ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Эдийн засгийн сэргэлтэд төв банкны оруулсан хувь нэмэр их

2019-02-20

Эдийн засгийн сэргэлтэд төв банкны оруулсан хувь нэмэр их

Огноо: 2019/02/15

Зууны мэдээ сонины 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 31 (5998) дугаарт Монголбанкны Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй, Төв банкны бодлого, үйл ажиллагааг үгүйсгэж, нэр хүндэд халдсан мэдээлэл гарсан байна. Иймд Зууны мэдээ сониныг залруулга хийхийг шаардаж, дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлтийн шинжтэй инфляци нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч инфляци сүүлийн үед огцом идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлөв. Тухайлбал, 2018 оны 12-р сарын үзүүлэлтээр эдгээр 3 төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 5.4 нэгж хувийг дангаараа эзэлж байна. Инфляцийн энэхүү өсөлт нь нийлүүлэлтийн шалтгаантай, түр хугацааных бөгөөд Монголбанк инфляцид чиглэсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж байгаа болно. Инфляци дунд хугацаандаа зорилтот түвшний (8 хувь) орчимд эргэн тогтворжиж байна. Мөнгөний бодлогын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх зорилт амжилттай хэрэгжиж зээлийн нийт өсөлт 26.4 хувь байж, эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл 6.5 хувь давахаар хүлээгдэж байна.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байх зорилгоор Монголбанк 2018 онд нийт 1.2 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд 2019 он гарснаас хойш нийт 310 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ. Төв банкны тухай хууль болон Валют зохицуулалтын тухай хуулийн дагуу Монголбанк Гадаад валютын албан нөөцийг удирддаг бөгөөд Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийг дангаар хүлээдэггүй. Гэхдээ хуулинд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаар гадаад валютын нөөцийн гол эх үүсвэр болох алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын нөөцийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.долларт хүргээд байна. Үнэт металл худалдан авалт 2018 оны эцэст 22 тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч гадаад валютын нөөцийг 740 сая ам.доллараар нэмэгдүүлэв. Төлбөрийн тэнцэл, урсгал тэнцлийн алдагдал өндөр байгаа нь гадаад валютын ханшийн өөрчлөлтийг голлон тодорхойлж байна. Монголбанкны зүгээс ханшийн богино хугацааны огцом хэлбэлзлийг бууруулах, гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт байдлыг дээшлүүлэх зарчмыг баримтлан гадаад валютын захад цаашид ч оролцох болно.

Монголбанкны хувьд улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхүйц өнгөрсөн он жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй ажилласны үр дүнд Монголбанкны хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулав. Харин гадаад захын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан, ашиглаж байна.

Сүүлийн 3 жилд Монголбанк өргөн хэмжээний шинэчлэл, реформуудыг хэрэгжүүлэн ажиллав. Тухайлбал, банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийснээр Монголбанкинд сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн Мөнгөний бодлогын шийдвэрийг хороо буюу хамтын удирдлагын зарчмаар гаргадаг болсны зэрэгцээ Төв банкны хараат бус байдлыг баталгаажууллаа. Монголбанкны зүгээс макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай хэрэгжүүлж байна.

Өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтаар Төв банкнаас арилжааны банкуудын бэлэн мөнгөний гүйлгээнд ямар нэг байдлаар хязгаарлалт тавьдаггүй. Иймд Зууны мэдээ сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Төв банкны бие даасан, хараат бус байдал, Төв банкны Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан ор үндэслэлгүй мэдээлэл тараахаа таслан зогсоохыг шаардаж байна.

 

МОНГОЛБАНКНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

2019 оны 2 дугаар сарын 15

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%