ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЦОМОРЛОГ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД УТСААР БИШ ШАГАЙГААР НААДДАГ

2019-03-25

Аймгийн ИТХ-аас сум, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тэдгээрийн тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдэл гарцыг эрэлхийлэн ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар Жаргалант сумын Цоморлог есдүгээр цэцэрлэгийн хамт олны урилгын дагуу үйл ажиллагаатай нь танилцлаа.

Цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар багш ажилчид болон цэцэрлэгийн эрхлэгч Н.Тодбаяр танилцуулсан юм. 

Цоморлог цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах, бэлтгэл таван бүлэгт 150 гаруй багачуудыг хүлээн авч, тэднийг 19 багш, ажилчид сурган хүмүүжүүлж байна. Цэцэрлэгийн хамт олон үндэсний уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч “Утсаар биш шагайгаар нааддаг, Уламжлалаа дээдэлсэн Монгол хүүхэд хөгжүүлье” уриан дор үйл ажиллагаа явуулж байна. Дашрамд дурдахад тус цэцэрлэг 100 мянган шагайг цуглуулж, хүүхэд бүр өөрийн гэсэн шагайны уут, олбогтой бөгөөд уламжлалт алаг мэлхий, шагай найрах гэх мэт үндэсний наадгайг бүрэн эзэмшсэн байна.

Цэцэрлэгийн хамт олон хүүхэд багачууддаа бор будаа, бор гурил, цагаан идээ, чацаргана, аньс, нэрс гэх мэт экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн эрүүл зөв хооллолтын жороор өглөө, өдөр, үдийн цай, хоолыг нь бэлтгэж өгдөг байна.  

Цоморлог цэцэрлэгийн хувьд 2 бүлэгт 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 347,8 м2 талбайтай 8 багш ажилчидтайгаар Английн хүүхдийг ивээх сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 2004 оны 11 сарын 11-ний өдөр ашиглалтад оржээ. Гэвч цэцэрлэгийг анх барьснаас хойш их засварын ажил хийгээгүй, ачаалал гурав дахин хэтэрсэн, анги танхимын хүрэлцээ хангамж муутайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаа удирдлагуудад уламжилсан юм.

            Мөн дээврээс ус гоождог, цонхны модон рам гажсанаас дулаан алдагдалтай, цахилгааны монтаж муу хийгдсэнээс гэмтэл гардаг, урлаг спортын заалгүй учир хүүхэд хөгжих орчин хязгаарлагдмал, 70 хүүхдийн дунд нэг ариун цэврийн угаалтуур, суултуур хэрэглэж байгаа гээд олон эрсдэлт нөхцөлд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа учраас аймгийн удирдлагуудыг урьж цэцэрлэгийнхээ үйл ажиллагаатай танилцуулж, тэдэнд албан хүсэлтээ уламжилж байгаа нь энэ юм.

Өнгөрсөн жил Ховд Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар дээврийн засварын ажил хийсэн ч дахин шинэчлэн засварлах шаардлага тулгарч байгаа юм байна. 

            Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нөхцөл байдалтай танилцаад аймгийн Засаг дарга, холбогдох албаныхныг уг цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулах, УИХ-ын гишүүдэд уг асуудлыг уламжилж, бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%