ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

2016-2018 онд Монгол Улсын эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд

2019-02-25

2016-2018 онд Монгол Улсын эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд

Огноо: 2019/02/22

Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн 3 жилд их хэмжээний эерэг өөрчлөлтүүд бий боллоо. Мөнгөний бодлого нь эрүүл эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэх суурь бодлогын хувьд Монголбанкнаас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулан УИХ-аар батлуулсан, мөн банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг тодорхойлж өргөн хүрээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь Монгол Улсын өнөөгийн, болон цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан.

Тиймээс, эдийн засгийн сэргэлтэд Монголбанкны оруулсан хувь нэмэр буюу сүүлийн хугацааны эерэг өөрчлөлтөд Монголбанк ямар үүрэгтэй оролцсоныг, тоо баримт дээр үндэслэж харуулахыг зорилоо.

2016, 2017 онууд бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт түүхэнд бичигдэхүйц хүнд жил байв. 2016 оны 3-р улиралд эдийн засаг 1.4% агшиж, сав л хийвэл өсчихдөг юмны үнэ эсрэгээр 0.8%-аар суларч, дифляцитай болсноор худалдан авалт буурч, энэ нь бизнес эрхлэгчдийн орлогод сөргөөр нөлөөлөн, олон компаниуд хаалгаа барьсан билээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 2016 оны эцэст 10%-д хүрч өссөн нь 2009 оноос хойших хамгийн дээд хэмжээ бөгөөд нөгөө талаар бизнесийн зээл 3.5 их наяд төгрөгөөр буурсан нь манай орны иргэдийн итгэлийг бөхөөж байсан юм. Энэ бүхний гол үндэс нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох түүхий эд, зэс, нүүрсний үнэ хүчтэй унаж, нөгөө талаас бодлогын алдаанаас улбаатайгаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татран, зээлжих зэрэглэл буурсанаас үүдэлтэй.

Цаашлаад, Монгол Улсад орж ирэх валютын урсгал тасарснаар төлбөрийн тэнцлийн алдагдал 232.1 сая ам.долларт хүрч, үнэ тогтворжуулах гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байсан нь төгрөгийн нийлүүлэлтийг 7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, валютын ханшийг тогтворгүй болгов. Үнийг барьж тогтоохын тулд Төв банк 2012-оос 2016 оны хооронд нийт 7.3 тэрбум ам.долларыг зах руу нийлүүлсэн байдаг.

Эдгээр  хар бараан үзэгдлээс улбаатайгаар Монгол Улс өмнө нь авсан зээл, санхүүжилтүүдээ эргэн төлөхөд хүндрэл учирч, дахин санхүүжүүлж чадахгүй дефолтод орох аюулд орсон юм. Хэрэв дефолтод орсон бол манай улсын эдийн засаг бүхлээрээ хязгаарлалтад орж, хүчтэй агшин 10 жилээр ухрах эрсдэлтэй байлаа. Цаашлаад Монголбанк зайлшгүй нөхцөлд л ашиглах зорилготой Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийн дуусах хугацаа тулж ирээд байсан боловч, интервенц хийхэд ашигласан энэ мөнгө сох дутсанаар, төлбөрийн өөр нэг дарамтад орсон.  Харин олон талт хэлэлцээрүүдийн үр дүнд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр болж, эдийн засагт итгэх итгэл сэргэснээр, олон хүндрэлүүдийг даван туулж, өнөөдөр эерэг өөрчлөлтүүдийг авчираад байна.

Юун түрүүнд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.9%-д хүрч, Дэлхийн Банк, ОУВС, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын бүх байгууллагуудын хүлээлтээс давлаа. Хоёрхон жилийн дотор эдийн засгаа сэргээж чадсан нь маш том амжилт юм. Энэ амжилтыг бий болгоход Монголбанкны оруулсан нөлөө их юм.

Ялангуяа эдийн засгийн өөрчлөлтийг дунд, урт хугацаанд тооцоолж, бодлогын хүүг бууруулах болон заавал байлгах нөөц зэрэг бусад бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах замаар санхүүжилтийн өртгийг бууруулснаар аж ахуйн нэгжүүдэд олгох зээл олголт 16.9% хүрлээ.

Нөгөө талаас Олон Улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөн, Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэн, мөн Оюу Толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилсэн нь валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн бусад салбарт дэмжлэг үзүүлснээр ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 6.6%-д хүрч буураад байна.

Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжихдээ инфляцийг зорилтод түвшинд тогтворжуулахаар ажилласан нь үр дүнгээ өгч байна. Инфляци 2019 оны 01-р сард улсын хэмжээнд 7.3%-д хүрч өмнөх сарын үзүүлэлтээс 0.8 нэгж хувиар буурсан бол Улаанбаатар хотын инфляци 8.1%-тай байна. Мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэж байгаагын дээр 2020 оноос Монголбанк инфляцийн зорилтыг 6% болгон бууруулах чиглэлд ажиллаж байна.

Өөр нэг онцлох ёстой зүйл бол, эдийн засгийн хуримтлал бөгөөд олон нийтийг хуримтлуулах хэвшилд сургахад Монголбанкнаас хүчин чармайлт гарган ажиллаж байна. 2018 оны эцэст нийт хадгаламжийн үлдэгдэл 13.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 18.1%, 2016 оноос 32.2 хувиар өсөөд байна. Иргэдийн хуримтлал өссөнөөр эдийн засгийн эрсдэл даах чадвар нэмэгддэг бөгөөд энэ нь эргээд хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэх боломжийг бүрдүүлдэг.

Төв банкны хараат бус, бие даасан байдал хангагдсанаар олон нийтийн итгэл сэргэж, цаашлаад мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлдэг. Тиймээс Монголбанк өмнөх алдаагаа давталгүй, харин ч эсрэгээр 2012-оос 2016 онд хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг бууруулахад хүчин чармайлт гаргаж, өдгөө 1.8 их наяд төгрөгт хүргээд байна. Энэ нь мөнгөний бодлогын орон зайг нэмэгдүүлэх маш том ач холбогдолтой юм.

 

МОНГОЛБАНКНЫ ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

2019 оны 02-р сарын 22

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%