Германы олон
улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай
(ХНХЯ) хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан
мэргэжлийн боловсрол, сургалт” (ТСМБС) төслийн зөвлөх Рубен Цийлерт аймгийн
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн
нар хүндэтгэл үзүүлэн уулзалт хийлээ.
Энэ үеэр аймгийн
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Рубен Цийлер зөвлөхийн Ховд Хөгжил политехник
коллежид үзүүлсэн дэмжлэгээр “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнээр Ховд аймгийг
дэлхийд таниулсныг онцлоод цаашид Монгол-Германы хамтын ажиллагааг улам
бэхжүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ.
Рубен Цийлер нь
2014 оны 04 сараас 2019 оны 03 сар хүртэл 5 жилийн хугацаатай Ховд аймаг дахь
Хөгжил политехник коллежид багшаар ажилласан. Ажиллах хугацаандаа ТСМБС төслийн
хүрээнд зах зээлийн эрэлтэд нийцсэн дадлагын сургалтад хэрэгцээтэй багаж,
төхөөрөмж, суурь машин, лабораторийн тоноглолоор хангаж, барилгын мэргэжлийн
дадлагын зургаан газарт хөгжлийн загвар боловсруулан ажиллаж, сантехник,
халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникчийн урт хугацааны гурван сургалт,
барилгын сантехникчийн урт хугацааны чадамжид суурилсан хоёр сургалтын хөтөлбөр
шинээр хэрэгжүүлэн “Сантехникийн мэргэжлийн зөвлөл” байгуулан ажилласан байна.
Мөн Рубен Цийлерийн томоохон амжилт бол “Дэлхийн ур чадвар” тэмцээний Сантехник, халаалтын төрөлд Хөгжил политехник коллежийн хоёр суралцагч Үндэсний ялагчаар шалгарсан юм.
Ц.Долгормаа 2017 оны 10 сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон “Дэлхийн ур чадвар” тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцсон бол С.Дашдэрэм 2019 оны 08 сард ОХУ-ын Казань хотод болох “Дэлхийн ур чадвар” тэмцээний Сантехник, халаалтын төрөлд хоёр дахь удаагаа Ховд Хөгжил политехник коллежийг төлөөлөн оролцох юм.