Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн
ИТХ-ын Төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг,
Зэрэг сумын Засаг дарга Д.Октябрь нарын удирдлагууд Зэрэг сумын хошой болон
аймгийн аварга малчдын шагналыг нь гардуулан өглөө.
Олон жилийн
хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад
анхаарч, мянгаас дээш тооны мал толлуулсан дараах эрхмүүд аймгийн хошой болон
аварга малчнаар шалгарч, малчны хотонд нь аймаг, сумын удирдлагууд шагналыг
гардуулан өгсөн юм.
А.МӨНХБАТ: МАЛ СҮРГЭЭ ОНД МЭНД ОРУУЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Учран золгож буй шороон гахай жилд 40 гаруй жил мал
малласан туршлагатай, 2007 оноос хойш жил бүр мянгаас дээш мал
тоолуулж, үхэр, хонь, ямаан
сүргийнхээ тоогоор сумандаа тэргүүлж буй Зэрэг сумын Гүвээ багийн малчин
Авирмэдийн Мөнхбат “Аймгийн хошой аварга малчин” боллоо.
Аймгийн хошой аварга малчин А.Мөнхбат гуай “Багийнхаа
анхны аймгийн хошой аварга малчин болсондоо талархаж байгаагаа илэрхийлээд малчин
хүний хувьд мал маллахын сайхан нь мал сүргээ онд мэнд оруулах юм. Жилд дунджаар
250 гаруй км отор хийж, малын тарга хүчийг сайжруулдаг. Залуу малчдынхаа
малч ухаан, арга барилыг сайжруулахын тулд ихээхэн анхаардаг” гэлээ.
Д.АТАР: СҮРГИЙНХЭЭ ҮҮЛДЭР УГСААГ САЙЖРУУЛАХАД АНХААРДАГ
2006 оноос хойш мал маллаж, сүүлийн хоёр жил дараалан
мянгаас дээш тооны мал тоолуулан “Аймгийн аварга малчин”-ы болзол хангасан Зэрэг
сумын Бургасан багийн Домоогийн Атарын шагналыг гардуулан
өгөв.
Д.Атар яриандаа “2006 онд 200 гаруй малтай өрх тусгаарлаж байсан бол өнөөдөр мянга давсан малтай болтлоо хөдөлмөрлөж, эрхэм хүндтэй шагнал хүртэж буйдаа баяртай байна. Малынхаа үүлдэр угсаагаа сайжруулах нь малчин хүн бүрт чухал. Тиймээс зэргэлдээ сум болон Баянхонгор аймгийн Буу цагаан сумын эцэг малаар малынхаа үйлдвэр угсааг сайжруулж байна. Энэ жил 370 орчим төл хүлээж авахаар төлөвлөж байна.” гэсэн юм.
Ө.ДЭЛГЭР: ХӨДӨЛМӨРИЙНХӨӨ ҮР ШИМЭЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ
ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
Бага наснаасаа эхлэн мал маллаж, сүүлийн таван жил
мянгаас дээш тооны мал тоолуулж байгаа Зэрэг сумын Бургасан багийн малчин Өлзийдашийн
Дэлгэр “Аймгийн аварга малчин” боллоо.
Ө.Дэлгэрийнх 2014 онд сумын аварга малчин болж байжээ. Анх
өрх тусгаарлахдаа 200 гаруй малтай байсан бол өнөөдөр мал сүргийнхээ тоог
мянгад хүргэж, төр түмнийхээ буянаар хүндтэй шагнал авч байгаадаа талархаж
буйгаа илэрхийлж байлаа. Мөн малчин өрхөө дэмжих, тэднийгээ малжуулахад ихээхэн
анхаардаг бөгөөд 2018 онд 6 малчныг 30 гаруй малаар малжуулсан байна.
Б.ПҮРЭВХИШИГ: АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ
БАЙНА
Өвөг дээдсийнхээ малч ухааныг залгамжлан 20 гаруй жил мал маллаж, энэ жил 1200 гаруй мал тоолуулж, баг, сумандаа адуун сүргийнхээ тоогоор
тэргүүлж буй Зэрэг сумын Гүвээ багийн малчин Баатарсүрэнгийн Пүрэвхишиг учран золгож буй сар шинийн босгон дээр “Аймгийн аварга малчин”
боллоо.
Б.Пүрэвхишигийнх сүүлийн 3 жил дараалан 1000 гаруй мал
тоолуулж, 2016 онд сумын сайн малчин шагналыг авч байсан байна. 2018 онд гурван
малчин өрхийг 50 орчим малаар малжуулсан юм байна.
Ийнхүү аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан
ажлын хэсэг Зэрэг суманд ажиллаж, аваргуудын шагналыг гардуулан өгсөн юм.