл өгч, зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар тус сумын иргэдэд танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Мөн иргэдээс төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, сумын бэлчээр ашиглалт, 2019 оны хөрөнгө оруулалт, “Хүдэр” тээвэрлэж буй том оврын автомашинууд даац хэтрүүлэн тээвэр хийж байгаа нь замыг эвдэж байгаа нэг гол шалтгаан болж байна гэх зэрэг асуулт, саналуудыг тавьж холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд асуултад хариулт өгөв.
Тус сумын иргэд "Нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээг зохион байгуулж төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаад баярлаж, цаашид энэ үйл ажиллагааг тогтмолжуулж байнга зохион байгуулж, байх саналыг гаргаж байв.
Уулзалтын төгсгөлд сумын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж буй иргэдийг аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” –өөр шагнаж урамшууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Мөст суманд ажиллах үеэрээ босоо тэнхлэгийн замтай тус сумыг холбох 20,3 км замын барилгын ажлын явцтай танилцлаа. Уг ажлыг “Хотгор зам" ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2020 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах юм байна.