“Тика” Олон улсын
байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын дарга Устаөмэр
Эмрах, Төслийн ассистент менежер П.Нямбаяр, Туркийн бизнесмэн Ө.Өзкан нар
Ховд аймагт ажиллав.
Аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан болон
холбогдох газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар хамтын
ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн
талаар санал солилцов.
Дэлхийн 100 гаруй орны хөгжилд хувь нэмэр
оруулах зорилгоор эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл
мэндийн салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг ОУ-ын томоохон байгууллагуудын
нэг болох Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу “ТИКА”
ОУБ-тай Ховд аймаг хамтран ажиллахаар боллоо.
Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд Хөдөө аж ахуй, Эрүүл
мэнд, Боловсролын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага
байгааг онцлоод, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг хүслээ. Тухайлбал,
БОЭТ-ийн барилгын дээврийн болон сантехникийн засвар үйлчилгээ, аймгийн
хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 24 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж
шинэчлэх, Жаргалант сумын Рашаант, Наран багт шинээр барих “Цэцэрлэгт
хүрээлэн”, Мянгад сумын ЕБС-ын их засварын ажилд хөрөнгө оруулалт хийж, дэмжиж
ажиллах хүсэлт тавьсан юм.
ТИКА-ийн төлөөлөгчид аймгийн удирдлагуудын тавьсан саналыг
хүлээн авч улмаар БОЭТ, Жаргалант сумын 5-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай
танилцлаа. Мөн Рашаант, Наран багт шинээр барих “Цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайтай
танилцан, дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.