АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд
Майкл С.Клечески, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн
дарга Роберт Тэйт, орчуулагч С.Туул нарын албаныхныг аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, холбогдох албаны дарга нар Ёслол
хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн
өнөөгийн байдлын талаар танилцуулсан юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди энэ
үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческид хандан олон жилийн
туршлагатай дипломат ажилтан Элчин сайдаар томилогдон ирсэнд талархаж буйгаа
илэрхийлээд хоёр орны найрамдалт харилцааг улам өргөжүүлэн эдийн засаг, соёл,
боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт олон талаар хамтран ажиллана
гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм.
АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд
Майкл С.Клечески 2019 оныг Монгол-Америкийн залуучуудын жил болгосныг онцлоод Ховд
аймаг болон АНУ-ын Калифорни мужийн Боррего Спрингс хот хоорондын түншлэлийн
харилцааг улам бэхжүүлэх, соёл боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт
олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч бүх талаар дэмжин
ажиллахаа илэрхийлэв.
Айлчлал энэ сарын 27-29-ны өдрүүдэд үргэлжлэх
бөгөөд Ховд аймаг дахь АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудтай
уулзах, Америкт төгсөгчдийн холбооны зохион байгуулж буй MASA арга хэмжээнд оролцох, Гурван сэнхэрийн агуйг үзэж
сонирхох, Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцах, төрийн
бус байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн
байна.