ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХОВД АЙМГИЙН 300 ГАРУЙ УДИРДАХ АЖИЛТАН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2019-01-28

Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны хөтөлбөрийн зорилтыг хангах, аймгийн ИТХ-ын VIII хуралдаанаар баталсан дунд хугацааны болон шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Шинэ Ховд”  хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үр дүн ач холбогдлыг таниулах, Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар удирдах ажилтнууддаа олон талт мэдээлэл өгөх, тэдэнтэй зөвлөлдөхөөр энэхүү үйл ажиллагааг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Зөвлөгөөн, сургалтыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  арга хэмжээнд 17 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, 91 багийн Засаг дарга нар, эрүүл мэнд, боловсролын салбарын 300 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Сургалт, зөвлөгөөнийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар оролцож, үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ “2019 оныг Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу бид төрийн үйлчилгээг иргэддээ ил тод, нээлттэй, хүртээмжтэй хүргэхээр “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Мөн 2019 оныг аймгийн ИТХ-аас “Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан байгаа. Бидний баталсан бодлогын баримт бичгүүдийг ажил хэрэг болгох нь та бидний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм. Олон анхаарах зүйлүүд бий ч хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, нээлттэйгээр төрийн үйлчилгээг соёлтой хүргэх нь өнөөдрийн хамгийн чухал асуудал болоод байна. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас 2019 оныг хөдөөгийн сумдадаа ойр ажиллахаар ажлуудаа төлөвлөж, аливаа асуудлыг сум орон нутагт нь очиж шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан байгаа. Та бүхэнтэйгээ нягт холбоотой, харилцан эргэх холбоотой ажиллах нь хамтын ажиллагааг бодитой, үр өгөөжтэй болгоно гэдгийг дахин хэлье” хэмээсэн юм.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%