“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн багийнхан энэ сарын 20-21-ний өдрүүдэд
Ховд аймагт ажиллаж, төслийн үйл ажиллагааны бэлтгэл хангах зорилгоор сургалт,
зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус төсөл Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн
газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”
төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн 1-р үе шатыг зүүн бүс, хангайн
бүс, төвийн бүсийн аймгуудын тусгай хамгаалалттай газруудад 2015-2020 он хүртэл
хэрэгжүүлж байгаа бол, 2-р үе шатыг энэ оноос эхлэн 2024 он хүртэл 5 жилийн
хугацаанд баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн
Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, төслийн багийн зөвлөх, багийн ахлагч BERND
STEINHAUR-BRURKART /Ph.D/,
GIZ төслийн зөвлөх MICHAEL
TROCKENBRODT /Ph.D/, БОАЖЯ-ны төлөөлөл З.Батжаргал, төслийн үндэсний зөвлөх
Г.Гансүх болон Баян-Өлгий, Ховд аймгийн 9 сумын улсын тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолборт
газрын нөлөөллийн сумуудын дарга болон холбогдох мэргэжилтнүүд
оролцов.
Биологийн олон янз байдлыг хамгаалж, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох төслийг баруун бүс нутгуудад хэрэгжүүлснээр тусгай
хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдал сайжрах, устах аюулд орсон амьтны аймаг, ургамлын
аймаг тоо толгой тогтворжиж, ой,
бэлчээрийн хамгаалалт сайжрах чухал ач
холбогдолтой болохыг оролцогчид тэмдэглэлээ. Мөн байгалийн нөөцийг зөв
зохистой удирдан зохион байгуулах үйл ажиллагаа явуулснаар тухайн нутгийн
иргэдийн амьжиргааны нөхцөл сайжрах чухал
ач холбогдолтой болохыг төслийн багийнхан онцлов.